Сүүлийн үед мөнгөө өсгөх хүсэлтэй хүмүүсийн хамгийн ихээр сонирхож буй хөрөнгө оруулалт нь АрдКойн. Блокчэйнд суурилан хийгдсэн Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн болох АрдКойны үнэлгээ нь өнөөдөр хагас тэрбум ам.долларт хүрэхийн зэрэгцээ хүмүүс шуурч, хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэллээ. Үүнийг тойрсон эргэлзээ хардлага байгаа ч богино хугацаанд мөнгөө өсгөх гэсэн хүмүүс урамшууллын оноотой болохын тулд амьдралаа “дэнчин”-д тавихаас ч буцахгүй дүр зураг харагдаж буй. Одоогоор хэн нэгэн хохироогүй ч ирээдүйд араасаа ямар их хохирол, эрсдэл дагуулахыг хэлж мэдэхгүй.
Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн долоо хоногт анхаарал татахуйц мэдэгдэл гаргасан юм. Уг мэдэгдэлд иргэд ирээдүйд эд хөрөнгөөрөө хохирч болзошгүй хэмээн анхааруулсныг энд тодотгоё. Мэдэгдэлд,
Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба цаашдаа үнэ цэнэ өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь ирээдүйд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй хэмээжээ.
Иргэдэд сэрэмжлүүлсэн уг мэдэгдлийг “Ард санхүүгийн нэгдэл” компанийн захирал Ч.Ганхуяг эсрэгээр нь тайлбарлажээ. Тэрбээр "АрдКойн Ард санхүүгийн нэгдлийн үйл ажиллагааны орлого болон ирээдүйн орлогоос гадна хөрөнгөөр баталгаажсан гэж ойлгож болно. Иймд хөөс биш. Манай АрдКойнд итгэж болно. Монголчууд цахим шилжилт гэж хоосон ярих биш хийх ёстой. АрдКойн хүнийг хохироох үндэслэл байхгүй. Ямар ч аюулгүй. Өнөөдрийг хүртэл хүн хохирлоо гэж надтай нэг ч хүн холбогдоогүй. Шалтгаан нь, би хэнийг ч хохироогоогүй. Учир нь, Ард санхүүгийн нэгдэл өөрийнхөө орлогын тодорхой төсвийг гаргаж бид тодорхой хувиар сар бүр худалдан авч, дараагийн хүмүүстээ өгдөг. Ард лайфын хоёр хувийн дансанд мөнгө хийхэд бид 2 хувийг нь буцаан олгоно. Бүгд супер ашиг хийдэг. Дансанд хийсэн мөнгөний хэмжээ чухал биш. Та худалдаж ав, хадгал, март хэмээжээ.
Түүний хэлснээр нэг сая төгрөгөөр урамшууллын оноо авсан хүн сарын дотор 10 сая, нэг тэрбумаас 1.3 сая 355 тэрбумын ашиг олсон гэх. Үүнийг сонсоод хэний ч “хорхой” хүрэх нь мэдээж. Гэхдээ “үнэгүй юм хавханд л бий” гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Мөнгөө богино хугацаанд өсгөхийн тулд эд хөрөнгөөрөө хохирч амьдралаа сүйрүүлсэн маш олон жишээ бий. Гэвч могойны зураг шэйрлэж, “аз аз” гэж бичээд л мөнгөтэй болно гэж итгэдэг гэнэн монголчууд одоо ч бусдаасаа сургамж авахгүй, цахим мөнгө, луйвар, сүлжээний бизнесийн хохирогч болсоор. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2017 онд Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” сүлжээ нь 11.398 хохирогчтой. Нийт 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Түүчнчлэн монголчууд биткойныг сонирхож эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Цахим мөнгөний бирж болох trade.mn-д данстай болсон хүн 1000 давсан. Энэ нь бас л богино хугацаанд мөнгөтэй болох аргын нэг. Ийм аргаар мөнгөтэй болох гэсэн хүмүүс их байдаг нь фэйсбүүкэд түгээмэл. Жишээ нь, “PI нь одоогоор 1.8$ буюу Монгол мөнгөөр 5130 болж байна. Энэ оны гуравдугаар сарын дундаас худалдаанд гарч эхэлнэ. Мөнгө, Дата үрэхгүй, Сүлжээний бизнес биш. Миний таамгаар үнэ нь цаашдаа өсөөд явна амжиж олон пи цуглуулаарай” гэх зарын дор “мэдээлэл сонирхъё” гэсэн маш олон сэтгэгдлийг харж болно.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө Хадгаламж зээлийн хоршоонд мөнгө хадгалуулж, их хэмжээний ашиг олох гэсэн гэнэн бодлоосоо болж, хохирсон олон мянган хохирогч бий. Санхүүгийн энэхүү луйврыг нь зогсоох оролдлого хийсэн хүн амь насаа ч алдсан. Хохирлыг барагдуулах асуудал 10 гаруй жилийн турш яригдаж байгаа ч бас эцэслэгдээгүй явж буй.
Мөнгөө богино хугацаанд өсгөх зорилготой залилуулсан хүний 70 хувь нь өөрийнхөө мөнгөөр биш, хүнээс зээлж авсан мөнгөө залилуулсан байдаг аж. Хүнээс мөнгө зээлж түүнийгээ өсгөж дундаас нь ашиг олно гэсэн хялбар бодлоосоо болж иргэд энэ хэргийн золиос болдог байна. Хэн нэгэн их хэмжээний мөнгөөрөө биткойн, урамшууллын оноо худалдан аваад алдлаа гэхэд хариуцлага хүлээлгэх боломжгүй болохыг ч цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Аливаа зүйлд хэт туйлширч, амар хялбар аргаар мөнгө олно гэх бодлоос үүдэн гарч болох эрсдлийг хэн нэгэн биш та л өөрөө үүрдэг гэдгийг сануулъя.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ