"ОХУ-аас сар тутам 200-250 мянган тун вакцин авахаар яриа хэлцэл хийж байна"

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

"ОХУ-аас сар тутам 200-250 мянган тун вакцин авахаар яриа хэлцэл хийж байна"

"ОХУ-аас сар тутам 200-250 мянган тун вакцин авахаар яриа хэлцэл хийж байна"

ОХУ-ын “Спутник-V” вакцины үйлдвэрлэл, хэрэглээ, зөвшөөрөл, бүртгэл зэрэг тус вакциныг тойрсон асуудлаар өнөөдөр (2021.03.04) цахим ярилцлага болов. ОХУ-ын хамтын ажиллагааны "Россотрудничество" агентлагийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас зохион байгуулсан энэхүү ярилцлагад Монгол Улс, ОХУ-ын сэтгүүлчдийн байгууллага, Монголын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг болон "Монгол Эмимпекс концерн", "Интермед" эмнэлгийн төлөөлөгчид, хоёр орны эмч, анагаах ухааны эрдэмтэд оролцлоо.

Манай улс COVID-19-ийн эсрэг ОХУ-ын гарган авсан "Спутник-V" вакциныг өнгөрсөн сарын 27-нд хүлээн авсан бөгөөд тус вакциныг хүлээн аваад буй дэлхийн 23 дахь улс болсон билээ.

Тус уулзалтыг "Россотрудничество" агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга А.Р.Базархандаев нээж "Спутник-V" (өөр нэр нь "Гам-КОВИД-Вак") вакцины талаар мэдээлэв. Түүний хэлснээр, тус вакцин нь анх өнгөрсөн оны наймдугаар сарын 11-нд ОХУ-д бүртгэгдэн гарснаар COVID-19 цар тахлын эсрэг дэлхийн анхны бэлдмэл болжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас дотооддоо дархлаажуулалтад хэрэглэж эхэлсэн "Спутник-V" вакциныг өнөөдөр ОХУ-д Гамалейн хүрээлэн болон "Биннофарм", "Фармсинтез", "Р-Фарм", "Биокад", "Генериум" зэрэг хэд хэдэн компанид үйлдвэрлэж байгаа аж. Хойд хөршид өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн вакцинжуулалтад эхний ээлжинд эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнууд, багш нарыг хамруулж, улмаар энэ оны нэгдүгээр сарын 18-наас хүн амын бусад бүлгийг хамруулж эхэлснээр бүх нийтийг хамарсан шинж чанартай болон амжилттай явагдаж буй юм байна.

ОХУ-д өнөөдрийн байдлаар "Спутник-V" вакциныг оролцуулаад Новосибирскийн "Вектор" төвийн "ЭпиВакКорона", М.П.Чумаковын нэрэмжит эрдэм шинжилгээний төвийн боловсруулан гаргасан "КовиВак" гэсэн гурван нэрийн вакциныг албан ёсоор бүртгэн, улс дотроо болон олон улсад дархлаажуулалтад хэрэглэж байгаа аж. ОХУ сэтгүүлчдээ вакцинжуулалтын эхний ээлжинд хамруулан дархлаажуулж эхэлжээ.

ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийн доктор Курбан Аитов "ОХУ Covid-19 төрлийн ижил болон бусад халдварын эсрэг үйлчилгээг 50 жилийн өмнөөс судалж эхэлсэн, вакцин гарган авах, хөгжүүлэхэд түүнээс их хугацаа зарцуулсныг онцлоод, тус улсын гаргаж буй халдварын эсрэг вакцинуудаас ноцтой хор уршиг бүхий урвалын шинж тэмдэгүүд болон эсрэг үйлчилгээ гараагүй, илрээгүйг тодотгов.

Уулзалтад оролцсон анагаах ухааны доктор, эрүүл ахуйч эмч Х.Жамбалмаа "Манай улс олон төрлийн өвчнийг анагаахад хүүхэд багачуулаасаа эхлээд ОХУ-ын вакциныг олон жил хэрэглэж ирсэн улс" гэж онцлов.

Уулзалтын үеэр "Спутник-V" вакциныг эх орондоо нийлүүлсэн "Монгол Эмимпекс концерн" ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Мөнх-Эрдэнэ "Спутник-V" вакциныг авах талаар аравдугаар сараас ОХУ-ын холбогдох байгууллагатай холбогдож харилцаж эхэлсэн. Үйл явц амар байгаагүй. Хамтын ажиллагаа аяндаа бий болж Монгол Улсын Засгийн газрын захиалгаар ЭМЯ-тай ярилцан гэрээ хийж "Спутник-V" вакциныг эх орондоо нийлүүлэхэд оролцож, оруулж ирээд байна.

Нийт 20 мянган тун оруулж ирэхээс эхний хэсгийг нийлүүлж, дараагийнхыг гуравдугаар сарын 10 гэхэд хүлээн авна. Цаашид сар тутамд 200-250 мянган туныг оруулж ирэхээр яриа хэлцэл хийж байна. Манай улсад хүн амаа аюулт халдварт өвчнөөс сэргийлж дархлаажуулахад вакцины эрэлт хэрэгцээ их байгааг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс бид, манай улс хэрэгцээт вакцинаа ОХУ-аас авч чадна гэдэгт итгэлтэй байна" гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж