"Аравхан настай хүүхэд аймшигтай шийдвэр гаргаж байгаа нь эмгэнэл"

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

"Аравхан настай хүүхэд аймшигтай шийдвэр гаргаж байгаа нь эмгэнэл"

"Аравхан настай хүүхэд аймшигтай шийдвэр гаргаж байгаа нь эмгэнэл"

Улсын Ерөнхий Прокурорын газраас сүүлийн жилүүдэд Монгол Улсад амиа хорлолтын нөхцөл байдлын талаар судалж ирсэн. Тус судалгааны багийн удирдагч, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд манай улсад амиа хорлох үзэгдэл эрс ихэссэн. Хамгийн сүүлд хийсэн тоон судалгаануудаасаа танилцуулахгүй юу?

-Прокурорын байгууллагаас 2017-2018 онд “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ын шалтгаан нөхцөл, түүнд нийгэм эдийн засаг, гэр бүл, сургуулийн орчны нөлөөллийг 2012-2016 оны байдлаар судалсан. Энэ судалгааны онцлог нь анх удаа амиа хорлосон шалтгаан нөхцлийг шалгасан эрүүгийн 2055 хэргийг хамруулж, амь хохирогч бүрийн нийгэм хүн ам зүй, хувийн байдал, сэтгэл зүйн байдал, амьдарч байсан орчин зэрэг нийтдээ 7000 гаруй мэдээлэл цуглуулж, мэргэжлийн судлаачдын баг бүрдүүлэн хийсэн судалгаа юм. Жилд дунджаар 411 хүн амиа хорлож байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлосон болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байна. Амиа хорлолтоор Монгол Улс дэлхийд гуравдугаар байранд жагсаж байна. Насны бүлгийн хувьд авч үзвэл 29.4 хувь нь 10-25 нас хүртэлх, 70.6 хувь нь 29-өөс дээш насныхан амиа хорложээ. ДЭМБ-ын мэдээлснээр, 15-29 насны залуучуудын нас баралтын тэргүүлэх гурван шалтгааны нэгд амиа хорлолт орж байна. Монгол Улсад өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах нөхцөл бий болж байгааг судалгааны дүн харуулсан.

Амиа хорлолтод голдуу юу нөлөөлж байна вэ. Гэр бүлийн орчин, ажил төрөл, санхүү зэрэг нөлөөлөх хүчин зүйлсийн талаар тайлбарлаж өгөхгүй юу? 

-Амь хохирогчдын 58.5 хувь нь амьжиргааны доод түвшнээс дөнгөж дээгүүр орлоготой, 41.4 хувь нь амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой байсан. Залуучуудын дунд амиа хорлолт их байгаад ажилгүйдэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хувийн болон гэр бүлийн таарамжгүй харилцаа, архи, мансууруулах бодисын хэрэглээ, бусдын дарамт шахалт зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлж байна. Нийт амь хохирогчдын амиа хорлосон нөхцөл байдал, үхэлд хүргэсэн шууд бус нөлөөллийг нэгтгэн дүгнэвэл, ажилгүйдэл, амьдралын боломжгүй байдал, санхүүгийн хямрал буюу өртэй байсан түүнийгээ дарах боломжгүй болсон, сэтгэл санааны зовлон шаналал, амьдралын бэрхшээл, бусдаас хараат байх нөхцөл, ганцаардал, мөн хардалт, огцом уурлаж бухимдсан, эсвэл гэмт хэрэгт шалгагдаж байхдаа сэтгэлзүйн хувьд дарамтад орсон зэрэг шалтгаанууд тогтоогдож байсан. Дээр дурдагдсан бэрхшээлийг давж туулах боломжгүй мэт санагдах үед хүний сэтгэл санаа тогтворгүй болж, улмаар хэн ч өөрт нь туслахгүй, дээрх байдлаас гарах ямар нэг гарцгүй, найдваргүй гэсэн мэдрэмж бодол нь улам бүр даамжирч, энэ аймшигт үйлдлийг хийдэг байна.

-Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэй хүмүүсээс тав дахин их байгаа талаар та хэллээ. Энэ нь ямар учир шалтгаантай вэ?

-Судлаач хүний хувьд эрэгтэйчүүдийн дунд архины хэрэглээ өндөр, амьдралын буруу хэв маяг, мөн эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл зүйн хувьд асуудлаа нээлттэй ярилцаж чаддаггүй зэрэг байдал нөлөөлсөн гэж дүгнэж байна. Зан төлвийн хувьд амь хохирогчдын 610  буюу 29.6 хувь нь дуугүй, зожигдуу, найз нөхөд цөөн, 550 буюу 26.7 хувь огцом ууртай, биеэ барихдаа муу, 552 буюу 26.8 хувь нь тайван дөлгөөн, дийлэнх тохиолдолд амь хохирогчид асуудлаа ярьдаггүй, нээлттэй биш байсан нь судалгаагаар тогтоогдсон. Нийт 2055 тохиолдлын 35.7 хувь буюу 734 тохиолдолд амь хохирогч урьд нь амиа хорлох оролдлого хийж байсан.

Асуудлаа бусдад хэлж чадаагүй шалтгааныг бүр хүүхэд байх үеэс нь авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл "Хүүхдийг дуугүй, томоотой, даруухан бай" гэж шахахаасаа илүү нээлттэй, чөлөөтэй, өөрийгөө илэрхийлэх чадварт сургасан бол тухайн хүн өөрт нь аливаа нэгэн асуудал тулгарахад бусдад хэлж, асуудлаа шийдэж чадах байсан. Гэтэл томчууд бид хүүхдэд уурлах, бухимдлаа илэрхийлэх боломж өгдөг билүү. Амьдралын ачааллаас болж стресстсэн бухимдлаа хүүхдэд гаргадаг, загнадаг, зоддог, ер нь л багаас нь энэ амьдрал хэцүү байгаа нь хүүхдийн буруу юм шиг ойлголтыг хүчирхийллийн аргаар ихэвчлэн ой тойнд нь суулгасан байдаг.

Ялангуяа эрэгтэй хүүхдийг уйлж болохгүй гэж хүмүүжүүлж байгаагийн хортой үр дагавар нь тухайн хүүхэд насанд хүрсэн хойноо өөрт нь асуудал тулгарахад нээлттэй байж, шийдэх гарцыг олж чадахгүйд хүргэж байгаа юм.

Дуугүй, томоотой, хэнтэй ч муудалцдаггүй, урдахаа л хийгээд явж байдаг, хэзээ ч ийм үйлдэл хийх хүн биш гэх зэргээр амь хохирогчийг тодорхойлж дүгнэсэн байдаг. Гэтэл бодит байдалд 25-хан настай залуу сэтгэлийн ямар дарамттай байсныг нь анзаарсан хүн нэг ч байдаггүй. Эрхтэн бүтэн, хэрэг төвөгт орооцолдоогүй, хүнтэй муудалцахгүй байгаа нь эрэгтэй хүүхдийн сайн тал гэж харж байгаа нь өрөөсгөл. Эрэгтэй хүүхдийг сэтгэлзүйн хувьд сөрөг хандлага гаргах, түүнийгээ илэрхийлэх ямар ч боломжгүй, гэр бүлээ тэжээх ёстой, уйлах нь арчаагүйн шинж, зовлон тоочиж болохгүй, эсхүл мөнгө олж ирсэнгүй, эсхүл өөр хэн нэгэнтэй адилтгаж “арчаагүй, архичин, ажилгүй” гэх зэргээр хүүхэд байхаас нь эхэлсэн энэ буруу хүмүүжил, хандлага насанд хүрсэн хойно нь ч сэтгэл зүйн хүчирхийлэл хэлбэрээр үргэлжилж, энэ нь зарим тохиолдолд Би хэнд ч хэрэггүй юм байна гэсэн бодолд хүргэснээр энэ аймшигт үйлдлийг хийхэд хүргэдэг.

Эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг, тэдэнд сэтгэлзүйн тусламж, зөвлөгөө өгдөг, нээлттэй ярилцаж, асуудлыг нь сонсдог газар хэд байгаа бол. Олны дунд “эрчүүдийн эрхийг хамгаалдаг ганц газар нь эрүүлжүүлэх” гэж хошигноод байгаа нь үнэний хувьтай л байна шүү дээ.

"АМИА ХОРЛОЛТОД ӨРИЙН ДАРАМТ НӨЛӨӨЛЖ БАЙНА"

-Ажилгүйдэл нэг хувиар нэмэгдэхэд амиа егүүтгэгчдийн тоо нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Нийгэм, эдийн засгийн байдал амиа хорлолтод хэрхэн нөлөөлж байгаа талаар та дэлгэрэнгүй судалж үзсэн үү?

-Дэлхий даяар жил бүр 800 мянга гаруй хүн амиа хорлодог байна. ДЭМБ-аас гаргасан 2001 оны судалгаагаар 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож, жилд 10-20 сая хүн амиа хорлох оролдлого хийж байсан бол 2020 он гэхэд 20 секунд тутамд нэг хүн амиа хорлож, амиа хорлох оролдлого 10-20 дахин өсөх буюу жилд 1.53 сая орчим хүн амиа хорлох төлөвтэй, нийт амиа хорлосон тохиолдлын 79 хувь нь бага, дунд орлоготой орнуудад тохиолдож байна гэж дүгнэсэн байдаг. Ажилгүйдэл нь ядуурлыг бий болгох шууд нөхцөл, архидалтын шалтгаан, архидалт нь хүчирхийллийн бас нэг том шалтгаан гээд үзэхээр амьжиргаагаа яаж залгуулах нь тодорхойгүй, өрийн дарамтад орсон зэрэг нь бас шууд нөлөөлж байна.

-Өсвөр үе, насанд хүрэгчдийн аль нь хамгийн их амиа хорлодог вэ?

-2012-2016 онд бүртгэгдсэн 2055 тохиолдлоос 605 нь 10-14 насны буюу өсвөр насныхан байсан байна. 2016 онд Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсын хүний хөгжлийн талаарх” суурь судалгааг 16-17 насны сурагчдын дунд явуулсан байдаг. Сурагчдын дунд явуулсан асуулгаар, сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар нухацтай бодож байсан гэж хариулсан нь судалгаанд хамрагдагчдын 26.1 хувь, амиа хорлохыг завдаж байсан гэж 10.7 хувь нь хариулсан байдаг. Аравхан настай хүү, 12-хон настай охин насанд хүрсэн эрүүл хүний толгойд ч багтамгүй аймшигт шийдвэр гаргаж байгаа нь зөвхөн тухайн гэр бүлийн биш нийгмийн эмгэнэл юм. Хүүхдүүдийн хариулсан байдлыг судалгааны тоон үзүүлэлттэй харьцуулаад  харахад дан ганц томчууд биш хүүхдүүд сэтгэцийн тулгамдсан асуудалтай, гарах гарцаа мэдэхгүй байгаа нь ажиглагдаж байна.

"МОНГОЛЧУУД СЭТГЭЛЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛД МАССААРАА ӨРТСӨН"

-Сурагчид сургуулийн орчин дахь гадуурхалаас үүдэн амиа хорлох явдал ихэссэн. Энэ тал дээр хуулийн байгууллагууд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Өнөөдөр хүүхэд аюулгүй байх хамгийн найдвартай орчин бол сургууль болон гэр. Хамгийн итгэлтэй, найдвартай аль ч үед тусалж дэмжих ёстой хүн нь багш, эцэг байх ёстой атал хүүхэд энэ орчинд хамгийн их ганцаардаж, тулгарсан асуудал, бэрхшээлээ хэнд ч ярьж чадахгүйгээр амиа хорлох алхмыг сонгож байгаа нь харамсалтай. Суурь судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлоход хүргэсэн шалтгаан, нөлөөлөл нь тэдний хүмүүжил болон зан байдлын онцлог, өссөн орчин болон амьдарч буй орчин, гэр бүлийн хүчирхийлэл, үерхэж буй охин, хөвгүүнтэй муудалцах, тохиолдлын бэлгийн харилцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, зан төлвийн тогтворгүй байдал, эцэг эхийн анхаарал халамж дутмаг, хойд эцэг, эхтэйгээ ойлголцдоггүй, өөрт тулгамдаж буй асуудлынхаа талаар эцэг, эхдээ ярьдаггүй гэх мэт олон хүчин зүйлтэй холбоотой байжээ.

Судалгааны дүнгээс харахад өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харьцаа, сурган хүмүүжүүлэгчийн шударга бус харьцааны улмаас сэтгэл гутралд орж, амиа хорлосон тохиолдлууд байгаа бөгөөд сүүлийн үед өсөх хандлагатай байгаад холбогдох газрууд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Өсвөр насны хүүхдүүд нь зан төлөв, сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшиж амжаагүй байдаг учраас тэдэнтэй ярилцаж, тэднийг ойлгох, сэтгэл зүйн хямрал, гутрал, тогтворгүй байдлыг даван туулахад чиглэгдсэн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байх нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм. Хүний шууд буруутай үйлдлээс гадна бусдыг үхэлд хүргэж болзошгүй олон хүчин зүйлээс сургуулийн орчинд урьдчилан сэргийлэх боломжтой юм.

-Сэтгэлийн хат муутай хүмүүс амиа хорлохыг оролддог гэж шууд хэлж болох уу?

-Болохгүй. Хамгийн гол нь амь хохирогчид тулгамдсан асуудлаа хэнд хэлж, яаж даван туулахаа мэдэхгүй, шаналж яваа хэдэн хүн байгааг бид мэдэхгүй. Амь хохирогчийг “Иймхэн зүйлээс болж амиа хорлох гэж” гэж нийгэмд буруутгах хандлага байдаг. Гэтэл амиа хорлосон иргэдийн 85 хувь нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байсан. Сэтгэлзүйн боловсрол олгох, сэтгэлзүйн эмчилгээ, үйлчилгээ манай улсад орхигдсоноос болж энэ хэрэг ингэж даамжирч байна.

Монголчууд нийгмийн стрессээс үүдэлтэй сэтгэлзүйн тулгамдсан асуудалд массаараа өртсөн. Нийгмийн сэтгэл зүйд ажилгүйдэл, ядуурал, архидалтаас гадна тухайн гэр бүлд учирсан уй гашуу хүртэл нөлөөлнө.

Жишээлбэл, 10 жилийн сурагчдын дунд эцэг, эх, ойр дотнын хүнээ өвчин зовлон, ослоор алдсан хүүхэд цөөнгүй бий. Гэтэл энэ хүүхэд уй гашуугаа хэрхэн тайлж, хэнтэй хуваалцахаа мэдэхгүй байна. Их, дээд сургуулийн оюутан гэмт хэрэгт холбогдоод амиа хорлож байна. Яагаад гэвэл тухайн тохиолдол нь тухайн хувь хүний сэтгэл зүйн онцлогоос хамаарч маш хүнд цохилт болж тусч байна. Насанд хүрсэн хүн насанд хүрээгүй хүнд тулгарсан бэрхшээлийг өөрсдийн нүдээр “жижиг” гэж харж байгаад асуудлын гол оршиж байгаа юм. Гэтэл хүүхэд өөрт тулгарсан асуудлаа хэнд ярьж, яаж даван туулахаа мэдэхгүй байх, шилжилтийн насанд яваа үедээ амиа хорлох тохиолдол олон гардаг. Тэр бүү хэл, насанд хүрэгчдийн зүй бус харилцаанаас болж амиа хорлох тохиолдол хүртэл гарч байсан.

Амь хохирогчдын амиа хорлохоос өмнөх нөхцөл байдлыг авч үзвэл ихэнх тохиолдолд өөрийгөө гэмтээх, эсвэл амиа хорлоно гэж заналхийлэх, амиа хорлох арга зам, хэрэгслийг эрж хайсан, сэтгэлзүйн хувьд мухардаж, амьдралын зорилгогүй болсноо илэрхийлэх, уурлаж хилэгнэх, эсвэл өшөө авахыг эрэлхийлэх, бодлогогүй үйлдэл хийдэг байж. Мөн согтууруулах ундаа, эсвэл мансууруулах бодисын хэрэглээгээ нэмэгдүүлэх, найз нөхөд, гэр бүл, нийгмээс өөрсдийгөө тусгаарлах, сэтгэл тавгүйтэх, цухалдах, эсхүл зан ааш нь огцом өөрчлөгдөх, нойргүйдэх, байнга унтах, бусдад ачаа дарамт болж байна гэж үзэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байсан нь амь хохирогчид сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан нь тогтоогдож байсан. Манай улсад сэтгэлзүйч бэлтгэдэг сургууль нь байдаг. Гэтэл эдгээр хүмүүсийг ажлын байраар хангадаггүй, сэтгэлзүйчийн мэргэжлийн ач тусыг ойлгож мэдэхгүй байгаа нь харамсалтай байна.

Амиа хорлох сэдэлтэй хүмүүсийн тулгамдсан асуудлыг цогц бодлогын хүрээнд шийдэхэд сэтгэлзүйчид чухлаас гадна бусад шаардлагатай зүйлс юу вэ?

-Нэгдүгээрт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох газрууд улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа боловч амиа хорлох нь гэмт хэрэг, зөрчил биш учраас хүн амын дундах амиа хорлох тохиолдлоос урьдчилан сэргийлэх ажил орхигдсон тул амиа хорлолтыг бууруулахад чиглэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх. Хоёрдугаарт, Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн өөрчлөлт, эмгэгтэй болон согтууруулах, мансууруулах бодисын байнгын хамааралтай болсон хүмүүсийн судалгаа, нэгдсэн бүртгэл, түүнчлэн амиа хорлох оролдлого хийсэн болон амиа хорлосон тохиолдлыг бүртгэх мэдээллийн сан бүрдүүлэн холбогдох байгууллагууд улсын хэмжээнд нэгдсэн сүлжээтэй болж, тэдгээр хүмүүст тавих хяналт, харилцан мэдээлэл солилцох, хангах ажлыг сайжруулах.

Гуравт, өсвөр насны хүүхдийн дундах амиа хорлох тохиолдол жилээс жилд өсч байгаа нь нийгмийн эмгэнэлт үзэгдэл болсонд төр анхаарлаа хандуулах болжээ. Иймд дунд сургууль, их дээд сургуулиудад сэтгэл зүйн сургалтыг тогтмол явуулж байх, мэргэжлийн сэтгэл зүйчийг ажиллуулах саналыг холбогдох газар хүргүүлэх. Дөрөвт, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид сурагчдадаа тавих анхаарал халамж, сурагчдынхаа эцэг эхтэй харилцаа бага, өөрийгөө хэрхэн бусдад ойлгуулах, сэтгэл гутралд орвол хэрхэн даван туулах талаар зөвлөдөггүй, тухайн хүүхдийн зан байдал, сэтгэл зүйн онцлог, ар гэрийн амьдрал зэргийг мэддэггүйн улмаас багш, сурагчдын хоорондын харилцаа сул, зөвхөн хичээлээ заагаад ангиас гарах бус хүүхдүүдийн төлөвшилд анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй. Тиймээс цэцэрлэг, арван жилийн сургуульд байхаас нь эхлээд сэтгэл зүйн боловсрол олгох, цаашлаад сэтгэл зүйн хямралд өртсөн иргэдэд туслах тусламжийн төвийг олноор байгуулах хэрэгтэй байна.

Мөн их дээд, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт хүүхэд, залуучуудад бэрхшээлийг даван туулах арга ухаан, сэтгэл зүйн боловсрол олгох сэтгэл зүй болон төлөвшлийн сургалтын цагийг нэмж мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл судлаач тогтмол ажиллуулах, амиа хорлох оролдлого, тохиолдол бүрийг бүртгэн Сэтгэл судлалын үндэсний төвд мэдээлж хүүхэд, залуус сэтгэл зүйн эмчилгээ, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх шаардлагатай.

-Бусдыг амиа хорлоход хүргэсэн нь тогтоогдож, Эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдлууд хэр олон байдаг вэ?

-Шүүхээр шийдвэрлэгдсэн бусдыг амиа хорлоход хүргэсэн хэргүүдээс дүгнэхэд эмэгтэйчүүд амиа хорлож нас барсан хэрэг эрэгтэйчүүдийн амиа хорлож нас барсан хэргээс 2.1 дахин их буюу амь хохирогчдын 68.42 хувийг эмэгтэйчүүд, 31.57 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг.

Энэ нь гэр бүлийн хүчирхийллээс улбаатай бөгөөд эмэгтэй хүнийг нийгмээс тусгаарлах, санхүүгээр боомилох, хардаж зодох, бие хүнийх нь хувьд хэн ч биш мэтээр харьцах зэргээс болж эмэгтэйчүүд энэ дарамтыг тэсвэрлэхгүй аймшигт үйлдэл хийсэн байдаг.

-Амиа хорлож болзошгүйг сэрэмжлүүлэх шинж тэмдгүүд гэвэл юу юу байх вэ?

-Таны ойр дотнын хэн нэгэн, найз нөхөд, гэр бүлийн гишүүн, хамт ажилладаг хүн хэн ч бай

  • Мухардаж, эсвэл ямар ч амьдрах шалтгаангүй болсон мэт санагдаж байгаа тухайгаа ярих
  • Гарах гарцгүй болсон мэт санагдаж, эсвэл тэсэхийн аргагүй өвчин шаналал мэдэрч байгаа тухайгаа ярих
  • Бусдад ачаа дарамт болж байгаа гэж ярих
  • Согтууруулах ундаа, эсвэл мансууруулах бодисын хэрэглээгээ нэмэгдүүлэх
  • Ямар ч шалтгаангүйгээр хувийнхаа эд зүйлсийг бусдад өгөх
  • Сэтгэл нь тавгүйдэж, цухалдах, эсвэл тайван бус зан байдалтай байх
  • Өөрийгөө бусдаас тусгаарлан, ганцаардмал байдалд орох
  • Уурлаж, хилэгнэх, эсвэл өшөө авахыг эрэлхийлэх
  • Зан ааш нь огцом өөрчлөгдөж байгаа байдал ажиглагдаж байгаа бол та нэн даруй эмнэлгийн тэр тусмаа сэтгэлзүйн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандаарай гэж зөвлөмөөр байна.

-Сүүлийн үед иргэд цахим орчинд түлхүү анхаарал хандуулдаг болсон. Гэвч үүний улмаас хүний эрх, эрх чөлөөнд халдах, цаашлаад амиа хорлох нөхцөл болж байгааг ч үгүйсгэхгүй. Ялангуяа фэйсбүүк, твиттерээр хүний эрх маш их зөрчигдөж байна. Иргэд юунаас үүдэж, цахим хэрэглээг хэтрүүлж, хүний эрхийг зөрчөөд байна вэ?

-Цахим орчин нэг талаараа хэсэг хүмүүсийн бухимдал, уур хорслоо тайлдаг талбар болсон байна. Хэн нэгнийг коммент нэрийн доор доромжилж бах таваа хангадаг, худал мэдээлэл түгээж нэр төрд нь халдах, гутаах байдал хэрээс хэтэрч байна. Шүүмжлэл доромжлолыг нэг зүйл гэж ойлгодог хэсэг ч байхад санаатайгаар энэ үйлдлийг хийдэг хэсэг байна. Мөн хүчирхийллийн хохирогчийг өөрөө хүсээгүй байхад нь нийтэд ил болгож байгаа нь маш том эрсдэл дагуулдаг. Тухайлбал, бэлгийн хүчирхийллийн хохирогч насан туршийн хохирогч болж үлддэгээрээ хор аюул нь байдаг. Гэтэл хохирогчийн амьдарч буй газрыг нь заагаад бичихэд сум, багт амьдардаг байлаа гэхэд тухайн хүн хэн бэ гэдгийг нь шууд мэдэх боломжтой, эсхүл сүүлийн үед амиа хорлох үйлдэл хийсэн хохирогчийг аварсан тохиолдол нэлээдгүй гарсан. Гэтэл тухайн хүнийг бас л мэдэж болох хэмжээгээр тодорхойлж, зарим тохиолдолд зургийг нь тавьж байгаа нь эргээд энэ хүмүүс нийгэм дунд орохоос айдаг, ичдэг, энэ асуудлыг нь бүх хүн мэдэж байгаа, энэ байдал нь гутамшигтай гэж ойлгосноос болж буруу үйлдэл хийх эрсдэл бий болгож байна.

Насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл хүн цахим орчинд бусдын эрхийг дээдлэх ёстойг мэдсэн, ойлгосон байх ёстой. Харамсалтай нь цахим хэрэглээг бусдыг чадах, гутаах хэрэгсэл болгож байгаа нь нэлээд байх шиг. Хамгийн аюултай нь цахим орчинд хүүхдүүдийг татан оролцуулж байгаагаа заримдаа ухаардаггүй. Эрдэнэ мэт хайрлах, хамгаалах, бусдын нүдний хор хүрэхээс ч хүртэл харамлах ёстой насанд хүрээгүй үр хүүхдийнхээ зургийг цахим орчинд тавьдгаа болиоч ээ, хүүхдийн чинь зургийг хараад гаж хүсэлдээ автан суугаа хэчнээн хүн байгааг мэдэх боломжгүй. Тиймээс та өөрөө хүүхдээ эрсдэлд оруулж байгаагаа ухаараач гэдгийг хэлээд ч эцэг, эхүүд харамсалтай нь ойлгохгүй байна л даа. Шувуу хүртэл өндгөө сүүдэр тусахаас хамгаалдаг биз дээ.

Цахим орчинд хүүхдийнхээ зургийг тавьснаар хүүхэд хар багаасаа л цахим орчинд зураг тавих нь маш чухал зүйл гэж ойлгож байна. Улмаар насанд хүрээгүй хүүхдүүд чатаар хүнтэй холбогдож, гэмт хэргийн хохирогч болж байна. Томчууд бид санаатай болгоомжгүй үйлдлээрээ хүүхэд гэмт хэргийн хохирогч болох нөхцөлийг нь тавьж өгч байна гэсэн үг. Нөгөө талаар хүүхэд бусад хүүхэдтэй “лайк”-ны төлөө өрсөлдөх буруу зуршил бий болгож байна.

-Иргэд яавал сошиал ертөнцөд хэм хэмжээг баримталж, бусдын эрхэнд халдахгүй байх вэ?

Гэр бүлийн амьд харьцаа байхгүй болж байгаа нь хамгийн том аюул юм даа. Өдөр тутамдаа бие биетэйгээ гар утсаар холбогдож байна, гэртээ бүгд утсаа бариад суучихна, энэ л хандлага чинь хүүхдийг гар утсанд донтуулах, цахим орчинд орж үзэх саваагүй хүслийг нь өдөөж байдгийг л ойлгомоор байна. Сэтгүүлчид өнөөдөр насанд хүрээгүй хүүхдээс эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй ярилцлага авч байгаа нь бас л хууль зөрчсөн үйлдэл мөн. Сэтгэл зүйн хувьд тайван бус, аливаа хүчирхийллийн хохирогч болсон хүүхэдтэй дураараа харьцаж байгаа нь тухайн хүүхдэд бий болох эрсдэлийг тооцоолоогүй, шуугиан тарьсан мэдээлэлд хэт автсан хариуцлагагүй үйлдэл юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж