Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь хүчин чадлаасаа 3-5 дахин ачаалалтай болж, ашиглалтын хугацаа дууссан. Шинэ байгууламж барих шаардлагатай болсон ч хөрөнгө байхгүй тул шинэчлэлийн ажил хойшлогдсоор 2018 онд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 262.7 сая ам.долларын санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон билээ.
“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолоос хойш гурван жилийн нүүр үзээд буй. Тус байгууламжийн барилгын ажил хэзээ эхлэх талаар сурвалжиллаа.
Улаанбаатарчууд утаанаас салж, цээж дүүрэн амьсгалах хаврын урин цаг айсуй. Гэвч нийслэлийн зарим иргэдэд ийм боломж алга. Толгойт буюу хуучнаар Орбитын тойрог орчимд амьдардаг иргэд сайжруулсан шахмал түлшний хөө тортогоос гадна Төв цэвэрлэх байгууламжийн өмхий лагийн үнэрт эрүүл мэндээрээ хохирсоор байна. Таван шарын төмөр замын гарам гармагц машины цонхоор өмхий үнэр ханхална.
“ИРГЭД ӨВӨЛ, ЗУНЫ АЛЬ Ч УЛИРАЛД ЦЭВЭР АГААРААР АМЬСГАЛАХ АРГА АЛГА”
Бид хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд байрлах шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын талбай дээр очлоо. “Анхаар. Ухсан нүх рүү унахаас болгоомжил” гэсэн анхааруулга бүхий тууз татсан, барилгын талбайд ганц нэг өндөр кран харагдана. Талбайн урд хэсэгт томоохон хэмжээний суурийн цутгалт хийж, хучиж хамгаалжээ. Өвлийн улиралтай холбоотойгоор барилгын ажил түр зогссон учраас эзгүй хоосон талбай угтсан нь энэ.
Шинэ төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдана. Нийт 17.7 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Б.Батзоригийн хувьд энэ хороонд долоо дахь жилдээ амьдарч байгаа аж. Тэрбээр “Энэ хорооны нутаг дэвсгэрт Төв цэвэрлэх байгууламжийн өмхий илүү их үнэртдэг. Сүүлийн жилүүдэд өмхий үнэр нь арай гайгүй болсон. Ер нь бидэнд өвөл, зуны аль ч улиралд цэвэр агаараар амьсгалах арга алга. Шинэ цэвэрлэх байгууламж барина гээд хоёр, гурван жил боллоо. Хуучны 50, 60 жил болсон цэвэрлэх байгууламжийн асуудлаа хурдан шийдэж өгөхийг хүсч байна” гэв.
Тухайн хороонд дугуй засварын үйлчилгээ эрхэлдэг иргэн “Урин дулааны улиралд цэвэрлэх байгууламжийн бохир үнэртдэг хэвээрээ. Гадаа харьцангуй хүйтэн байгаа учраас бохирын үнэр үнэртэх нь бага байна. Одоо ч хүмүүс энэ үнэрт дасчихсан байна лээ. Олон жил ийм байдалтай байна шүү дээ. Шинэ цэвэрлэх байгууламж барьж байгаа гэсэн. Чухам хэзээ барилгын ажил нь эхлээд, хэзээ дуусах юм бүү мэд” хэмээн бухимдангуй ярилаа.
“ХЯТАДААС 500 АЖИЛТАН, МОНГОЛЫН 1000 ОРЧИМ АЖИЛТАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ”
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлжээ. Энэ хавар барилгын ажил эхэлбэл 2023 онд ашиглалтад орох сурагтай. Албаныхан ирэх дөрөвдүгээр сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж хэлсэн юм.
Бүтээн байгуулалтад ажиллах хүчний хувьд 50-иас доошгүй монголчууд байхаар гэрээндээ тусгасан бол тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь БНХАУ-аас импорлохоор болжээ. Энэ жил Хятадаас 500 ажилтан, дотоодоос туслан гүйцэтгэх 10 гаруй компанийн 1000 орчим ажилтан ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Монголын туслан гүйцэтгэгч компаниуд бетон, хайрга дайрга нийлүүлэх, барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах, харилцаа холбоо, цахилгаан, ус хангамж, ариутгал татуургын чиглэлээр ажиллах юм байна.
Цэвэрлэх байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Францын “Артелиа Вил энд Транспорт” компанийн ТЭЗҮ-ийг үндэслэн, БНХАУ-ын Шанхай хотын Инженерийн зураг төслийн институт гүйцэтгэжээ. Төслийн хэмжээнд нийт 45 нарийвчилсан зураг гарсан. Эдгээрийг монгол хэл дээр хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” болон “Криетив монголия” компанийн түншлэл хариуцаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай буйг мэргэжилтэн хэлж байв.
"ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД ХҮНИЙ ОРОЛЦООГ БАГАСГАЖ, ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛНЭ"
Уг байгууламж хоногт 250 мянган м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашиглан, эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дулаан, цахилгааны дотоод хэрэгцээний 34 хувийг хангах боломжтой аж.
Энэ талаар “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нэгжийн технологи хариуцсан инженер Д.Анхбат ярихдаа “Шинэ цэвэрлэх байгууламжид хүний оролцоог багасгаж, байгууламжаа үр ашигтай, эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын хугацаа урт байхаар зураг төслийг гаргасан.
Боловсон хүчний хувьд хуучин мэргэжилтнүүдээ сургахаас гадна сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллах инженер техникийн ажилчдыг бэлтгэнэ. Энэ асуудлыг холбогдох яамтай ярилцаж, мэргэжлийн их, дээд сургуулиудад хүсэлтээ тавьсан. Шинэ цэвэрлэх байгууламж дээр харьцангуй цөөн хүн ажиллаж, шинэ технологи нэвтрүүлж байгаагаараа давуу талтай” гэлээ.
“ЭНЭ ЖИЛ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ 50 ХУВЬД ХҮРГЭХ ЗОРИЛТТОЙ БАЙНА”
Түүнээс шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын талаар зарим зүйлийг тодрууллаа.
–Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил хэр удааширч байна вэ?
-Бид энэ хавраас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Үүний өмнө бэлтгэл ажлыг сайтар хангах ёстой. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хөдөлмөр хамгаалал болон аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн төлөвлөгөөг батлуулсан. Энэ жил барилга угсралтын ажлыг 50 хувьд хүргэх зорилттой байна.
Одоогийн байдлаар хөрсний ус зайлуулах, шугам сүлжээний ажил, үндсэн биологийн цэвэрлэгээ, суурийн цутгалтын ажлыг хийж дууссан. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийж, хамгаалалтын байдалтай байна. Гуравдугаар сарын сүүлчээр гүйцэтгэгч компанийн барилгын талбай дээр кемп бэлдэх, түр цахилгаан татах гэх мэт талбайн зохион байгуулалтын ажил хийнэ.
–БНХАУ-аас хэчнээн иргэн Монгол Улсад ажиллах хүчээр ирээд байна вэ?
-Хамгийн гол нь Хятадаас ажиллах хүч хилээр нэвтрүүлэхэд хүндрэл гарч болзошгүй байна. Гэрээний нөхцөлөөр Монгол талын гүйцэтгэгч энэ ажлын 50 хүртэлх хувийг гүйцэтгэнэ гэсэн ерөнхий заалттай. Үүний дагуу ажлаа эхэлнэ. Хятадын талаас хэчнээн ажилтан оруулж ирэхээ шийднэ. Эхний ээлжинд 125 ажилтан хилээр оруулахаар судалгаа хийж, холбогдох материалаа бэлдэж байна.
Өнгөрсөн онд Засгийн газраас квот өгсний дагуу Хятадаас 100 гаруй инженер техникийн ажилчин орж ирсэн. Тэднээс голлох инженер техникийн ажилчид үлдэж, 70 хувь нь буюу бусад нь нутаг буцсан.
-Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил цар тахалтай холбоотойгоор хэр хугацаагаар хойшлогдов. Ашиглалтад орох хугацаа үүнтэй холбоотойгоор хойшлогдох уу?
-Бид барилга угсралтын ажлыг анх баталсан графикийн дагуу гүйцэтгэж байна. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулахгүй. Барилга угсралтын ажлыг 2023 оны аравдугаар сард дуусгаж, үүнээс хойш туршилт, сургалтын ажил хийх ёстой.
Бохир усыг хүлээн авч хэрхэн цэвэрлэх, ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх, инженер техникийн ажилчдыг бэлтгэх гэх мэт ажил жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх 2024 ондоо багтаж ашиглалтад оруулна. Бүтээн байгуулалтын санжүүжилтийг гэрээний дагуу Сангийн яамнаас хэвийн олгож байна.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ