АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй, Хөгжлийн Шийдэл ТББ-ийн хэрэгжүүлж буй “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цар тахлын хүнд хэцүү үед бизнесээ амжилттай удирдан явуулж буй дөрвөн хөдөлмөрч эмэгтэйчүүдийн амжилтын түүхийг цуврал болгон толилуулж байна.
Технологийн дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийн үед хамгийн эрэлттэй мэргэжил эзэмшсэн хэдий ч түүгээрээ ажиллахгүй тэс хөндлөн салбарт хүч үзэж яваа энэ бүсгүйг Ганбадрахын Чанцалдулам гэдэг. “Даргиад найман шарга” ХХК-ийн захирал тэрбээр гэр бүлийн хамт “Цагь” брэндийн ээзгийний ширгээмэл гэх монголдоо цор ганц бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд хоёр жилийг ардаа үджээ.
Програмист мэргэжилтэй басхүү салбартаа чамлахааргүй амжилттай ажиллаж байсан тэрбээр өдгөө цагаан идээ боловсруулах салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж буй. Бизнес эрхлэгчдэд тулгардаг олон асуудалтай нүүр тулсан ч буцахгүй, ухрахгүй зүтгэж буй нь түүний, гэр бүлийнхнийг нь аавдаа өгсөн амлалттай холбоотой. Аавынхаа үүсгэн байгуулсан компанийг, аавынхаа гаргасан орц найрлагыг нь гаргасан бүтээгдэхүүнийг олон хүнд таниулж, ашиг тусыг нь хүртээхээр тэрбээр өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж байна.
Энэ талаараа тэрбээр “Манай ээж цагаан идээгээрээ алдартай Архангай аймгийн Чулуут сумын уугуул. Ээж, аав маань 2006 оноос эхлээд намар нутагтаа очиж цагаан идээ бэлтгэж, Улаанбаатар хотод авчирч борлуулдаг байсан. Тухай үед зургаан төрлийн бүтээгдэхүүн хийдэг байсан. Оюутан байхад маань эхэлсэн гэр бүлийн жижигхэн бизнест хувь нэмрээ оруулаад л явдаг байлаа. Эдгээр бүтээгдэхүүн дундаас ээзгийний ширгээмэл гэдэг бүтээгдэхүүний орц найрлага, технологийг аав маань гаргасан. Хүмүүс ам сайтай, дараа дахин худалдан авах хүсэлт ихээр ирдэг байсан. Зах зээлд яг ийм төрлийн бүтээгдэхүүн байхгүй учраас үүнийгээ цааш нь жилийн дөрвөн улиралд гаргаж, үйлдвэрлэл явуулах нь зүйтэй гээд 2019 оны тавдугаар сараас өрхийн аж ахуйгаа эхлүүлэн, компаниа байгуулж байсан” хэмээн ярьсан юм.
Ийнхүү гарааны цэгээ тогтож, бизнес нь эхлээд удаагүй байтал аав нь бурхан болжээ. Өөд болохынхоо өмнө өөрийнхөө технологийг нь гаргаж өгсөн ээзгийний ширгээмлийг илүү олон хүнд хүргэж, өргөжүүлэхийг гэр бүлдээ захин үлдээж айлын ууган охин Г.Чанцалдулам аавынхаа захиасыг биелүүлэхээр бас органик, ач тустай бүтээгдэхүүнээр монголчуудаа хангахаар ажиллаж байна.
Монголдоо анхдагч ээзгийний ширгээмэл бүтээгдэхүүний тухайд ээзгий, зөөхий, шар тос, элсэн чихэр, овъёосоор уламжлалт ээзгийний хатуу чанарыг зөөлрүүлж, идэхэд хялбар, илүү амттай болгожээ.
Бүтээгдэхүүнийхээ талаар Г.Чанцалдулам “Ааруул, аарц зэрэг уламжлалт бүтээгдэхүүнд инноваци шингээж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Харин ээзгийг ийнхүү инноваци шингээж, өдөр тутамд хэрэглэхэд хялбар болгосон өөр газар байхгүй. Хүүхдээс эхлээд хөгшчүүд л ч идэж болохоор. Өег, өвөрмөц гоё амттай. Хадгалах бодис оруулаагүй учир эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Ээзгий хийхийн тулд шар сүүг нь ширгэтэл буцалгадаг учир сүүний ашиг шимт бодисууд, эрдэс бодис гээд бүгд шингэдэг. Манай бүтээгдэхүүн элэг цөсний үйл ажиллагаанд сайн. Зажилж идэхэд шүдэнд сайнаас гадна кальциар баялаг гээд олон талын ач тустай” хэмээн тайлбарласан.
Бүтээгдэхүүн хэдий сайн байлаа гээд бизнест хөрөнгө оруулалт, цаашдын төлөвлөгөө чухал. Тиймээс Г.Чанцалдулам хөрөнгө оруулалт авахаар 2019 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн шалгаруулалтад төсөл бичиж байжээ. Тухайн жилдээ эхний шалгуурыг давсан боловч, хоёр дахь шатандаа авсан оноо нь хүрээгүй байна. Сангаас зээл авч чадаагүй тул бизнесээ үргэлжлүүлэн явуулахын тулд банкнаас зээл авч, бичсэн төслөө 64 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлжээ. Харин дараа жил нь дахин төсөл бичиж, зээл авч чадсан байна. Гэхдээ зээл авах хүртэл зам дардан байсангүй.
Тэрбээр ЖДҮХС-ийн зээл зарлагдсан яг тэр үед АНУОХА-ын санхүүжилттэй BEST хөтөлбөрөөс танилцуулж буй мэдээллийн FB лайвыг үзжээ. Зээлтэй холбоотой зөвлөгөө тусламж үзүүлж байна гэсний дагуу очиж уулзсан бөгөөд гарын авлага зэрэгхэн өгөөд л болох юм байна гэж бодтол сургалтуудад суух санал тавьсан байна. Ингээд харилцагч болж 2020 оны тавдугаар сараас бизнес төслөө сайжруулахаас эхлээд бүхий л цаг үед нь санхүүгийн зөвлөгөө, тусламж авснаа зээлийн шалгаруулалтад тэнцэж, өнөөдрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нөлөөлсөн хэмээж байв.
Зээл авснаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ илүү өргөжүүлэх боломж олдсон. Цаашид нэмж хоёр төрлийн бүтээгдэхүүн хийхээр ажилдаа ороод байна. Хэд хэдэн төрлийн шинэлэг ааруул, хайлмаг хийхээр төлөвлөсөн. Чихэр, шоколадны цуглуулга гэдэг шиг монгол амттаны цуглуулга хийхээр төлөвлөж байна.
Энэ талаар тэрбээр хэлэхдээ “ Ер нь бол ЖДҮХС-ийн зээл авсан маань Хөгжлийн шийдэл ТББ, Бэст хөтөлбөртэй маань л холбоотой гэж боддог. Төсөл хэрхэн бичих, хэрхэн танилцуулах, санхүүгээ хэрхэн зохицуулахаас эхлээд дижитал маркетингийн сургалтад хүртэл суусан. Өмнөх төсөл дээр алдсан алдаануудаа бүгдийг нь залруулж, төслөө зөвлөхөөрөө хянуулж, тэрний дагуу засварлаж явсаар зээл авч чадсан. Мэдэхгүй, чадахгүй, өмнө нь огт бодож байгаа зүйлсийг сургаж өгсөн. Магадгүй би сургалтад хамрагдаагүй, зөвлөхүүдтэйгээ уулзаагүй бол энэ жил ч дахиад л зээл авч чадахгүй байсан байх. Мэдэхгүй зүйлээ очоод асуухад маш сайхан зөвлөгөө өгдөг. Яг яахаа мэдэхгүй, төөрч будилж явахад яг л тэр чиглэлийн сургалтуудыг зарлагдаад байдаг. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг мэдэрч сургалтын хөтөлбөрөө гаргадаг юм шиг санагдсан. Цаанаа л нэг түшигтэй, нөмөр нөөлөгтэй. Мэдэхгүй чадахгүй зүйл гарвал асуугаад түүндээ хариулт авна гэсэн итгэлтэй байдаг. Бид зөвхөн нэг талаас бус зөвлөхүүд маань залгаад юу болж байна, яаж байна гэж үргэлж санаа тавьж байдаг тул бүгдэд нь талархаж явдгаа илэрхийлмээр байна” хэмээж байв.
Аавын маань үлдээсэн, өвлүүлсэн зүйл учраас юу ч болсон үүнийг үргэлжлүүлж, амжилтад хүргэнэ гэсэн аавдаа амлалт өгсөн учраас ядрах, шантрах эрхгүй. Хэцүү, больмоор үе байсан ч одоо эргэлзэх зүйл байхгүй. Аавдаа өгсөн амлалтаа биелүүлж, улам өргөжүүлж ажиллана хэмээн тэрбээр итгэл дүүрэн хэлж байлаа.
Эртний монгол хэлээр идээ ундааны дээд гэсэн утгатай Цагь нэртэй ээзгийний ширгээмэл цаашид улам олон “дүү”-тэй болохоор, органик, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй монгол амттанг Монголчуудад хүргэхээр ажиллаж буй Г.Чанцалдулам “Танай бүтээгдэхүүний амтанд орчихлоо, ёстой гоё шүү. Улам илүү хичээгээрэй” гэх хэрэглэгчдийн үгнээс урам зориг авч, хичээнгүйлэн ажиллаж байна.
Холбоотой мэдээ