АНУ-ын “Freedom House” төрийн бус байгууллага дэлхийн улс орнуудыг ардчилал, эрх чөлөөний үзүүлэлтээр нь эрэмбэлж, “Freedom in the World 2021” индексийг гаргажээ. Ингэхдээ улс орнуудыг "эрх чөлөөтэй", "хагас эрх чөлөөтэй", "эрх чөлөөгүй" гэсэн гурван ангилалд хуваасан байна.
Энэхүү тайланд Монгол Улс улс төрийн эрх үзүүлэлтээр 40-өөс 36 оноо, иргэний эрх чөлөө үзүүлэлтээр 60-аас 48 оноо авч, нийлбэр дүнгээр 100-гаас 84 оноо авснаар “эрх чөлөөтэй орон” ангилалд багтжээ. Энэ нь Ази тивээс Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Израил, Зүүн Тимор улсуудтай адил хэмжээнд буюу бүс нутагтаа тэргүүлэх эгнээнд багтаж байна гэсэн үг юм.
Дэлхий дахинд сүүлийн 15 жилийн турш хүний эрхийн үзүүлэлт нь муудсан орнуудын тоо нэмэгдэж, сайн үзүүлэлтүүд нь буурч байгааг Freedom House байгууллага энэ жилийн тайландаа анхааруулсан байна. 2006 оноос эхэлсэн энэ хандлага цар тахлаас үүдэн 2021 онд хамгийн дээд цэгтээ хүрснийг тайланд онцолжээ. Тиймээс энэ жилийн тайлангаа “Democracy under Siege” буюу “Бүслэлтэд байгаа Ардчилал” гэж нэрлэсэн байна.
Ардчиллын өлгий гэгддэг АНУ 2010 оноос 2020 оны хооронд 11 оноогоор буурсан үзүүлэлттэй байгаа аж. Тус улс ийнхүү хүний эрхийн үзүүлэлтээр буурсныг улс төр дэх авлига, ашиг сонирхлын зөрчил, Засгийн газрын ажлын уялдаа холбоо муу байдал, цагаачлал болон орогнолын хатуу бодлого зэргээс болсон гэж дүгнэжээ.
Эх сурвалж: FREEDOMHOUSE.ORG