"Гоодаль цэцэг яг загвар өмсөгчтэй адилхан"

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

"Гоодаль цэцэг яг загвар өмсөгчтэй адилхан"

"Гоодаль цэцэг яг загвар өмсөгчтэй адилхан"

Урин хаврын энэ өдрүүдэд өнгө өнгийн цэцэгс дэлгэрсэн нэгэн гоёмсог үзэсгэлэнд саатаарай. Энэ бол “Монгол арт” галерейд өчигдөрхөн (2021.03.03) нээлтээ хийсэн Л.Даваанямын “Хээнцэр цэцэгс” нэртэй бие даасан үзэсгэлэн юм.

Тэрбээр Монгол орны үзэсгэлэнт сайхан байгаль тэр дундаа гоёмсог, чамин, хээнцэр цэцэгсийг уран зурагт дүрслэхийг эрмэлздэг нэгэн. Гоодаль, цээнэ, вансэмбэрүү гээд түүний энэ удаагийн үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэгджээ.

Монголын Урчуудын эвлэлийн гишүүн зураач, Соёлын тэргүүний ажилтан, залуу зураач Л.Даваанямтай ярилцсанаа хүргэе.


Юуны өмнө өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. Өмнө нь 2016 онд “Цэцгэн зүйрлэл” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан санагдана?

-Та бүхэнд баярлалаа. Би энэ удаа дөрөв дэх цэцгийн үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэ жил “Хээнцэр цэцэгс” үзэсгэлэнгээ “Монгол арт” галерейн танхимд дэлгэж байна. Нийтдээ 50 гаруй уран бүтээл багтсан.

-Цэцэгсийн сэдэвтэй дөрөв дэх үзэсгэлэн гэлээ. Бие даасан хэд дэх үзэсгэлэн бэ?

-Миний бие даасан тав дахь үзэсгэлэн. Зөвхөн цэцгээр дагнаж буй дөрөв дэх удаагийн үзэсгэлэн л дээ. Цаашдаа энэ үзэсгэлэнгээ жил бүр уламжлал болгон гаргах төлөвлөгөөтэй байна.

-Цэцэгсийг эмэгтэй хүнтэй зүйрлэх нь бий. Таны хувьд яагаад заавал цэцэг сонгов?

-Цэцэг бол үнэхээр чамин тансаг ургамал. Хүний амьдралын хайр дурлал, баяр жаргал, зовлон гуниг, үхэл хагацал гээд бүхий л мөчүүдэд цэцэг байдаг. Тийм учраас би цэцгийг бурхны нүд гэж хардаг. Би цэцэгс зурах маш их дуртай. Зурж байгаа цэцэгс маань айл болгонд чимэг болж, аз жаргал бэлгэдэж байгаасай гэж хүсдэг дээ. Эмэгтэйчүүд нандин, маш эмзэг хүмүүс. Яг л цэцэгтэй адилхан.

Энэ утгаараа жил жилийнхээ үзэсгэлэнгээ илүү мэргэжлийн түвшинд ахиулж, зургаа зурахыг хичээдэг. Цэцэг маш олон төрөлтэй. Жишээлбэл, цээнэ цэцэг нь дотроо цагаан, ягаан цээнэ гэж байдаг. Энэ цэцэг охинтой айлд их сайн гэдэг юм билээ. Би энэ удаагийн үзэсгэлэндээ гоодаль цэцгийг зурсан. Энэ цэцэг нь цэцэгс дундаас “Намайг хэн гүйцэх вэ” гэсэн шиг эгц дээшээ ургадгаараа онцлог. Хүнээр бол яг загвар өмсөгчтэй адилхан гэсэн үг.

-Таны бүтээлүүд ихэвчлэн хурц тод, гэгээлэг өнгөтэй байдаг?

-Өнгө олон янз. Өвгөн өнгө буюу соцреализм гэж бий. Өнгө өөрөө тухайн цаг үеэ тодорхойлж байдаг. Тэр утгаараа залуу өнгө нь яг өнөөгийн нийгмийн өнгийг тодорхойлдог. Хэрвээ миний цэцэгсийг соцреализмын өнгөөр будвал сонин харагдана. Уран бүтээлч хүн ямагт цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах ёстой л доо.

Ер нь хар бараан өнгөөр илэрхийлсэн зураг байдаг уу?

-Байлгүй яах вэ. Улаанбаатар хотын томоохон зочид буудлуудад миний уран бүтээлүүд олон бий. Сэдвийн хувьд тухайн газартайгаа ярилцаж байгаад сонгодог. Миний хувьд дан ганц цэцэг зурахаас гадна үзэсгэлэнт байгаль, хүний хөрөг зурдаг. Би хар бараан энергитэй бүтээл зурдаггүй. Гэхдээ хар бараан өнгөн дотор зурдаг.

Таны хувьд уран бүтээлч болох гараагаа хэзээнээс эхэлсэн бэ?

-Манай аав, ээжийн ах дүүс зураач нар байдаг. Аавын талынхан маш гайхалтай хөгжимчин, хөгжмийн зохиолч, зураач, урчууд байдаг бол ээжийн ах, дүүс дунд маань бас их мундаг уран бүтээлч, зураач нар бий. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байна.

Би 10 жилийн сургуульд байхдаа бөхийн сургуульд сурч, дасгалжуулагч болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Тэгсэн 10 дугаар ангидаа “Хүүхдийн их наадам”-ын зургийн уралдаанд оролцож, алтан медалиар шагнуулсан. Тэр наадамд түрүүлэхэд “Их засаг” олон улсын их сургуулийн Дүрслэх урлагийн дизайн, технилогийн сургуулийн урилга дагалдаж ирсэн. Тэгээд л сургуульдаа зураач мэргэжлээр суралцаж, тэр цагаас хойш зураач болох замыг сонгосон доо.

-Бүтээлийнхээ санааг хэрхэн олж, зохиомжоо гаргадаг вэ?

-Ерөөсөө л мэдрэмж. Уран бүтээлч хүн хулгайн нүдтэй байх ёстой. Бусдаас авах юмаа авч чаддаг байх хэрэгтэй. Уран бүтээлч хүний тархи үргэлж сэдэв, санааг эрэлхийлж байдаг шүү дээ.

Үзэсгэлэнгээ гаргахын тулд дотроо асар их зүйлийг судалж, боддог. Миний хувьд бүтэн нэг жил бодож явсан санаагаа энэ удаагийн үзэсгэлэнгээрээ дэлгэж байна. Хүн аливаа зүйлийг хийхийн өмнө маш сайн бодох ёстой гэдэг. Сайтар бодсоны үр дүнд хар зургаа гаргачихаад зурахад амархан байдаг.

-Бүтээлээ эхлээд олон сар зурдаг хүн байхад хэдхэн хоногт дуусгачихдаг ч зураач бий. Таны хувьд зураг зурахад хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Би яг үнэндээ цэцэг ч бай, хүний хөрөг ч бай зургаа удаан зурахыг хүсдэггүй. Зарим хүмүүс 10, 20 жил бүтээлээ зурлаа гэх нь бий. Түүхэн судалгаатай том хэмжээний уран бүтээлд тийм хугацаа зарцуулж болно. Гэхдээ би тийм зураач биш. Миний хувьд цэцэг зурахдаа хамгийн удаан суусан нь таван цаг. Богинодоо 30 минутын дотор л цэцэг зурдаг. Хэмжээний хувьд янз бүр.

Тухайн уран бүтээлчийн арга техник маш чухал. Би 2004 оноос хойш 10 гаруй жил хөдөлмөрлөсний үр дүнд бусдаас арай өөр арга техниктэй болсон. Ингэж зурахын тулд асар их хөдөлмөр шаарддаг.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж