Ядуурлыг арилгах бол эртнээс хойш хүн төрөлхтний нийтлэг хүсэл байсаар ирсэн. Хятадын коммунист нам (ХКН) БНХАУ-ыг байгуулсан цагаасаа эхлэн ард түмэнтэйгээ нягт холбоотой ажиллаж, сайхан ирээдүйгээ бүтээхийн төлөө тууштай хүчин зүтгэж, улс орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг туулж байна. 2012 оноос хойш Хятадын Засгийн газар ядуурлаас ангижруулах ажлыг гол байр сууринд тавьж хүн төрөлхтний түүхэнд ядуурлыг бууруулах хамгийн том цар хүрээтэй, хүчтэй аяныг эхлүүлсэн. Найман жилийн хичээл зүтгэлийн үр дүнд Хятад улс үнэмлэхүй ядуурлыг арилгах асар хүнд үүргийг амжилттай биелүүлж, ядуурлаас гарах тэмцэлд бүх талаар ялалт байгууллаа.
Хятадын ядуурлаас ангижруулах ажил түүхэн амжилтад хүрсэн нь Хятадын хөгжлийг гэрчиллээ. 2012 оноос хойш Хятадад жилд дунджаар 10 сая хүн ядуурлаас гарч байна. Энэ тоо нь нэг дундаж улсын хүн амтай дүйцэхээр байна. Одоогийн стандартаар, Хятадад ойролцоогоор хөдөөгийн 100 сая иргэн ядуурлаас бүрэн гарч, бүс нутгийн шинжтэй ядуурал бүрэн арилсан байна.
Хятадын ядуурлаас гарсан бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд маш том ахиц гарч, ерөнхий төлөв байдал асар их өөрчлөгдсөн. Ядууралтай бүс нутгийн хөгжил илт хурдасч, эдийн засгийн чадамж тасралтгүй нэмэгдэж, дэд бүтцийн бүтээн байгуулалт үсрэнгүй дэвшиж, нийгмийн салбарын ажил ихээхэн дэвшилд хүрсэн. Ядуу иргэдийн орлогын түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд одоо тэдгээр иргэд хоол хүнс, хувцасны талаар санаа зовох зүйлгүй болж, заавал эзэмших суурь боловсрол, эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ, орон сууцны аюулгүй байдал, зам харилцаа, ундны ус, цахилгаан хэрэглээ, харилцаа холбоо зэрэгт үүсдэг байсан хүндрэлүүд шийдвэрлэгдсэн.
Хятадын ядуурлаас ангижруулах ажил өндөр амжилтад хүрсэн нь Хятадын туршлага чадварыг тодотголоо. ХКН-ын удирдлага дор Хятад улс өөрийнхөө онцлогт тохирсон багц бодлогыг боловсруулж, олон өвөрмөц онцлогтой томоохон арга хэмжээ хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах Хятадын онцлог бүхий туршлагыг хуримтлууллаа.
Үүнээс дурдвал, нэгдүгээрт, ард түмэн төвтэй хөгжлийн үзэл санааг баримталж, хамтдаа баяжих замаар шийдэмгий явсан. Хятад улс ХКН-ын удирдлагыг тууштай баримталж, ард түмнийг эн тэргүүнд тавьж, ард түмний сайхан амьдралын төлөөх хүсэл зоригийг үндсэн чиглэл болгож, хөгжлийн үр шимийг илүү ихээр, илүү эрх тэгш байдлаар бүх ард түмэндээ хүргэсэн.
Хоёрдугаарт, ядуурлаас гарах оновчтой төлөвлөгөөг баримталж, хөгжлийг дэмжих замаар ядуурлыг үндсээр нь устгасан. Хятад улс шинжлэх ухааны үндэслэлтэй аргыг баримталж, ажлын оновчтой арга хэмжээ авч, хөгжлийн тэнцвэргүй, хангалтгүй асуудлыг хөгжлийн явцад шийдвэрлэж, хөгжлийг ядуурлаас гарах хамгийн тогтвортой зам болгосон.
Гуравдугаарт, бодит нөхцөл байдалд тохирсон ажил хэрэгч зарчмыг баримталж, жинхэнэ ядуу хүмүүсийг бодитой, баттай ядуурлаас гаргах зорилтоо биелүүлсэн. Хятад улс газар дээр нь ажиллах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бүх талын хүчийг төвлөрүүлэхыг чухалчилж, ядууралд нэрвэгдсэн иргэдээ уйгагүй хөдөлмөрөөрөө, чин хүсэл зоригоороо хувь заяагаа өөрчлөн ядуурлаас гарахыг уриалж дэмжсэн. Мөн нийгмийн бүх салбарыг эдгээр иргэдэд анхаарал, халамж хандуулах, ядуурлыг бууруулах үйлсэд идэвхтэй оролцож хувь нэмрээ оруулахыг урамшуулж ажилласан.
Хятадын ядуурлаас ангижруулах хүчин чармайлт нь дэлхий нийтийн ядуурлыг бууруулах үйлсэд хариуцлага хүлээж, Хятадын хувь нэмрийг орууллаа. Хятад улс нь дэлхийн хамгийн том хөгжиж буй улс бөгөөд Хятад улсын ядуурлаас ангижруулах ажил бүх талаар амжилт гаргасан нь дэлхий нийтийн ядуурлыг бууруулах үйл хэрэгт томоохон дэвшил боллоо. Дэлхийн банкнаас гаргасан олон улсын ядуурлын түвший дагуу тооцоход, Хятад улс нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш ядуурлаас ангижирсан Хятадын хүн ам мөн хугацаанд ядуурлаас ангижирсан дэлхийн хүн амын 70-аас дээш хувийг эзэлж байна.
Мөн Хятад улс “НҮБ-ын Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилгод 10 жилээр түрүүлж хүрлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Хятад улсын ядуурлыг бууруулах ажлын амжилтыг сайшааж, Хятад улс бол сүүлийн 10 жилд дэлхий нийтийн ядуурлыг бууруулах үйлсэд хамгийн их хувь нэмрээ оруулсан улс хэмээсэн юм.
Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл санааг идэвхтэй баримталж, ядуурлыг бууруулах олон улсын хамтын ажиллагааг өрнүүлж, ядуурлыг бууруулах олон улс дахь үүргээ биелүүлж, дэлхий нийтийн ядуурлыг бууруулах үйлсэд томоохон түлхэц өгсөөр байна.
Хятад улс Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг тууштай гүнзгийрүүлж, хөгжиж буй орнууд ялангуяа, буурай хөгжилтэй орнуудад ядуурлыг арилгах, эдийн засгаа хөгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлж, улс орнуудыг “НҮБ-ын Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шинэ түлхэц өгсөн.
Дэлхийн банкны мэдээлснээр, Хятад улсын дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам” санаачилга 7.6 сая хүнийг туйлын ядуурлаас ангижрахад тусалж, 32 сая хүн дунд зэргийн ядуурлаас ангижрахад туслах боломжтой гэх тооцоо гаргасан. 2020 онд АСЕАН нь Хятадын ойрын хөршийн хувьд Европын холбоог давж Хятадын хамгийн том худалдааны түнш болж, хоёр талын хилийн худалдаа эрчимтэй хөгжиж АСЕАН-ын олон орны ард иргэдэд үр өгөөжөө өгч, ядуурлаас амжилттай ангижрахад нь тусаллаа.
Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд хийгээд харилцан ашигтай хамтран ажиллаж буй сайн түншүүд юм. Сүүлийн жилүүдэд, Хятад улс элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл баримтлалаа мөрдөж, Монгол Улсын хөгжилд дэмжлэг, туслалцаа үзүүлж, талууд хоёр улсын удирдагчдын хүрсэн тохиролцоог идэвхтэй биелүүлж, “Нэг бүс, нэг зам” санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг нэмэгдүүллээ.
Хятад, Монголын бодит хамтын ажиллагааны тасралтгүй хөгжлийн үр дүнд Монгол Улс анхны давхар гүүр, анхны хурдны зам, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн орчин үеийн хөгжлийн төвтэй болсон. Бид мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон гэр хорооллыг дахин төлөвлөлт зэрэг ард иргэдийн амьжиргаанд чиглэсэн том төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байна. Эдгээр төсөл нь та бүгдийн сайн мэдэх Улаанбаатар хотын Замын цагдаагийн гүүрэн гарц, шинэ нисэх онгоцны хурдны зам зэрэг хоёр улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн хамт Монголын ард түмэнд илүү их бодит үр ашгийг авчрах болно.
"Саахалт айлын санаа нэг" гэж ярьдаг. Хятад улс найраг хөрш Монгол Улсыг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна. Хятадын тал Монголын талын анхаарал хандуулдаг боомтын хамтын ажиллагаа, Хятад улсад нүүрс экспортлох хамтын ажиллагаа зэрэг асуудалд илүү их дэмжлэг үзүүлж, хамтдаа хөгжин, хоёр улсын ард түмэнд сайн сайхныг авчрахад бэлэн байна.
Ши Жиньпин дарга, ядуурлаас ангижрах нь төгсгөл биш, харин шинэ амьдрал, шинэ тэмцлийн эхлэл юм гэсэн байдаг. Энэ онд Хятадын “14 дэх таван жил”-ийн төлөвлөгөө эхэлж байна. Хятад улсын ирээдүйн хөгжил илүү гэгээлэг байж, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах үйлсэд илүү их хүч чадлаа оруулах болно. Бид Монголын ард түмэн болон бусад улс орны ард түмэнтэй хамтран хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоож, илүү сайхан амьдралыг хамтдаа бүтээхэд бэлэн байна.
Эх сурвалж: МОНГОЛ УЛС ДАХЬ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Холбоотой мэдээ