ЭМЯ: Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна

ЭМЯ: Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.03.04) мэдээллээ хийлээ. 


Өчигдөр (2021.03.03) нийт 19507 сорьцод шинжилгээ хийхэд 44 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо.

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны  албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-Сүүлийн 24 цагт шинээр батлагдсан тохиолдлуудаас гадаадаас ирсэн иргэдээс бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Дотоодод халдвар авсан хүмүүсийн тоо 2557 боллоо. Өчигдөр 55 хүн эдгэж гэртээ гарсан. Шинээр батлагдсан 44 тохиолдлоос нийслэлд 42, Завхан аймагт хоёр тохиолдол тус тус бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүмүүсээс хоёр хүний халдварын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд илэрч буй халдварын эх уурхайг тогтоосон. Өмнөх өдрүүдэд тусгаарлалтад байсан хүмүүсийн ойрын болон дам хавьтал. Тиймээс хүн амын дунд халдвар тархаагүй гэсэн үг.

ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙНА

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны  албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-Батлагдсан тохиолдлоор эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна. Ялангуяа архаг хууч өвчтэй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна. Иргэдэд анхааруулахад амны хаалтаа зүүж, золголт хийх баяр ёслол тэмдэглэж, нэг дор цуглах нь халдварт өртөх эрсдэлтэй. Тун удахгүй болох Мартын 8, Цэргийн баяр тэмдэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Халдвараас сэргийлэх хамгийн энгийн болоод найдвартай арга нь маск зүүх. Олон хүнтэй худалдаа, үйлчилгээний газруудаар явахдаа маск зүүх хэрэгтэй.

ШИНЭЭР БАТЛАГДСАН 44 ТОХИОЛДЛЫН 42 НЬ ОЙРЫН ХАВЬТАЛ

Нийслэлд өчигдөр 42 тохиолдол шинээр батлагдаж, Сovid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 2229 болов. Халдвар авсан 44 хүмүүсийн 42 нь ойрын хавьтал гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.


ВАКЦИНЖУУЛАЛТАД 13200 АЛБАН ХААГЧ ХАМРАГДЖЭЭ

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 18 цэгээр 2000 гаруй алба хаагчийг вакцинжуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 13200 хүн хамрагдсан байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Вакцинжуулалтад хамрагдсан нийт 13200 гаруй хүнээс 9500 орчим нь эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид. Мөн цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, бусад хариу арга хэмжээнд оролцож буй 2600 орчим алба хаагч вакцинд хамрагдсан.Цаашид вакцинжуулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Вакцины дараа иргэдэд мессэж ирж буй бөгөөд цахим бүртгэлийн программд ирж байна. Цахим хуудаст вакцины дараах хариу урвалын талаарх мэдээллийг бүртгүүлэх боломжтой.

ВАКЦИНЖУУЛАЛТ УДААШРАЛТАЙ БАЙГАА АСУУДЛЫГ УДАХГҮЙ ШИЙДВЭРЛЭНЭ

Вакцинжуулалтын үйл явц удаашралтай байгааг иргэд шүүмжилж буй. Энэ асуудлыг тун удахгүй шийдвэрлэнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тус яамны мэргэжилтэн Б.Ууганбаяр хэлэхдээ “Монгол Улсын хувьд вакцинжуулалтын нэгдсэн системтэй. Энэхүү системийг ажиллуулсан тохиолдолд 10 хоногт нэг сая гаруй иргэнээ вакцинжуулалтад хамруулсан туршлагатай. Энэхүү туршлагад үндэслэн вакцинжуулалт хийх боломжтой” гэсэн юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

                 УВС АЙМАГТ 150 ХҮНИЙГ ИЛРҮҮЛЖ, ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА

-Нийслэлд өнөөдрийн байдлаар хэчнээн орон сууцанд хөл хорио тогтоогоод байна вэ?

-Өчигдрийн байдлаар нийслэлийн 17 байршилд хамгаалалт авч, ажиглалт тандалт судалгаа үргэлжилж байна. Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэгт тус тус хамгаалалтад авсан бол Сонгинохайрхан дүүрэгт тогтоосон хөл хориог цуцалсан. Мөн сүүлийн үед тусгаарлалтад буй хүмүүсээс халдварын шинэ тохиолдлууд илэрч байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын 30 байранд иргэдийг ажиглаж байна.

PCR  шинжилгээ өгөх иргэд урьдчилан цаг авах боломжгүйгээс ачаалал үүсээд байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлснээр 22 цэгт PCR шинжилгээ авч байна. Иргэд эрүүл гэрэгэ.мн сайтаар урьдчилан цаг авч шинжилгээ өгөх ёстой. Хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан иргэд цаг авахгүй шинжилгээ өгөхөөр ачаалал үүсгэж байна. Тиймээс иргэд аль болох урьдчилан цаг авч шинжилгээ өгөх хэрэгтэй.

-Вакцин импортлохоор хувийн хэвшлийн хэчнээн аж ахуйн нэгж хүсэлт гаргаад байна вэ. Тэдгээр аж ахуйн нэгжүүд өөрсдөө вакцинжуулалтаа зохион байгуулах уу?

О.ДАШПАГМА: Монгол Улсад мөрдөгдөж буй хууль эрхзүйн хүрээнд эм ханган нийлүүлэх буюу зарим импортлох эрхтэй байгууллагууд вакцин импортлох зохицуулалтын хүрээнд вакцинжуулалтыг зохион байгуулна. Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллага дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах болно. Төрийн захиргааний төв байгууллагаас гаргасан холбогдох журам заавруудын дагуу бэлтгэл ажлуудыг хангаж, журам заавруудад тусгагдсан шаардлагуудыг хангасан газрууд вакцинжуулалт зохион байгуулж болно.

-ДЭМБ-аас зөвшөөрөөгүй байгаа хоёр ч вакциныг манай улс оруулж ирсэн. Вакциныг баталгаажуулах хүртэл хэрэглэхгүй, тодорхой хугацаа шаардлагатай болж байна. Эдгээр вакциныг ямар горимд хэдэн сар хадгалж болох вэ?

О.ДАШПАГМА: ДЭМБ цар тахлын эсрэг вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгож байна. Хүн амын дунд эхлүүлээд буй вакцин бол ДЭМБ-ын яаралтай горимоор зөвшөөрөл олгогдсон тул бид иргэдээ дархлаажуулж байна. Хүлээгдэж буй вакцины хувьд ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг гуравдугаар сарын эхээр өгнө гэсэн албан мэдээлэл байна. Тиймээс энэ сард багтаан бидний хүлээн авсан вакцинууд шаардлага хангаж, зөвшөөрөл ирэх нь гэсэн хүлээлттэй байна. Вакциныг үйлдвэрлэгчийн заавар дээр заасны дагуу зохих хэмд хадгалах ёстой. Энэ дагуу вакциныг 2-8 хэмд заасан хугацаанд хадгалах боломжтой. Ихэнх вакцин 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар хадгалах горимтой. Жишээ нь, "Синофарм" вакцин өдөр бүр, 2023 он хүртэл хэрэглэх хугацаатай, 2-8 хэмд хадгалах горимтой. Иймд уг вакциныг тухайн нөхцөлд хадгалах горимд нь хадгалж байна.

-Дархлаажуулалтын явц удаашралтай байгааг олон нийт шүүмжилж байна. Энэ хурдаар хүн амаа вакцинжуулалтад хамруулах уу?

О.ДАШПАГМА: Дархлаажуулалтын үйл явц удаашралтай байна гэх шүүмжлэл байгаа ч бид төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтаа үргэлжлүүлж байна. Нэн тэргүүнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ дархлаажуулах ажлыг өнгөрсөн хугацаанд зохион байгууллаа. Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс эргээд вакцинжуулах үйл явцад зохион байгуулалттай оролцно. Өөрөөр хэлбэл, дараагийн шатны хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдыг дархлаажуулах, өөрсдөө вакцинжуулах цэгээ  нээж зохион байгуулах зэрэг төлөвлөлтүүд үе шаттайгаар үргэлжилж байна. Мөн хариу арга хэмжээнд оролцож буй багийнхныг үе шаттайгаар дархлаажуулж байна. Цаашид улсын хэмжээнд дархлаажуулах тогтолцоонд оролцох эмч мэргэжилтнүүдээ бэлтгэж сургасан. Дархлаажуулалтын цэгийг нээж, хүн амын дунд вакцинжуулах үйл ажиллагаа явуулахад өргөн хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл хангаж, төлөвлөсөн.

-Увс аймгаас ирсэн иргэн орон нутагтаа очсоны дараа халдварт өртсөн үү, эсвэл нийслэлд байх хугацаандаа халдвар авсан уу?

Ж.БАЙГАЛЬМАА: Тухайн иргэн Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд нийслэлд ирсэн. Улмаар гуравдугаар сарын 2-нд халдварын онош батлагдсан. Халдварын нууц үеийн хугацаагаар тухайн хүн нийслэлд ирсний дараа халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна. Гэхдээ бид Увс аймагтай холбогдож, хоёрдугаар сарын 25-наас өмнө тухайн хүний хавьтал болсон ойрын болон дам хавьтлуудыг илрүүлж, судалгаа хийж байна. Увсаас ирсэн хүний нийслэл дэх хавьтал 42 болсон. Увс аймагт 150 гаруй хүнийг илрүүлж, тандалт авч байна.

-Увс аймгийн харьяат гурван иргэн нийслэлд буяны ажилд оролцож, орон нутагтаа буцахаар шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн. Халдвар авсан эх уурхайг тогтоож чадсан уу. Эсвэл халдварын шинэ голомт уу?

Ж.БАЙГАЛЬМАА: Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 44 тохиолдлын 42 нь энэхүү голомттой холбоотой өвчлөл. Увсаас ирсэн хүн нийслэлд ирээд халдвар авсан байх бүрэн боломжтой гэж үзэж байна. Халдварын эх уурхай, хэнээс илэрснийг бид тогтоохоор ажиллаж байна.

Б.ЦЭЦЭГ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, March 3, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж