Адриана Лима
Фото: Calzedonia
Calzedonia брэндийн зуны улирлын шинэ рекламд Бразилийн супермодель Адриана Лима оролцлоо. Уг цуглуулгад янз бүрийн өнгөтэй зуны наранд шарлагын усны хувцаснууд оржээ. Зураг авалтыг гэрэл зурагчин Рассел Жеймс удирдлаа. Үүний өмнө брендийг Сара Сампайо, Кэмерон Рассел, Жизель Бундхен нар үзүүлж байсан юм. Энэ тухай уг компанийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Бразилийн супермодель зуны коллекцийн “нүүр царай ба бие галбир боллоо” гэж брэндийн төлөөлөгчид онцлов. Зуны цуглуулга дэгжин, дур булаам байх ёстой, түүнд Адриана Лима нийцэж байна гэж тэд хэлжээ.
Фото: Calzedonia
Victoria's Secret гэх дотуур хувцасны америк брэндийн “сахиусан тэнгэрүүд” гэх загвар өмсөгчийн нэг нь Адриана Франсеска Лима нь бразили бүсгүй юм. Карьерынхаа эхэнд тэрбээр 15 настайдаа Supermodel of the World гэдэг уралдаанд оролцоод хоёрдугаар байр эзлэн Elite агентлагтай гэрээ байгуулан Нью-Йоркт иржээ. Лима сүүлийн хэдэн жилийн турш models.com. сайтаас гаргадаг дэлхийн хамгийн дур булаам эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлж байна. Тэрбээр өнгөрсөн онд Жизель Бюндхен, Кара Делевинь нарын дараа жилдээ есөн сая долларын орлоготойгоор хамгийн өндөр цалин хөлстэй загвар өмсөгчийн чансааны гуравт бичигдэж байв. Адриана Лима буяны ажил үйлст маш идэвхтэй оролцдог.
Calzedonia компани бол оймс, усны хувцасны Италиийн үйлдвэрлэгч бөгөөд 1986 онд байгуулагджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР