Монгол Улсын Шадар сайдын дэргэдэх шуурхай ажлын баг энэ сарын 3-нд хуралдав. Тус хурал дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ирэх дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, дархлаажуулалтын явцын талаар танилцуулсан байна.
Шадар сайд С.Амарсайхан тусгаарлах байрны орчин нөхцөлийг сайжруулах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгажээ. Улсын онцгой комиссын Шуурхай штабыг шинэчилсэн зохион байгуулалтад оруулахыг мөн холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Сонгинохайрхан дүүрэгт гэрийн тусгаарлалтад орсон ч хэрхэн халдвар хамгааллын дэглэм сахих талаар мэдээлэл өгөхгүй байна гэх гомдол ирүүлсэн иргэнтэй утсаар холбогдож, мэдээлэл авчээ.
Мэдээллийн дагуу УОК-ын Шуурхай штабын албан тушаалтнуудыг газар дээр нь очиж ажиллан, зөрчил дутагдлыг арилгах үүрэг өгсөн байна. Тэрбээр иргэдэд хүндрэл чирэгдэл учруулалгүй, түргэн шуурхай ажиллаж, тусгаарлах байрны шинэчилсэн түр журмыг дагаж мөрдүүлэхтэй холбоотой мэдээллээр хангаж ажиллахыг даалгажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ