АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр (2021.03.04) ээлжит бусаар цахимаар хуралдаж, АН-ын Үндсэн дүрмийн 3, 5, 6-р бүлгийн тодорхой заалтуудад оруулж буй нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн дэмжжээ. Мөн АН-ын Хэвлэл мэдээлэл, Пи Ар хариуцсан дэд даргад Ц.Оюундарь, Улс төрийн асуудал хариуцсан дэд даргад О.Чулуунбилэг нарыг нэр дэвшүүлж, ҮБХ-ны гишүүдийн олонхийн саналаар томиллоо.
АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр "Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал хүнд байна. Covid-19-ffр далимдуулсан эрх баригчдын дураараа авирлалт, хуйвалдаан газар авлаа. Тиймээс АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, эв нэгдлээ хангах шаардлагатай байна. АН-ын даргын сунгаа болж, намын дараагийн дарга албан ёсоор сонгогдсон тохиолдолд АН-ын тамгыг дараагийн шинэ даргад хүндэтгэлтэйгээр гардуулж өгнө. Тэр болтол элдэв төөрөгдөл үүсэлгүй намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг гишүүддээ уриалж байна. Улсын Дээд шүүх болон УБЕГ-д нэг л АН бүртгэлтэй, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн намын даргаар Содномзундуйн Эрдэнэ миний бие ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье” гэж хэлсэн байна.
АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Гуравдугаар сарын 12-ноос 26-ны хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдах юм. Ингэхдээ нэр дэвшигчид сурталчилгаагаа зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулна. Гуравдугаар сарын 28-ны өдөр АН-ын шинэ дарга тодорно.
Холбоотой мэдээ