Өнөөгийн дэлхий ертөнцөд ноёрхсон орчин үеийн банкны тогтолцоог шүүмжлэх шүүмж олон. Эдгээр шүүмжийг сайтар ерөнхийлбөл капиталист болон антикапиталист гэсэн хоёр ангилалд хуваагдах нь бий.
Антикапиталистуудын хувьд бизнес ер нь бохир, ёс суртахуунгүй үйл ажиллагаа. Гэхдээ банкны бизнес бол байж болохоос хамгийн бохир бизнес гэх ойлголт амь бөхтэй. Нийгмийн бодит баялагт ямар ч хувь нэмрээ оруулдаггүй атлаа мөнгө зээлдүүлснийхээ төлөө хүү тооцож авах байдлаар бусдын хөлс хүчийг мөлжин сорж амьдардаг гэх нь банкны бизнесийг буруутгах гол ёс суртахууны буруутгал. Төрийн оролцоогоор дамжуулж өөртөө давуу тал олж авдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хэдий ёс суртахуунгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр нийгэмд ач тусаа өгдгийг ил цагаан үгүйсгэхэд бас хэцүү.
Сүүлийн үед эдийн засгийн ухаан хөгжиж нийгэмд материаллаг буюу биеийн хүчний хөдөлмөрөөс гадна нөөцийг хэрхэн зөв зүйтэй хуваарилах энтрепренершип гэх хөдөлмөрийн хуваарь байдаг гэж заан сургах болсон учир хүмүүс капиталистуудыг сайн болон муу гэсэн хоёр ангиллаар хардаг болсон байх магадлалтай. Иймд банкны үйл ажиллагаа эрхэлдэг, мөнгөөр мөнгө хийгсэд буюу мөнгө хүүлэгсэд бол антикапиталистуудын хувьд хэзээ ч уучилж болшгүй ад зэтгэрүүд гэдэг нь бол харин баталгаатай. Тэд ингэж сурталдана. Тэд өнөөгийн банкны тогтолцоог капиталист нийгмийн үр хөврөлийн жам ёсны үр дүн гэж үзнэ.
Харин капиталист өнцгөөс шүүмжилдэг хүмүүс орчин үеийн банкны тогтолцоог капитализм буюу хувийн өмчид тулгуурласан, хөдөлмөрийн хуваарь бүхий зах зээлийн эдийн засагтай огтоос хамааралгүй гэж үзнэ. Тэдний шүүмжлэл нь мөнгө хүүлэл болон банкны бизнес нь мөн чанараараа ёс суртахууны хувьд зөвтгөхийн аргагүй гэсэн шүүмжүүдээс эрс ялгаатай. Харин тэд өнөөгийн банкны тогтолцоог төрөөс дархан эрх эдлэх байдлаар бусдад эрсдлээ үүрүүлж, мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлэх байдлаар хувийн өмчид халтай үйл ажиллагаа явуулж байгаа нь чөлөөт нийгмийн зарчимд тохирохгүй харин ч антикапиталист үйл ажиллагаа гэх үндэслэлээр шүүмжилдэг. Банкны тогтолцоо, халамжийн патерналист данхар төр хоёр бол нэг зоосны хоёр тал бөгөөд нэг нэгнээ дэмжин тэтгэж оршин тогтнодог мөн эдийн засагт үе үе тохиох мөчлөгт хямралын гол шалтгаан гэлцэнэ.
Би бээр энэхүү бичвэртээ орчин үеийн банкны тогтолцоог шүүмжлэх антикапиталист шүүмжүүдийн нэг болох Австрийн эдийн засгийн сургуулийн онолчдын байр суурийг товч тайлбарлахыг зорилоо. Манай нийгэмд банкны зээлийн хүү өндөр байгаад дургүйцэх хандлага түгээмэл байдгаас гадна зээлийн хүүнд дайсагнах энэ сэтгэхүйнд тулгуурлаж банкуудаар дамжуулж мөнгөний тэлэх бодлого явуулах шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө шинэ Засгийн газар маань гаргасан. Хэдий цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд эдийн засагт мөнгө шахах шаардлагатай гэсэн Кейнсч онолын үндэслэлийг эш болгож байгаа ч үнэн хэрэгтээ бол цар тахал дэгдэхээс ч өмнө энэхүү банкны зээлийн хүүг бууруулах байдлаар зээл олголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санаачлагыг хувь, хувьсгалын аль ч шатанд олон хүмүүс илэрхийлсээр ирсэн нь өнөөдөр бодит байдал болж байна гэж хэлэх нь зүйтэй болов уу.
Мөнгө, хуримтлал ба зээллэг
Мөнгөний мөн чанарыг ойлгож тайлбарлах гэсэн эдийн засгийн онолын болон эдийн засгийн бус оролдлогууд үй түмээрээ буй. Ерөнхийдөө эдийн засгийн онолын үүднээс ойлговол мөн түүхэн баримтуудаас харвал мөнгө нь зах зээлийн арилжаан дундаас хар аяндаа бий болсон (spontaneous) эдийн засгийн феноменон. Хүмүүс дун, хясаа, тамхи, хонь гэх мэтчилэн тоо томшгүй олон таваард суурилсан арилжааны хэрэгслийг түүхэн цаг үеүдэд газар газар хэрэглэсээр ирснийг археологийн ухаан болон бичмэл түүхийн материалууд бидэнд баталдаг. Хүн төрөлхтний эдийн засгийн үйл ажиллагаа нэлээд боловсронгуй болж ирсэн үеэс алт, мөнгө гэх мэт үнэт металиуд арилжааны хэрэгслээр ашиглагдахад хамгийн шалгарсан таваар болж универсаль байдлаар хүлээн зөвшөөрөгдсөн.
Мөнгийг ашиглах болсон нэн тэргүүний шаардлага бол энэ нь арилжааг хөнгөвчилж бартерын арилжаанаас татгалзах боломжийг хүмүүст олгосон. Хэрэв мөнгө үгүй бол арилжаа зөвхөн бартерын горимд шилжиж тэр хэрээрээ арилжаа хумигдах болно. Арилжаа хийхийг хүссэн хүмүүс хэрэгцээ шаардлагын нийцлийн бэрхшээл гэх ойлголттой нүүр тулах хэрэгтэй болох бөгөөд миний хувьд надад шаардлагатай бараатай хүнийг хайж олох хэрэг гарвал түүнд шаардлагатай бараа надад байх ёстой болно. Чухам энэ бэрхшээлийг шийдвэрлэж, хүмүүс бартерын наймаанаас татгалзаж, шууд бусаар арилжаа хийх арга хэрэгслүүдийг эрж хайсны үндсэн дээр мөнгө хэмээх арилжааны хэрэгслийг зохион бүтээсэн.
Удаах шалтгаан нь хүмүүс маргааш, нөгөөдөр ер нь ирээдүйд эдийн засгийн орчинд юу тохиох тухай тодорхой бус байдлыг даван туулах зорилготой нь холбоотой. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бүтээсэн баялгийнхаа үнэ цэнийг үрэн таран хийчихгүйгээр арилжааны хэрэгсэлд шингээх байдлаар хадгалж, хуримтлуулж ирээдүй цагт ашиглахыг хүссэн хэрэг. Гутгаар шалтгаан нь мөнгө нь хүмүүст эдийн засгийн тооцоолол хийх боломж бололцоог олгодог. Биет материаллаг байдлаар оршиж буй баялагийг нэг нэггүй тоолж бүртгэх нь хүндрэлтэй. Иймд цаг хугацаа хэмнэх зорилго мөн өөр бусад шалтгаануудын улмаас орлого, зарлагыг мөнгөн дүнгээр тооцоолох нь хавьгүй амар хялбар билээ.
Мөнгө хүмүүст арилжааг хөнгөвчилж мөн баялгийн үнэ цэнийг үрэн таран хийхгүйгээр цомхон байдлаар тээвэрлэх, хадгалж хуримтлуулах мөн эдийн засгийн тооцоолол хийх боломжийг олгодогоороо эдийн засгийн тогтолцоонд амин чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь маргашгүй. Гэхдээ нэг зүйлийг цохон тэмдэглэхгүй бол болохгүй. Мөнгө нь баялгийн үнэ цэнийг шингээж арилжаа хийх мөн хадгалж хуримтлуулах бололцоог олгодог хэрэгсэл болохоос бодит баялаг өөрөө биш юм. Бодит баялаг гэдэг бол хүмүүсийн бүтээсэн материаллаг болон материаллаг бус эдийн засгийн таваар юм.
Хүмүүсийн хэрэглээнд зориулагдсан бараа таваар, үйлчилгээг л хүмүүс хэрэглэхээс бус мөнгийг идэх боломжгүй. Мөн хэрэглээний бараа таваар үйлдвэрлэхэд үйлдвэрлэлийн хэрэгсэл болсон капитал таваарууд байх шаардлагатай. Эдийн засагчид энэхүү капитал таваар болон хэрэглээний бараа тавааруудыг нийлүүлж хамтатган баялаг гэсэн нэг ухагдахуунд багтаадаг. Австрийн школын эдийн засагчид эдийн засгийн өсөлт гэдгээр бодит баялаг илүү ихээр бүтээгдэж, хуримтлал нэмэгдэж байгааг ойлгодог. Мөнгө нь харин бодит баялаг байгааг илтгэх эрхийн бичиг буюу нэхэмжлэлийн эрх юм.
Зээллэгийг ч гэсэн дээр бичсэн логикийн дагуу ойлгож болно. Өнөөдөр Батаа надаас 1 сая төгрөг зээлж байгаа нь үнэн хэрэгтээ мөнгө зээлж байгаа бус 1 сая төгрөгөөр илэрхийлэгдэх бараа бүтээгдэхүүн хэрэглэх болон үйлчилгээ эдлэх эрхийг шилжүүлж авч байгаа хэрэг. Маргааш мөнгөө буцааж төлж байгаа нь дээрх эрхийг буцааж шилжүүлж байгаа хэрэг юм. Иймээс зээллэг бол зээлдүүлэгчээс зээлдэгчид бодит баялгийг шилжүүлэх үйл явц. Мөнгө оролцсоноороо зээллэгийн мөн чанарыг ойлгоход хүндрэлтэй болгодог нь банкны зээл олголтыг хуулиар эсхүл хүчээр яаж ийгээд нэмэгдүүлчихвэл бизнесүүд цэцэглэнэ гэх төөрөгдөл газар сайгүй түгсэн байгаагаас харагдана.
Зээлийн хүүг манипуляцлаж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх аргаар зээл олголтыг нэмэгдүүлж (зээлийн тэлэлт бий болгох) болох хэдий ч бизнесүүдэд хэрэгцээтэй бодит баялаг буюу үйлдвэрлэлийн хэрэгслүүд үүнийг дагаад оргүй хоосноос гэнэт бий болчихгүй. Энэ маягаар бизнесүүдийг цэцэглүүлнэ гэдэг бол төөрөгдөл бөгөөд ингэж эдийн засгийг өөдлүүлж дэвжээх ямар ч боломж үгүй. Энэ бол бодит ертөнцөд үйлчлэх Хомс нөөцийн тухай эдийн засгийн хөдөлшгүй хууль. Эдийн засгийн ухаан нөөц ямагт хомс гэдгийг сануулж бодит ертөнцийн хязгаарлалтуудыг сайтар ойлгохыг хүмүүст санал болгоно.
Банкны үйл ажиллагаа
Сонгодог тодорхойлолт ёсоор өөрийнхөө мөнгийг хүнд зээлдүүлэгсдийг мөнгө хүүлэгч гэж нэрлэдэг бол бусдын мөнгийг бусдад зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгсдийг банкирууд гэж ойлгодог. Австрийн школын эдийн засагчид банкны эдийн засагт гүйцэтгэх үүрэг ролийг олон янзаар үнэлнэ, өөр хоорондоо маргалдана. Шалтгаан нь гэвэл банкны үйл ажиллагаа ойлгомжгүй хоёрдмол шинжтэй. Үйл ажиллагааны логик нь өөр хоорондоо зөрчилтэй ч гэлцэнэ. Учир юу гэвэл банк нэг талдаа хүмүүсийн өмчийг аюулгүй хадгалах үйл ажиллагаа явуулах амлалт өгч үүрэг хүлээнэ. Нөгөө талдаа аюулгүй хадгалах амлалт өгсөн өмчийг бусдад зээлдүүлснээр тухайн өмчийг эрсдэлд оруулдаг.
Хадгалах болон зээлдэх гэх хоёр үйл ажиллагаа нь нэг төрлийн үйл ажиллагаа биш юм. Үүнийг нэг төрлийн үйл ажиллагаа гэж хүмүүс хэзээ ч үзэж байгаагүйг түүхийн баримтууд ч бидэнд батлаад өгнө. Византийн эзэн хаан Юстиниан Ромын иргэний эрх зүйг системчлэн бичмэл хууль болгосон. Уг хууль нь эрт цагийн хүмүүсийн эдийн засгийн үйл ажиллагааны гэрээ, хэлцлүүдийг хэд хэдэн төрөлд хуваасан байдаг нь зээлдүүлэх (Mutuum Contract) болон хадгалахыг (Deposit contract) хоёр тусдаа хэлцэл гэх ангилалд оруулсан байдаг.
Хүмүүс мөнгөө бусдад зээлдүүлж түүгээрээ хүү тооцож авч ашиг хийж байгаа бол зээлдүүлсэн мөнгөө эрсдэлд оруулж байгаагаа ойлгосны үндсэн дээр хийж байгаа үйлдэл. Гэтэл мөнгөө хадгалуулж эрсдэлээс зайлсхийж аюулгүй байлгахыг эрмэлзэх хэрэгцээ шаардлагатай хүмүүс гэж бас тусдаа байх нь ойлгомжтой. Тэд өөрсдийн мөнгийг хадгалах үйлчилгээ үзүүлэгч нэгэнд харин ч төлбөр хөлс төлөх учиртай. Ямартай ч энэ хоёр үйл ажиллагаа зах зээлийн орчинд тус тусдаа явагддаг байв. Хэзээ хойно энэ хоёр үйл ажиллагааг нэгтгэсэн байдаг нь орчин үеийн банкны тогтолцооны эх сурвалж болсон байдаг.
Эдгээр үйл ажиллагаа хоорондоо нэгдсэн буюу хэсэгчлэн нөөцлөх банк гэх байгуулага байгуулагдсан шалтгааныг хүмүүсийн өмчийг аюулгүй хадгалах үйлчилгээ үзүүлдэг агуулахын эзэд хадгалах үүрэг хүлээсэн өмчөө бусдад зээлдүүлснээр их хэмжээний ашиг олж болохыг ойлгосонтой холбож тайлбарладаг нь үнэний хувьтай бизээ. Ямартай ч зээллэг болон хадгаламжийн хоёр тусдаа ойлголтыг нэгтгэсэн энэ үйл явдал нь өмчлөх эрхийг дээдэлдэг капиталист шинж чанартай үйл ажиллагаа гэж хэлэхэд хэцүү. Эдийн засгийн хөшүүргийн үүднээс авч үзвэл банкирууд ямагт зээл олгох маш өндөр сонирхолтой байх нь аргагүй. Учир нь, хэдий чинээ зээл олгоно төдий чинээ ашиг олох боломжтой.
Ялангуяа энэ үйл ажиллагаагаа өргөн хэмжээнд хийж гүйцэтгэж их ашиг олоход нь тэдэнд итгэмжлэлйн хэрэгсэл (fiduciary media буюу банкны тэмдэгт, чек, облигаци хэлбэртэй банкны агуулахад бодит баялаг байгааг илтгэсэн гэрчилгээ) гэх орчин үеийн цаасан мөнгөний эцэг ихэд хэрэг болсон байдаг. Тэд байгаа нөөцнөөсөө илүү ихээр итгэмжлэлийн хэрэгслүүд бий болгох байдлаар зээл олголтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж залилан мэхлэх үйл ажиллагааг ил цагаан хийдэг болсон нь эцэстээ өөрсдийг нь дампуурахад хүргэдэг байв. Иймд банкны үйл ажиллагаа нь хэзээнээсээ хадгаламж, хуримтлал эзэмшигчдийн хувийн өмчинд маш халтай тогтолцоо байсаар ирсэн гэдгийг би энд сануулчих хэрэгтэй байх.
Олонх хүмүүсийн мэдэж байгаачлан банкируудыг хүмүүс хэзээнээсээ үзэн ядсаар ирсэн байдаг. Материаллаг буюу биеийн хүчний хөдөлмөр хийхгүйгээр мөнгө баялаг олохыг ёс суртахуунгүй үйлдэл гэж цээрлэдэг, мөнгө хүүлэлтийг буруутгадаг шашны номлолууд үүнд тодорхой хувь нэмэр оруулсан байх. Гэхдээ банк гэх энэ хачирхалтай бизнесийн үйл ажиллагаа бий болсноороо түүхэнд өөрсдийн үйлчлүүлэгч, харилцагчдын итгэлийг хөсөрдүүлж тэднийг залилан мэхэлж хохироож ирсэн тохиолдлууд дэндүү их. Банкируудыг үзэн ядах шалтгааныг эдийн засгийн үүднээс дүгнэвэл энэхүү шалтгаан тэднийг үзэн ядах үзлийн голлох хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн билээ.
Хэсэгчлэн нөөцлөх банкны тогтолцоо
Эдийн засгийн хамтын ажиллагаа итгэлцэлд тулгуурлана. Та түншийнхээ эсхүл үйлчлүүлэгчийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлбэл тантай бизнес хийх хүн олдохгүй. Таны нэр хүнд сэвтэнэ. Та зах зээлээс шахагдана. Энэ утгаараа зах зээл бол итгэлцлийн тогтолцоо. Гэхдээ энэ нь зах зээл хэдий хэмжээнд чөлөөтэй байгаагаас маш их шалтгаална. Хэрэв төр зах зээлд хөндлөнгөөс оролцох байдлаар тодорхой бараа, үйлчилгээний зах зээлийг зохицуулалтаар боогоод цөөн тоглогч л тухайн зах зээлд үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдлыг бий болговол энэ нь тухайн бараа, үйлчилгээ солилцож буй хүмүүсийн нэгийг нь хохироож нөгөөг нь дэмжиж буй хэрэг. Аль нэг нь давуу эрх эдэлдэг талуудын хооронд зүй ёсны шударга арилжаа, хамтын ажиллагаа явагдах ямар ч боломж байхгүй. Мөн цөөн тоглогчтой байх бололцоог зохицуулалтаар бүрдүүлсэн нөхцөл байдалд хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хувьд тухайн зах зээл дээрх сонголт хийх бололцоо чөлөөт зах зээлтэй харьцуулахад үлэмж хэмжээнд хумигдах болно.
Банкууд харьцангуй чөлөөт зах зээлийн орчинд үйл ажиллагаагаа явуулдаг, энэ салбарт төрийн оролцоо зохицуулалт байгаагүй эрин үед банкны бизнесүүд зах зээлийн зарчмаар үйлчлүүлэгчдийнхээ өмнө өөрсдийн бүрэн найдвартай байдлаараа өрсөлддөг байв. Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хөсөрдүүлсэн банкууд дампуурахаас өөр сонголтгүй болдог байлаа. Чөлөөт зах зээл луйврын үйл ажиллагааг бүхэл нийгмийг хамартал өргөжихөөс сэргийлдэг. Хэрэглэгч, үйлчлүүлэгчид өөрсдийнхөө хувьд хамгийн сайн сонголтыг ямар ч төрийн түшмэд, эрх мэдэлтнүүдээс илүү хийнэ.
Банкны бизнес зах зээлийн зарчмаар шалгарч цааш хөгжин дэвжих үү эсхүл унан доройтож зах зээлээс шахагдах уу гэсэн салаа замын уулзварт ирсэн цаг үед төр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэрээр энэ салбар луу хутгалдаж эхэлсэн байдаг. Магадгүй төр оролцоогүй бол зээлийн үйл ажиллагаа болон хадгаламжийн үйл ажиллагаа жам ёсоороо дахин салбарлаж тус тусын чиг үүргээр хөгжих байсан нь дамжиггүй. Эсхүл илүү найдвартай зах зээлийн шийдэл, инновациудыг ч банкууд бий болгох байсныг үгүйсгэшгүй.
Банк хэрэглэгчдээ луйвардвал төр тухайн луйврын гэмт хэрэг хийсэн этгээдүүдэд эрүүгийн хариуцлага тооцож, хэрэглэгчдийн хохирлыг барагдуулах тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлж цаашид иймэрхүү залилан, луйвар бий болохоос сэрэмжлэх нь зүй ёсны төрийн хийх ёстой үндсэн үүрэг. Гэхдээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэрээр эдийн засгийн хамтын ажиллагаан дахь тоглоомын дүрмийг дур зоргоороо тогтоовол юу болж хувирах вэ? Энэ нь зорьсон зорилгынхоо эсрэг үр дагаварыг бий болгодгийг банкны үйл ажиллагаанаас ч бид харж болно.
Банкууд зээлийн тэлэлт бий болгох байдлаар тогтвортой бус үйл ажиллагаа явуулаад олноороо дампуурч байгаа нь хэрэглэгчдийг маш их хохироож байгаа үндсэн шалтгаанаар мэдээж шалтаглан төр банкуудад зайлшгүй байх нөөцийг зохицуулж эхэлсэн. Ингэснээрээ нэг ёсондоо зээлийн тэлэлт хэмээх луйврын схемийг төр албан ёсоор хуульчилсан хэрэг. Мэдээж банкны зээлийн тэлэлтийн үйл ажиллагааг өргөн хүрээнд үргэлжлүүлэхэд дан ганц хуулиар хүлээн зөвшөөрөх нь хангалтгүй.
Иймээс мөн төр засгууд тодорхой тооны банкуудын өрийн бичиг буюу итгэмжлэлийн хэрэгслүүдээр л өөр өөрсдийн нутаг дэвсгэр дээр арилжаа хийх явдлыг зөвшөөрөх эсхүл татварыг тэдгээр банкуудын дэвсгэртүүдээр төлөхийг зөвшөөрөх гэхчлэн хуулийн болон эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх байдлаар цөөн тооны банкуудад давуу тал олгож, бусдыг нь зах зээлээс шахан гаргах байдлаар зээлийн тэлэлтийн институцийг зах зээлд хүчээр тулгасан. Энэ үеэс эхлэн банкууд зах зээлийн бус картелийн зарчмаар ажиллах болсон гэгддэг. Мөн дээрх хуулийн дагуу хүмүүст тодорхой тооны итгэмжлэлийн хэрэгслийг хэрэглэхийг албадсан үйл явдал нь өнөө үеийн “Хууль ёсны төлбөрийн хэрэгслийн хууль” буюу фиат мөнгө албан ёсоор бий болохын урьдач нөхцөл болсон юм.
Өнөөдөр банк, санхүүгийн зах зээл бол магадгүй бусад бараа, үйлчилгээний зах зээлтэй харьцуулахад хамгийн их төрийн зохицуулалттай орчин болсон бөгөөд яг одоогийн байдлаар бол зайлшгүй байх нөөцийн харьцаа 0,1 (reserve ratio) буюу нийт хадгаламжийн нөөцийн 10 хувь гэдэг тоо нь стандарт хэмжээ болсон. Энэ нь нийт нөөцийн үлдсэн 90 хувь нь зээллэг болоод гарчихна гэсэн үг юм. Төр ингэж банкны зээлийн тэлэлт буюу тогтортой бус үйл ажиллагааг албан ёсоор хуульчлах болсонд ямар шалтгаан байв? Үүнд хариулт өгөхийн тулд бид хэсэгчлэн нөөцлөх банк зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа хэрхэн хийдгийг ойлгох шаардлагатай. Банкируудыг оргүй хоосноос мөнгө бий болгодог орчин үеийн алхимичид гэж ярьж байхыг та сонссон л байлгүй.
Бичвэрийн эхэнд дурдсан нөхөр Батаа ажил хийгээд 2,000,000 төгрөг цалинд бодуулж авлаа гэж бодьё. Цалингийнхаа тал буюу 1 саяыг хэрэглээндээ зарцуулаад үлдсэн 1 саяыг банкинд хадгалуулж хуримтлал бий болгохыг зорьсон учир А хэмээх банкинд очоод хадгаламж нээлгэлээ гэж төсөөлье. А банк хуулиар 10 хувийг нь нөөцлөх үүрэг хүлээдэг учир түүний хадгаламжийн 900,000-ийг Доржид зээлүүлчихэв. Эсхүл А банкнаас зээл авсан хүн Доржид үйлчилгээний төлбөр байдлаар 900,000 төгрөгийг өгчихсөн ч байж болно. Дорж өнөөх мөнгөө Б банкинд очиж хадгалуулав. Б банк мөн энэ мөнгөний 10 хувийг нөөцлөөд 810,000 төгрөгийг хэн нэгэнд зээлүүлнэ. Энэ маягаар C банкинд өнөөх мөнгө хадгаламж болон очих бөгөөд 729,000 төгрөгийг бусдад зээлдүүлнэ.
Энэ үйл явц үргэлжилснээр эдийн засагт 900,000+810,000+729,000 гэх мэтээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж явсаар 0,1 хувиар зайлшгүй байх нөөцийн хэмжээг тогтоосон орчинд 1 сая төгрөгийн хувьд 9 сая болтлоо өсөж зах зээл дэх мөнгөний тоо хэмжээг нэмэгдүүлэх боломжтой бол банкинд байх нөөцийн хэмжээ ч тэр 1 сая төгрөг болтлоо өссөн байна. Мэдээж энэ нь дан ганц банк байгаа нөхцөлд боломжгүй. Иймээс хэсэгчлэн нөөцлөх систем ажиллахын тулд хэд хэдэн банк буюу дээр дурдсан картель байх шаардлагатай юм.
1 сая төгрөгийг банкинд очиж хадгалуулсан Батаагийн хувьд банк түүнд хүссэн эсхүл тодорхой хугацааны дараа 1 сая төгрөгийг нь эргүүлж 100 хувь олгох амлалтыг өгсөн гэдэг нь дамжиггүй. Гэвч банк түүнд амалсан амлалтаа түүний мөнгөний 90 хувийг бусдад зээлдүүлснээрээ умартчихаж буй хэрэг. Банкны хувьд Батааг мөнгөө түргэн хугацаанд хүрч ирж нэхэмжлэхгүй байгаасай гэж найдахаас өөр сонголтгүй. Хэрэв банк цөөн хэдхэн үйлчлүүлэгчидтэй байсан бол энэ нь яах аргагүй том асуудал дагуулах байсан нь мадаггүй. Харин олон мянган харилцагчтай байгаа тохиолдолд энэ нь төдийлөн эрсдэлтэй мэт харагдахгүй. Батааг мөнгөө нэхэмжилсэн даруйд нь өөр нэг хадгаламж нээлгэсэн үйлчлүүлэгчийн мөнгийг банк түүнд өгчихөж чадна.
Банкны хувьд хамгийн аймшигтай үйл явдал гэвэл харилцагчдын олонх нь гэнэт нэгэн зэрэг мөнгөө нэхэмжлэх юм. Учир нь, тэдэнд өгөх мөнгө банкинд байхгүй. Энэ үйл ажиллагаа хууль ёсны ч бай үгүй ч бай хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ёс суртахууны хэмжүүрээр бол яах аргагүй луйврын үйл ажиллагааа гэдэг нь ойлгомжтой. Эдийн засгийн хувьд энэ нь мөнгө хуурамчаар үйлдэж байгаа хэрэг.
Төрөөс энэ тогтолцоог хөхүүлэн дэмждэг шалтгаан нь оргүй хоосноос мөнгө бий болгох онцгой чадамжтай нь холбоотой. Төрд хүссэн үед нь их хэмжээгээр мөнгө зээлдүүлж чадах зээлдүүлэгч байх шаардлагатай. Банкууд зээлийн тэлэлт бий болгож ашиг олох эдийн засгийн хөшүүрэгтэй байдаг бол төр ч гэсэн эрх мэдлээ өргөжүүлж, зарцуулалтаа улам бүр нэмэгдүүлж байх эдийн засгийн хөшүүрэгтэй.
Эцсийн зээлдүүлэгч
Эдийн засгийн хямралууд ихэвчлэн санхүүгийн зах зээлээс эхлэх нь бий. Эхлээд санхүүгийн салбар хямралд өртөөд дараа нь бүхэл эдийн засагтаа тархдаг. Иймд санхүүгийн зах зээлээ нэн тэргүүнд тогтворжуулах нь эдийн засгийн хямралаас аль болох хохирол багатай гарах арга зам гэлцэнэ. Үүнийг зөвтгөсөн эдийн засгийн онолын сургаалиуд ч бий. Шуудхан хэлбэл энэ нь банкууд дампуурлын ирмэгт тулчихсан байгаа гэсэн үг. Хэсэгчлэн нөөцлөх банкны бий болгосон зээлийн тэлэлт нь тогтвортой бодит мөнгө, баялагт тулгуурласан үйл ажиллагаа биш учир эдийн засгийн тогтворгүй үйл ажиллагаануудыг зах зээлд бий болгодог нь эргээд банкуудыг өөрсдийг нь дампуурах нөхцөл байдалд хүргэдэг. Банкнаас зээллэг авсан хүмүүс эргүүлж зээлээ төлж чадахгүйд хүрэх нь олонтаа. Иймд хэсэгчлэн нөөцлөх банкны энэ тогтолцоо урт удаан хугацаанд өөрсдийгөө зах зээлд тогтворжуулах ямар ч боломжгүй юм.
Ямартай ч энэ үе үе хүнд байдалд орж банкууд олноороо дампуурдаг тогтолцоо түүхэн хувьслын явцад төр засгуудтай сүлбэлдэх байдлаар өөрсдийгөө аврах, хүнд байдлаас гаргах арга замыг яаж ийгээд олж чадсан. Энэ нь эцсийн зээлдүүлэгч буюу төв банк хэмээх улс төрийн эрх мэдэл бүхий банк тайзан дээр гарч ирсэн хэрэг. Банк болон төр эсхүл мөнгө болон эрх мэдэл хоёр нэгдсэн хамгийн том илэрхийлэл бол төв банк гэх байгууллага гээд хэлчихэд буруудахгүй. Төв банкууд анх үүсэн бий болж байх цагтаа ихэвчлэн хувийн банк байдаг байсан нь төв банк нь өөрөө хэсэгчлэн нөөцлөх системийн жам ёсны хувьсал, үр хөврөл эсхүл мутаци гэдгийг нь ч илтгэнэ.
Төв банк оршин тогтнож байгаа газар чөлөөт эдийн засгийн үнэр байхгүй бөгөөд ийм эдийн засгийг дэмжигсэд нь энэ тогтолцоогоо холимог эдийн засаг гэх нь бий. Харин Австрийн сургуулийн эдийн засагчид уг тогтолцоог заримдаг эдийн засаг гэж үзнэ. Мөн төв банк байгуулагдсан үеэс мөнгө гэх ойлголт бодит угаараа үгүй болсон. Үгүйдээ л мөнгө нь зах зээлийн үзэгдэл байхаа больсон ба төр засгийн зарлиг, тушаал, хуулиар (фиат) хэрэглэхийг албаддаг хоосон цаас болсон хэрэг. Энэ хоосон цаас нь ердөө ардаа байх өрийг л илтгэнэ. Фиат мөнгө нь өөрөө албадлага, хүчирхийлэлд тулгуурлаж оршин тогтнохоос өөр арга байхгүй гэдгээс ч бодсон фиат мөнгө бол хүмүүст ач тустай сонголт огт биш.
Төв банкыг дэмжигсдийн онолчдын хувьд төв банкны үйл ажиллагаа нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэлцэнэ. Гэхдээ бодит байдал дээрээс харвал төв банк нь нэн тэргүүнд эдийн засаг дахь хамгийн том зээлдэгчид асуудалд орвол тэднийг хүндрэлээс гаргах зорилготой байгуулагдсан гэдэг нь факт. Өөрөөр хэлбэл төв банкууд нь төр засаг болон томхон банкуудыг дампуурлаас татвар төлөгчдийн зардлаар аврах зорилготой инститүүц юм. Үүнийгээ тэд мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах буюу энгийн хүмүүсийн хэллэгээр “мөнгө хэвлэх” онцгой монополь эрхийнхээ хүрээнд хийж гүйцэтгэх боломжтой болдог.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл 2008 оны санхүүгийн хямралаар АНУ-ын Холбооны нөөцийн систем дампууралд орсон хэд хэд банк болон санхүүгийн байгууллагыг аварсан үйл явдал байна. Эндээс нэг юм хар аяндаа ойлгогдоно. Төв банк бол зээлийн тэлэлтийн институцийн эцсийн хоргодох газар бөгөөд төв банк байж гэмээнэ хэсэгчлэн нөөцлөх банкны картель оршин тогтнох боломжтой болдог. Санхүүгийн зах зээлийг тогтворжуулах бодлого гэдэг нь хувийн банкуудын дампуурлыг нийт нийгэмд нялзааж, улсын эдийн засгийн хямрал болгож хувиргаж байгаа хэрэг. Өнөөдөр ямар ч арилжааны банкны агуулахад бодит мөнгө буюу алт, мөнгө зэрэг үнэт металууд байхгүй. Харин эдгээр бүх үнэт металын нөөцүүд төв банкны агуулахад хадгалаастай буй. Харин банкны агуулахуудад төв банкны хэвлэсэн фиат мөнгөнүүд өрөөстэй.
Бас төр засгуудын хувьд төв банк байгуулагдсан үеэс төсвийн алданги гэх ойлголт асуудал байхаа больсон бөгөөд эцэстээ бүр төсвийн алданги бий болгож байж гэмээнэ эдийн засаг харин ч дэвжиж дээшлэнэ гэх галзуу солиотой албан ёсны онол, суртал ухуулга өнөөдөр эдийн засгийн мэргэжлийн хүрээнд давамгайлах болсон байх жишээтэй. Энэ нь бага зэрэг илэн далангүйгээр хэлбэл өр тавьж гэмээнэ өөдлөнө гэсэнтэй агаар нэг. Энэ бүхний төлбөрийг, зардлыг мэдээж татвар төлөгчид тухайн төв банкны гүйлгээнд гаргаж буй цаасан мөнгийг хэрэглэж байгаа хүмүүс төлнө.
Мэдээж эдийн засгийн ухаанд чөлөөт худалдааг эрхэмлэх ёстойг илтгэсэн үзэл санаа зонхилж байх цагт төв банкуудын үйл ажиллагааг тухайлбал алтан стандартаар хянаж, дур зоргыг нь хязгаарлах оролдлогуудыг хүмүүс төр засгаас шаардсаар ирсэн байдаг. Энэ бүх оролдлогуудыг төв банк цаг хугацааны явцад үгүй хийсэн төдийгүй эдийн засгийн үйл ажиллагаа гэдэг нь төв банкны үйл ажиллагаа юм гэсэн утга санаагаар экономиксийг дахин тайлбарлах болсон нь ихээхэн амжилт олсон.
Чөлөөт эдийн засаг зонхилж, төр засаг хязгаарлагдмал байж, хүмүүс өөрсдийнхөө амьдралд юу чухал гэдгийг өөрсдөө сонгодог эрх чөлөөтэй байх XIX зууны Laisse Faire капитализмын үед эдийн засагчид мөнгөний тогтвортой байдал нь хөгжил, цэцэглэлтийн гол эх сурвалж гэж сургадаг байв. Харин өнөөдөр тэдгээр эдийн засагчдыг тухайлбал Жан Батист Сейг дурын хүн хоцрогдсонд тооцож үл тоомсорлоно. Бидний энэ эрин үед мөнгөний тогтвортой байдал гэх ойлголтыг үндсэн утгаар нь ойлгох хүн асар ховорджээ. Мөнгөний тогтвортой байдал гэж үгүй бол хувийн өмч гэж байхгүй гэдгийг ч дийлэнх хүмүүс огт ойлгохгүй болжээ.
Төв банкны удаах үүрэг нь засгийн газруудад инфляцийн онилгоо, инфляцийн зорилтот түвшин буюу дефляцаас сэргийлэх, бүрэн ажил эрхлэлтийн зорилт, бодлогын хүү гэх мэтийн нэг төрлийн эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөө буюу макро эдийн засгийн бодлого явуулахад нь хэрэглэгдэх голлох инститүүц нь болж өгдөг. Мэдээж энэ бодлогууд нь цаг ямагт бүтэлгүйтсээр ирсэн. Нэг бол инфляци бий болгох зорилт тавих атлаа эргээд инфляцтайгаа мөн тэмцэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх гэх мэтээс нь харахад хэрэгжүүлэх гээд байгаа бодлогууд нь огтоос утга учиргүй. Банк нэг талдаа хүмүүсийн мөнгийг аюулгүй хадгалах үйлчилгээ үзүүлэх хэрнээ өнөөх мөнгөө бусдад зээлдүүлж эрсдэлд оруулдагийн адил төв банк эдийн засгийн тогторжуулах үйл ажиллагаа явуулах зорилготой гэх авч дийлэнх бодлогууд нь эдийн засгийг тогторгүйжүүлэх үр дагавар бий болгодогоороо үйл ажиллагааны хувьд мөн логикийн зөрчилтэй байх аж.
XX зуун хүн төрөлхтний хувьд олон эмгэнэл дагуулсан. Социализм, фашизм, тоталитаризм гэх мэт олон нэрээр нэрлэгдсэн нийгмийн туршилтуудын золиос болсон хүмүүсийн тоо яг таг гаргахын аргагагүй олон зуун саяар хэмжигдэнэ. Энэ бүх эмгэнэлт явдал эдийн засгийг төр залуурдах ёстой гэх төрийг шүтсэн фетишист онолууд хүн зоны санаа бодлыг зонхилох болсонтой яах аргагүй холбоотой. Тэгвэл өнөөдөр ч энэ фетишизм хүмүүсийн санаа бодлоос огт арчигдаагүй төдийгүй бүхэл бүтэн 7 тэрбум хүн халамжийн, патерналист, данхар төрийн нийгмийн туршилтын хохирогч болсон байдалтай байсаар л байна.
Төр данхайх хэрээр түүний зардал барагдахаа байж нийгэмд баян хоосон хүмүүсийн ялгаа улам бүр нэмэгдэх хэрээр зах зээл болон капитализмыг буруутгах үзэл суртлууд эрчимжиж, амьтай голтой төдий үлдсэн зах зээлийг төр засгууд улам бүр боомилсоор байна. Том бизнесүүд өнөөдөр төрийн эрх мэдэлтнүүдтэй үгсэх байдлаар зах зээл дээр шударга бусаар тоглож, өрсөлдөөнөөс хамгаалагдах аргаар нийгмийн баялагийн үлэмж хэсгийг өөрсдийн гарт төвлөрүүлсэн байдалтай болсон. Энэ бүх үйл ажиллагааг боломжтой болгодог төв банкууд мөнгө болон зээллэгийг зогсолтгүй манипуляцалсаар байх боловч тэдний үйл ажиллагаа ч гэсэн тогторгүйжиж байгааг үе үехэн хэрэгжүүлэх болсон уламжлалт бус арга хэмжээнүүдээс нь ойлгож болно.
Өнөөдөр Японы төв банк Никкей индексийн топ 225 корпорацийн хамгийн том хувьцаа эзэмшигч. Европын Холбооны төв банк Европын корпорацийн бондын 10 хувийг эзэмшдэг. Хөгжингүй улсуудын төв банкуудын бодлогууд өөр хоорондоо улам бүр ижил болох хэрээр эдгээр улсуудын эдийн засаг стагнацад орсоор. Төв банкуудын энэхүү бодлого нэг ёсондоо төр ба хувийн хэвшлийн ялгааг арилгаж нэг ёсондоо эдийн засгийг нийгэмчилж эхэлсэн гэлтэй.
Эдийн засгийн ухаан монополийг ямагт хэрэглэгчдийн эрх ашигт хохиролтой тухай сануулдаг. Төр засгууд ч тэр зах зээлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс интервенц хийж хутгалдах шалтгийнхаа тоонд монополь болон картельчлалын үйл ажиллагаатай тэмцэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлнэ. Гэтэл эдийн засгийн бүхий л арилжаа, трансакцад голлох үүрэг гүйцэтгэдэг мөнгө буюу арилжааны хэрэгслийн монопольчлол нь өнөөгийн төрийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болсон байдалтай байгаа нь үнэндээ бол монополийн цаадх монополь гэдэг нь илэрхий.
Тодорхой нэг бараа бүтээгдэхүүний зах зээлд ноёрхсон монополийн хор хохирол учруулах далайц нь тухайн салбараараа хязгаарлагддаг бол мөнгөн тэмдэгтийн монополь нь бүхий л эдийн засгийг тэр даяар нь хамарсан эдийн засгийн уналт, хямралын мөчлөгийн цаламд эдийн засгийг цаг ямагт урхидах аж.
Жич: Дараагийн бичвэрт энд дурдагдаагүй, төв банк болон хэсэгчлэн нөөцлөх банкны эдийн засагт голчлон үзүүлэх нөлөөлөл болох бизнесийн мөчлөг ба инфляцийн сэдвийг хөндөх болно.
Нямдоржийн ХАСАР
Холбоотой мэдээ