Ахмадуудын 60 хувь нь тэтгэврийн зээлтэй

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Ахмадуудын 60 хувь нь тэтгэврийн зээлтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дээрх тайланг танилцуулсан юм.  2015 онд нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж, байгууллага 41.6 мянга болсон нь өмнөх жилийнхээс  5.3 хувиар, сайд дурын даатгуулагч 189.1 мянга болсон нь өмнөх оныхоос 5000-аар тус тус нэмэгджээ.  Харин Нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөө 2.9 хувиар тасарсан нь эдийн засгийн хямралтай холбоотой аж. Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 82.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.  

Хэлэлцүүлгийн шатанд  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахмад настнуудын  хэдэн хувь нь тэтгэврийн зээлтэй байга болон тэтгэврийн зээлийн хүүг бууруулах нь  боломжтой эсэх, эдийн засгийн хямралын уршгаар иргэд ажлын байраа алдаж, орлогын эх үүсвэр нь тэтгэврийн зээл болж хувирсан учраас төр анхааралдаа авах хэргэтэй байгааг дурдаад эн бүх асуудалд салбарын яам ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг тодруулсан юм.  

Сайд С.Эрдэнэ “Тэтгэврийн мөнгийг барьцаалж зээл олгоно гэдэг нь эрсдэлтэй. Үүнийг хуульчилж өгөх ёстой. Ажлын хэсэг бодлогоо гаргаад явж байгаа. Зарим арилжааны банкууд хөнгөлөлттэй зээл олгож байгаа бол зарим нь зээл олгонгуутаа зээлийн хүүг тухайн зээлээс нь суутгаж авдаг. Энэ бүгдийг зохицуулсан эрх зүйн орчин байдаггүй. Нийт тэтгэвэр авагч 320 гаруй мянган иргэний 60 хувь нь  тэтгэврийн зээлтэй байна. Бидний тооцоолсноор тэтгэврийн зээлийн хүүнд 16-18 тэрбум төгрөг  төлж байна гэсэн судалгаа байна. Цаашдаа тэтгэврийн зээлтэй холбоотой эрх зүйн харьцааг хуульчилж өгөхгүй бол нийгмийн даатгалын байгууллага бие дааж шийдэх ямар ч боломж байхгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Мөн энэ асуудалтай холбоотойгоор гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н байхаар заасныг тодрууллаа. Үүнд сайд С.Эрдэнэ “УИХ-аас дээрх хуулийг батлах үед 2016 оны төсвийн хуулийг баталсан байсан учраас шаардагдах хөрөнгийн эх үүсвэр төсөвт суугаагүй. Ийм учраас хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н гэж тодотгосон.

Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр хэдий хэмжээний тэтгэврийг нь үлдсэн  бууралд нь нөхөн олгох вэ гэдэг хувь хэмжээг Засгийн газар шийднэ” гэсэн хариулт өгсөн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж