Арабын Нэгдсэн Эмират улсын дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дубайн эмир Мухаммед бин Рашид аль Мактумын охин, гүнж Латифа аавынхаа барьцаанд орсон тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд орж, хүний эрхийн байгууллагуудын санааг зовоосон сэдэв болоод байгаа билээ. Энэ удаагийн “Хүмүүс” буландаа гүнж Шэйха Латифа бинт Мохаммедыг онцолж байна.
Өдгөө 35 настай гүнж Шэйха Латифа бинт Мохаммед нь 1985 оны арванхоёрдугаар сарын 5-нд дэлхийн хамгийн чинээлэг боловч хамгийн хатуу шашинтай улсад язгууртны гэр бүлд төрсөн. АНЭУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Дубайн эмиратын захирагч Шэйх Мохаммед бин Рашид аль Мактумын хоёр дахь охин болж мэндэлсэн Латифа 16 настайгаасаа хойш Арабын ертөнцийн бурангуй, эмэгтэйчүүдийн эрхийг хааж боосон үзлийг эсэргүүцэж, удаа дараа эх орноосоо оргон зугтахыг оролдож байсан ч бүтэлгүйтсэн юм. Хамгийн сүүлд тэр 2018 онд хөрш Оман улсаар дамжин гэрээсээ оргож байгаад баривчлагдан, гэрийн хорионд орсон билээ.
Саяхан түүний эцгийнхээ барьцаанд орсноо илчилсэн бичлэг цацагдсан нь НҮБ болон бусад хүний эрхийг хамгаалагч байгууллагуудын анхаарлыг татсан. Тэрбээр ариун цэврийн өрөөнд бичлэг хийн, аавынхаа барьцаанд орсон тухайгаа ярьсан бичлэгээ найзууддаа илгээсэн нь өнгөрсөн сард олон нийтэд ил болсон. Аав нь түүний араас цэрэг явуулсан ба гүнж тэрсэлдсэн ч нойрны эм уулгаж унтуулан Дубайд авчирчээ. Улмаар битүү хамгаалалт бүхий байшинд хорьж, эмнэлгийн болон хууль зүйн туслалцаа авах боломжгүй байдалд орсон тухайгаа бичлэгтээ учирласан байна.
Хүний эрхийг хамгаалагчид гүнжийг хүчээр буцаасан явдлыг "хүн хулгайлах гэмт хэрэг" гэж үзэн, түүний амьд байгаа эсэхийг батлан харуулахыг НҮБ-аас шаардаж байгаа юм. Харин Арабын Нэгдсэн Эмират Улс цацагдсан бичлэгийг хуурамч хэмээгээд, “Гүнж өөрийн гэр бүлийнхэн болон эмч нарын халамжид байна. Бие, сэтгэл санааны байдал нь сайжирч байгаа тул удахгүй хэвийн амьдралд шилжих болно” хэмээн хариу мэдэгдсэн билээ.
Арабын ертөнцийн “алтан тор”-ноос оргосон нь
Арабын гүрнүүдийн мэдээлэл ихэвчлэн хаалттай байдаг тул тухайн үед Латифа гүнжид яг юу тохиолдсон талаар дэлхий нийт төдийлөн мэдэлгүй өнгөрсөн. Гэвч ВВС суваг 2018 онд “Дубайгаас зугтсан нь” хэмээх баримтат киног дэлхий нийтэд хүргэж байв.
Латифагийн эгч, гүнж Шамса Их Британид амарч явахдаа мөн зугтахыг хичээсэн ч баривчлагдан, өдий хүртэл хорионд, сэтгэц мэдрэлийн эмнэлгийн эмч нарын хяналтад байдаг талаар дээрх баримтат кинонд өгүүлжээ.
Латифа 16 настай байхдаа буюу 2002 онд “алтан тор”-ноос мөн зугтахыг хичээсэн ч хил дээр баригдаж, гурван жилийн турш хорионд байжээ. Эхний оролдлого бүтэлгүйтсэн ч дахин маш сайн зохион байгуулж оргохоор шийдсан байна. Арваад жилийн дараа буюу 2012 онд финлянд багш эмэгтэй Тийна Яухтияйнентай танилцаж, түүний танил, өмнө нь Францад тагнуулчаар ажиллаж байсан Эрве Жубертэй гэгчтэй харилцаа тогтоожээ. Тэд бүтэн зургаан жил оргох төлөвлөгөө боловсруулсан гэдэг. Гүнж Латифаг дурласан эртэйгээ оргон зайлахаар оролдсон гэж мэдээлсэн ч Эрве Жубер бол гүнжийг 400 мянган ам.долларын хөлсөөр оргуулах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлсэн хүн аж.
Төлөвлөгөөний дагуу Латифа 2018 оны хоёрдугаар сарын сүүлчээр финлянд багш эмэгтэйн хамт Оманы хил орчимд хүрээд, тэндээсээ завинд суун, Энэтхэгийн Гоа хотыг зорьсон байна. Жубер тэднийг Гоа хотын эрэг дээр хүлээж байжээ. Тэр гурав хэд хоногийн турш далайгаар аялсны эцэст Гоагийн эрэгт хүрэхээс ойролцоогоор 50 километрын зайд явж байгаад баригдсан аж. Чухам түүнээс хойш Латифагийн хувьд заяа тодорхойгүй байгаа билээ. Түүнийг суллахыг шаардсан хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс цахим сүлжээнд нэгдсээр байгаа ч гүнжийн талаар бодит мэдээлэл хомс хэвээр байна.
Холбоотой мэдээ