Ардчилсан намын дараагийн дарга хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын дараагийн дарга хэн бэ?

Ардчилсан намын дараагийн дарга хэн бэ?

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос дараагийн даргаа тодруулах сунгааны бүртгэлээ өнөөдөр (2021.03.04) эхлүүллээ. 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш Ардчилсан нам дараагийн даргаа сонгохоор будилсаар өдийг хүрэв. Намын дарга С.Эрдэнэ сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, Ц.Туваанд намын даргын эрхийг түр шилжүүлсэн. Гэвч Ц.Туваан Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан хурал, дүрмийн өөрчлөлтийг хийсэн гэж маргалдсаар байгаа юм. Тиймээс С.Эрдэнэ Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ардчилсан намын албан ёсны даргаар бүртгэлтэй байгаа учраас намын даргын түр орлон гүйцэтгэгчийн хийж буй үйлдлийг хууль бус гэж үзэж, өнөөдөр ч энэ асуудал эцэслэгдээгүй, маргаантай байна.

Гэхдээ улс төрийн өнцгөөс харвал Ардчилсан намын гишүүдийн дийлэнх нь одоо л дараагийн намын даргаа тодруулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байх шиг. Тиймээс ч Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос намын дүрмийн дагуу Ардчилсан намын дараагийн даргыг сунгаагаар тодруулахаар өнөөдрөөс бүртгэлээ эхлүүлсэн байна. АН-ын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд буюу хоёр өдөр зохион байгуулж, энэ сарын 12-ноос 26-ны хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргын сонгуулийн санал хураалт болох бөгөөд санал хураалтад Ардчилсан намын бүх гишүүн оролцоно. Ардчилсан намын даргын сунгаанд оролцох нэр дэвшигч covid-19-тэй холбоотойгоор хүмүүстэй уулзахгүй, сурталчилгаагаа зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зохион байгуулах онцлогтой аж.

Одоогоор Ардчиллын ордноос дуулдаж байгаа мэдээллээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимийн Ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, АН-ын гишүүн О.Чулуунбилэг, "Хэвтүүл" хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат нарын нэрс яригдаж буй. Энэ удаагийн намын даргын сунгаанд хэн ялалт байгуулахаас Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяа ч шийдэгдэх боломжтой. Тиймээс улс төрийн хүрээнд хамгийн анхаарал татсан үйл явдал бол Ардчилсан намын дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуулт. Гэхдээ С.Эрдэнэ тэргүүтэй Дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг Ц.Тувааны тал хүчингүйд тооцсон албан бичгийг ч мөн гаргаад байгааг энд тодотгоё.

Ардчилсан намын даргад горилогчид:

  • УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хувьд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн хүн. Түүний хувьд УИХ-ын гишүүн, Соёл, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан туршлагатай, хүний эрхийн тэмцэгч юм.
  • О.Чулуунбилэг нь улс төр судлаач, Ерөнхийлөгчийн зөвлөх, өмнө нь тэрбээр намын даргад өрсөлдөхөө мэдэгдэж байсан юм.
  • Харин О.Амартүвшингийн хувьд “UFC” группийн эзэн, Монголын Худалдаа аж, үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Өмнө Булган аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан, тус аймагт нэр дэвшиж байсан юм.
  • УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хувьд "Тэсо" группийн эзэн, Увс аймгаас 2020 оны УИХ-ыэ сонгуульд ялалт байгуулж, гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
  • А.Цэрэнбатын хувьд “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч, Дарханы замын асуудлаар олны анхаарлын төвд орсон нэгэн юм.
  • Л.Гантөмөр нь УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан туршлагатай, 2016 онд намын даргын сунгаанд оролцсон таван хүний нэг билээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж