Солонгосчуудын "өшөө авалт"

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

Солонгосчуудын "өшөө авалт"

Солонгосчуудын "өшөө авалт"

"Гүйх нохойд гүйхгүй нохой саад" гэгчээр Солонгосын амжилттай яваа урлаг, спортын оддын карьерыг арван жилийнх нь найзууд үгүй хийж байна. Хэдхэн жилийн өмнө Америкт бэлгийн дарамтад орж, хүчирхийлэлд автаж байсан эмэгтэйчүүдийн “#metoo” аян өрнөж, Холливудын жүжигчдээс эхлээд спортын шилдэг тамирчид, АНУ-ын сенаторын булхай хүртэл илчлэгдэж байв.

Түүнтэй ижил "илжин" буюу сургуулийн танхай, дарангуйлагч хүүхдүүдийг тодруулах аян өдгөө Өмнөд Солонгост өрнөж эхэллээ. Энэхүү аяны хүрээнд та бидний төсөөлөөгүй тамирчид, дуучид, жүжигчид зэрэг олны танил хүмүүсийн дунд, ахлах сургуульдаа хэрхэн хүчирхийлэл үйлдэж, дээрэнгүй зан гаргаж байсан талаарх өнгөрсөн дэх хар бараан үйл явдлууд ээлжлэн ил болсоор байна.

Чи мартсан ч бид мартахгүй

Анх хэзээнээс эхэлсэн нь тодорхойгүй ч сүүлийн нэг сарын хугацаанд алдартнуудын ахлах, дунд сургуулийн булхайг дэлгэх аян эрчээ авч байна. "Netizens" буюу интернэт иргэд ээлж дараалан цахим сүлжээнд өөрсдийн мэдэх түүхүүдээ хуваалцсаар буй юм.

"Netizen" гэдэг нь англи хэлний "net", "citizen" гэх үгүүдийн нийлбэр юм.

Ихэнхи одод 5, 10 жилийн өмнө юу болсныг санахгүй байгаа бол хохирогчид он, сар, өдөртэй нь болсон үйл явдлыг хүүрнэж байна. Жишээлбэл, хөлбөмбөгийн тамирчин Ки Сү Ёнд дээрэлхүүлж байсан хохирогчид 21 жилийн өмнөх үйл явдлыг санаж байгаа нь хачирхалтай. Түүнд зодуулж байсан гэгдэж буй хоёр хохирогчийн хэлснээр, 2000 оны нэг болон зургадугаар саруудад Ки Сү Ён тэнийг хэлснийг нь хийгээгүй гэж зоджээ.

Дээрх хоёр хохирогч өмгөөлөгчөөрөө дамжуулан нотлох баримт бий гэж мэдэгдсэн аж.

Хамгийн эхний том сенсаци Өмнөд Солонгосын волейболын шигшээ багийн ихэр тамирчидтай холбогдсон. Өдгөө 24 настай Да Ён, Жэ Ён хоёрыг дунд сургуульд байхдаа ангийнхаа болон багийнхаа хүүхдүүдийг дээрэлхдэг байсныг хохирогчид нь ил болгов. Тамирчид ч буруугаа хүлээж, хохирогчидтой биечлэн уулзахыг хүссэн.

Токиогийн ирэх олимпод шигшээ багаа амжилтад хөтлөнө гэгдэж байсан шилдэг тамирчид энэ хэргээс болж шигшээ багаасаа хөөгдсөн юм. Үүний дараа монголчуудын сайн мэдэх “Itaewon Class”-ийн гол дүрийн жүжигчдийн нэг Ким Дон Хиг ахлах сургуульдаа хүчирхийлэл үйлддэг байсан гэх мэдээлэл цацагдав. Залуу жүжигчний хувьд сургуулийнхаа хашаанд, тэр дундаа ангидаа тамхи татдаг байжээ. Мөн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг алгадаж, зарим хүүхдүүдийг гаднах өнгө үзэмжээр нь дооглодог байсан аж.

Саяхан "JYP" энтертайнментаас жүжигчнээ бүхий л талаар дэмжихээ илэрхийлжээ.

Жүжигчин Ким Дон Хи

Одоогийн байдлаар энэхүү аяны хүрээнд хамгийн том хохирол амсаад буй хүнээр Солонгосын волейболын шигшээ багийн тамирчин Пак Сан Ха тодроод байна. Өдгөө 34 настай түүний дунд сургуульдаа ангийнхаа хүүхдийг зодож байсан нь илчлэгдэж, өөрөө хариуцлагаа үүрэн, их спортоосоо зодог тайлж буйгаа зарлав.

Харин хүчирхийлэл үйлддэг байсан нь хөдлөшгүй баримт, нотолгоогоор тогтоогдсон од бол жүжигчин Жо Бюн Гью. Өдгөө 24 настай “Girls’ Generation 1979”, “Sky Castle” зэрэг кинонуудад дүр бүтээж байсан тэрбээр Шинэ Зеландын Окленд хотод дунд сургуулиа дүүргэсэн бөгөөд солонгос сурагчдын дунд алдартай байжээ.

Түүнд зодуулж байсан гэх хохирогч “Нэг өдөр сургууль эрт тараад, Жо Бюн Гью нэг найзынхаа хамтаар намайг хүчээр караоке руу дагуулж явсан. Караокены төлбөр 30 гаруй долларыг би төлсөн. Тэд намайг сүүлийн дууг дуул гэсэн боловч би хөгжмийн сонсгол муутай учир сайн дуулж чадахгүй гэдгээ хэлсэн. Гэвч тэр микрофон барьж аваад намайг цохиж эхэлсэн. Миний өвдөг, хөл, мөр рүү цохиж байсан. Намайг дуулж эхэлмэгц тэд шоолсон” хэмээн нотлох баримт болсон зургуудыг дэлгэжээ. Гэвч удалгүй тус зургуудыг дэлгэсэн инстаграм хуудас устсан байна. Жо Бюн Гью гарах гарцгүй болж KBS телевизийн бүтээж буй “Come Back Home” шоунаас өөрийн хүсэлтээр гарчээ.

Жүжигчин Жо Бюн Гью

Мөн түүний адилаар “Stray Kids” хамтлагийн дуучин Хьюнжиний бохир үйлдэл нотлох баримтын хамт ил болжээ. Тэрбээр ангийнхаа групп чатанд нэгэн хүүхдийг “Чиний хоол их идээд байгаа чинь надад таалагдахгүй байна. Чи бол бусад хүүхдүүд хоол идэж чадахгүй байгаа шалтгаан. Чи ээжгүй учраас л ийм идэмхий байгаа юм” гэх зэргээр доромжилжээ.

Энэхүү чат задарсны дараагаар дахин нэгэн хохирогч гарч ирсэн бөгөөд тэрбээр “Хван Хьюнжинтэй би нэг анги байсан. Хөлбөмбөг тоглож байх үеэр тэр намайг бөмбөг хаасангүй гэж зодсон. Тэр үеэс хойш тэр үргэлж намайг доромжилж, миний өндрийг шоолдог болсон. Биед маань ул мөр үлдээгүй ч би боломжтой бүхий л баримтуудыг цуглуулсан” гэжээ. Хохирогчдын удаа дараалсан мэдэгдлүүдийн дараа “Stray Kids” хамтлаг тоглолтод оролцсон ч Хьюнжин өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй аж.

Дээрх олны танил хүмүүсээс гадна цагтаа Английн Премьер лигийн Суонси, Сандерланд, Ньюкасл Юнайтед зэрэг багуудад хүчин зүтгэж явсан хөлбөмбөгч Ки Сү Ён, "(G)I-DLE" хамтлагийн дуучин Сүжин, "iKon" хамтлагийн дуучин Юнхёон, "I.O.I" хамтлагийн гишүүн асан Ким Со Хи, "The Boyz" хамтлагийн Сүнвү, "Loona" хамтлагийн дуучин Чү, "(G)I-DLE" хамтлагийн дуучин Со Ён, "Monsta X" хамтлагийн дуучин Киюүн, "EVERGLOW" хамтлагийн Аиша, дуучин ХьюнА нар сургуульд байхдаа ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхэж, бэлгийн дарамт үзүүлж, доромжилдог байсан гэх мэдээлэл гараад байна.

Өчигдөр (2021.03.03) л гэхэд жүжигчин Жи Сү болон "MIRAE" хамтлагийн дуучин "Khael" нарын булхай дэлгэгдлээ. Жи Сү дунд сургуульд байхдаа ангийнхаа хүүхдийг уух юм авч өгсөнгүй гэж зодон, ангийнхаа хогийн саванд шээсэн тухай мэдээ гарсан бол “Khael”-ийг ангийнхаа хүүхдийг зодож, тамхи татаж, архи уудаг байсан гэв.

Хэлмэгдэгсэд

"Netizen" нарын цахим сүлжээнд нийтэлж буй мэдээллүүдийн зарим нь ор үндэсгүй, бусдын нэр төрийг санаатайгаар гутаан доромжилж буйг эхнээсээ тогтоогоод байна. Саяхан хүчирхийллийн хэрэгт холбогдсон жүжигчин Пак Хи Сүгийн хэргийг худал, баримт нотолгоогүй болохыг тогтоожээ.

Тэрбээр доод ангийнхаа охидыг зоддог, дээрэлхдэг байсан гэдэг мэдээлэл худал аж. Мөн “ITZY” хамтлагийн "LIA" ангийнхаа хүүхдийг таван жил зодсон нь, "Seventeen" хамтлагийн Минү ангийнхаа хүүхдийг зодож, лаазтай ундаа нүүр рүү нь шидэж, өдөр бүр 5 мянган вон авдаг байсан зэрэг мэдээллүүд бүгд худал болох нь тогтоогджээ.

Жүжигчин Пак Хи Сү

Урлаг, спортын алдартнуудын карьер үгүй болж байна

Солонгосчуудын атаа хорсол, өшөө авалт зөвхөн кинон дээр л байдаггүй гэдгийг бид харж байна. Хохирогчдын ихэнхи нь 5, 10 жилийн өмнөх сургуулийн хэргүүдийг ил гаргаж, амжилттай яваа нэгнийхээ карьер, нэр алдрыг үгүй хийж байгаа нь харамсалтай. Тэд өөрсдийг нь гутаан доромжилдог байсан хүмүүс од болж, бусдад хүндлэгдэж, хайрлагдаж байхыг харах хэцүү байсан гэж нэг биш удаа дурдсан.

Солонгос улсыг олимпын алтан медальд хөтөлнө гэж байсан волейболын ихэр тамирчид шигшээ багаасаа хасагдаж, тоглох эрхээ тодорхойгүй хугацаагаар хасуулсан бол Пак Сан Хаг хэмээх волейболын шигшээ багийн тамирчин их спортоосоо зодог тайлсан.

Урлагийн оддоос Жо Бюн Гью, Хьюнжин нарын карьер хавцлын ирмэг дээр ирлээ. Одод өөрсдөө албан ёсоор уучлалт гуйгаагүй ч гаргаж буй шийдвэрүүдээс нь харахад үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа нь илт. Удахгүй бусад урлаг, спортын оддын шуум яриа баттай эсэх нь тогтоогдоно. Спортын багууд, урлагийн компаниуд ч оддынхоо талд бат зогсохоо илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
145
ХарамсалтайХарамсалтай
69
ТэнэглэлТэнэглэл
29
ХахаХаха
27
ЗөвЗөв
25
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж