МАН УИХ-ын нөхөн сонгуулийг хойшлуулах уу?

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

МАН УИХ-ын нөхөн сонгуулийг хойшлуулах уу?

МАН УИХ-ын нөхөн сонгуулийг хойшлуулах уу?

УИХ-ын 2020 оны сонгуулийн 28-р тойрог /Сонгинхайрхан дүүрэг/-т 3 мандатын төлөө 20 гаруй нэр дэвшигчид өрсөлдөхөд МАН-ын гишүүн Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нар сонгогдсон. Гэвч тус тойргоос УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс түдгэлзэж, Нийслэлийн Засаг даргаар томилогдсон учраас дээрх тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах шаардлага үүсч, хугацааг товлосон юм.

28-р тойрогт зохион байгуулах нөхөн сонгуулийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгахаар УИХ шийдсэн ч эрх баригч намын дотоод улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилж магадгүй нь. Учир нь, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор МАН, МАХН-тай эвсч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг 28-р тойрогт нэр дэвшүүлэх тохиролцоо хийгдэж байгаатай холбоотойгоор эрх баригчид дотор зөрчил үүссэн бололтой.

Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгах байсан нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сард зохион байгуулах талаар ч МАН-ын удирдлагын түвшинд яригдаж эхэлжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нөхөн сонгуулийг зургаа, аравдугаар саруудад зохион байгуулах зохицуулалттай учраас ийн хойшлуулж магадгүй байна.

УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-д нөхөн сонгуулиар нэг суудал авах асуудал нэн чухал биш байж болох ч бусад улс төрийн хүчинд боломж олгох сонирхол эрх баригчдад байхгүй. Хэрэв УИХ-д нэг суудалтай МАХН-тай эвсэхээр бол 28-р тойргийг Н.Энхбаярт “бэлэглэхээс” өөр сонголтгүй болно. Эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяртай “нэгдэх” нэрийн дор МАХН-аас хэн нэгнийг өрсөлдүүлэхгүй байх сонирхол өндөр ч эсрэгээрээ МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон С.Ганбаатар гишүүн энэ тхоиолдолд намаасаа түдгэлзээд бие даагч болно хэмээн шахаанд оруулж буй.

Одоогоор МАХН, МАН ч албан ёсоор нэгдэх үү, Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч орох уу гэдэг дээрээ тохиролцоогүй, тохиролцохгүй ч байж магадгүй энэ цаг үед нөхөн сонгуулийг хойшлуулах асуудал Тусгаар тогтнолын ордноос дуулдах болсон нь сонирхол татаж буй. МАН, МАХН эвсэх, нэгдэхээс хамаараад нөхөн сонгуулийг хойшлуулах асуудал хөндөгдөж байгаа нь ганц үнэн.

СХД-ИЙН НӨХӨН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД

УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болох сонирхол олон хүнд, намд бий. Нөхөн сонгууль хойшлох эсэхээс ч олон зүйл хамаарна. Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвших, ялах магадлал өндөртэй хүмүүсийн тоонд МАН-аас хөөгдсөн С.Мөнхчулуун багтаж байсан ч МАН-ын генсек түүнд “хадаг” барьж, намынх нь гишүүнчлэлийг нь сэргээчихсэн. Тиймээс С.Мөнхчулуун энэ удаад өрсөлдөхгүй. Харин МАН-аас Сонгинорхайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар өрсөлдөх сонирхол өндөр. Гэхдээ МАХН-тай нэгдэх, эвсэх асуудал яригдвал тэдний хэн нь ч биш Н.Энхбаярын хүү Э.Батшугар өрсөлдөнө гэсэн үг. Энэ мэтчилэн эрх баригч нам дотор хэнийг өрсөлдүүлэх вэ гэдгээс өмнө тохиролцох, шийдвэр гаргах улс төрийн шийдлүүд олон байгаа.

Түүнээс гадна Ардчилсан нам УИХ дахь гишүүдийнхээ тоог нэмэх сонирхол их байгаа. Гэхдээ одоогоор Ардчилсан нам нөхөн сонгуулиас өмнө намын даргаа томилж чадвал гэдэг хүлээлт бий. Хэрэв намын даргаа томилж чадвал нөхөн сонгуульд өрсөлдөгчөө тодруулаад өрсөлдөх боломж нь бүрдэнэ. Тус намаас өнгөрсөн 2020 оны сонгуулиар нэр дэвшиж байсан Г.Очирбат, О.Магнай нар өрсөлдөж магадгүй аж.

Бусад улс төрийн хүчний хувьд ч нөхөн сонгуульд өрсөлдөж, нэг суудалтай болох хүсэл бий. Гэхдээ хэнийг дэвшүүлэх, аль аль нам нөхөн сонгуульд оролцох вэ, нөхөн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явах эсэх гээд нөхөн сонгуулиас өмнөх олон улс төрийн алхмуудаас шалтгаална.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж