500 тэрбум салхинд хийсгэх вий!

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

500 тэрбум салхинд хийсгэх вий!

500 тэрбум салхинд хийсгэх вий!

Эдийн засаг хямарсан үед хоёр сарын сургалтад хамрагдаад нэг сая төгрөгийн тэтгэлэг авахыг хүсэхгүй хэн байх билээ. Давхар ажлын байранд зуучлах тул цар тахлын үед олдохгүй ховор боломж юм.

Засгийн газраас 500 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн учраас хүн бүр л гэрийн мухар сахиж суугаа ажилгүй нэгнээ уг хөтөлбөрт хамруулахыг зорьж байна.

Гэвч хүнсний талон авдаг өрхийн гишүүнийг сургалтад хамруулах “болзол шалгуур” тавьсан нь шүүмжлэл дагуулах шинжтэй.

Цар тахлаас болж хэдэн зуугаараа ажлын байргүй болсон тул хүнсний талонд хамрагддаг эсэхээр нь ч болов эрэмбэлээд сургалтад хамруулаад ажилтай болговол буруу юу байх вэ.

Монголд өнөөдөр халамжаар амьдрахыг хүсэгчид дэндүү олон болсон. Төрөөс үзүүлдэг 70 гаруй төрлийн халамжийн үйлчилгээг давхардсан тоогоор 2 сая шахам иргэн авдаг гэсэн статистик мэдээлэл бий. Харин хүнсний талоныг өнгөрсөн хоёрдугаар сард улсын хэмжээнд 43 мянган өрхийн 230 мянга гаруй иргэн авсан нь хэр их хэмжээний ачаалал татвар төлөгчдийн нуруун дээр ирж байна вэ гэдэг тодорхой харагдана. Тиймээс хөдөлмөрлөх боломжтой бүлгийг эхний ээлжинд ажилтай болгох нь Засгийн газрын хувьд зөв менежемент.

Хамгийн гол нь багадаа зургаан сар, цаашлаад 2.5 жил суралцаж, мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг тогтолцоогоо Засгийн газар нураах вий гэдэг болгоомжлол төрүүлж эхэлсэн нь анхаарал татаж буй юм.

Учир нь хоёр сарын сургалтад суусан хүн шууд ажлын талбарт гараад “хар бор” ажил хийхэд бэлтгэгдсэн байж чадах уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тайлбарласнаар, сургалтад хамрагдсан залуус Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төсөл болох Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, Богдхан төмөр зам, “Залуус-1, 2, 3” орон сууцны төсөл дээр ажиллах хүчин болж очно.

Тодруулж хэлбэл, төмөр зам, барилга байшин барихад хар бор ажлыг нугалах хүмүүс наад зах нь хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллахад суралцсан байх ёстой.

Гэтэл тэд хоёр сарын хугацаанд суралцана. Барилгын туслах ажилтнаар бэлтгэгдэх залуу шавраа олигтойхон зуурчихдаг, хөдөлмөр аюулгүй байдлын дүрмийг чанд сахиад, өөрийгөө болон хамтран ажиллагсдаа аюулд оруулахгүй байхад бэлтгэгдэх ёстой. Энэ бол наад захын мэргэжилтэй ажилтны гарт орсон байх ёстой ажил.

Харин одоо хоёр сарын хугацаанд энэ мэт чадварыг суралцагч эзэмшиж чадах уу гэдэгт Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш нар эргэлзэж байна. Сайн үсчин, гуталчин, гоо сайханч бэлтгэе гэвэл хоёр сар байтугай 2.5 жил ч багаддаг аж.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд өнөөдөр 30 мянга гаруй залуус суралцаж байгаа ч цар тахлын улмаас практик хичээл хийх боломжгүй болсон нь асуудал болж эхэлжээ. Статистик мэдээгээр Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцан төгсөгчдийн 60 хувь нь ажлын байраар хангагддаг нь практикт суурилсан сургалтын хөтөлбөрийнх нь үр дүн аж.

Өөрөөр хэлбэл, их, дээд сургуульд 4-6 жил суралцан төгсдөг залуустай харьцуулахад Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагсад нь ажлын байраар хангагдах талаараа илүү өндөр хувьтай гардаг нь нэгд, хөдөлмөрийн зах зээлд энэ талын ажиллах хүчин дутагдалтай, нөгөө талдаа сургах шаардлагагүйгээр шууд ажил хийх боломжтой байдаг нь давуу тал болдог аж.

Одоо хоёр сарын сургалтад хамрагдаж, сертифкат авсан залуус ажлын байранд шууд очоод ажиллаж чадах уу гэдгийг дахин эргэцүүлж үзэхийг хүсье.

Төр нь ажил олгогч нарт гологдсон ажилтнуудыг хэдэн зуугаар нь “үйлдвэрлэвэл” татвар төлөгчдийн мөнгө үргүй зарцуулагдана, зорилтот бүлгийнхнийг ажилтай болгох зорилгодоо ч хүрэхгүй.

Төсвөөс энэхүү хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөсөн 500 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш шүү дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж