–ИНЕГ гурван өрөө байрны мөнгөөр ариун цэврийн цаас худалдаж авчээ.
-ИНЕГ-аас “Ач холдинг” ХХК руу 750 сая төгрөг зувчуулжээ.
-ИНЕГ-ын даргын ах, дүү нар ББСБ-аар дамжуулан мөнгө хүүлдэг.
–ИНЕГ-ын зарим дарга нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөр төлүүлж, хууль зөрчжээ.
-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал барих төслийн удирдлагууд “Land Сriuser 200” маркийн нэг автомашиныг зах зээлийн үнээс хэт өндөр буюу 723 сая төгрөгөөр үнэлэн авчээ.
Энэ бол Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, удирдлагуудтай холбоотой хэвлэлээр цацагдсан сүүлийн үеийн факт баримтуудын товчхон.
Ёстой "Хүрээний бузрыг дэлгэвэл далай" гэгчээр тус байгууллагатай холбоотой но-той, ноцтой асуудал хэвлэлээр байсхийгээд дэлгэгддэг ч Л.Бямбасүрэнтэй хариуцлага тооцож чадах сайд лав алга. Салбарын сайдууд хэдэнтээ солигдсон ч Л.Бямбасүрэн суудалтайгаа, салбар нь бахь байдгаараа, ИНЕГ-ын удирдлагуудын идсэн, уусан гэх асуудал нь дэлгэгдсээр, илэрсээр.
Ингэхэд 2016 оноос ИНЕГ-ыг удирдаж буй Л.Бямбасүрэн гэж бэ? Хуулиас дээгүүр эрхтэй энэ хүн хэний хүн бэ? Хэний хүн болоод салбарын сайд нарын хэн нь ч түүнийг “оролдож” чадахгүй төрхөмдөө буцдаг вэ? Энэ бол мэдээж зүй ёсны хардлага. Ингэж асуух, хардах түм, буман асуудал энэ салбарт байгаа болохоор тэр.
Covid-19-ийн үед төрийн яам, тамгын газар, агентлагууд, үйлдвэрүүд илүү эдийн засгийн үрэлгэн байдлаа хумьж, тансаглахгүй байхыг Засгийн газраас үүрэгдсэн.
Гэтэл Засгийн газрын шийдвэрийг зөрчин ИНЕГ 143 сая төгрөгөөр ариун цэврийн болон амны цаас авсан нь төрийн мөнгө ёолдоггүйн нэг жишээ. Арай л "бэлгэвч" авчихаагүй бололтой. Авчилсан байхад ч гайхах юмгүй, дээхэн "Эрдэнэт" үйлдвэрээс 5 сая төгрөгийн бэлгэвч гарч ирсэн бэлэн жишээ бий.
Цар тахлаас болж хувийн хэвшлийнхэн татварын өр, алдангидаа дарагдан, зарим нь дампуурч, үүд хаалгаа барьж байхад төрийн өмчит компаниуд нь тендер нэрээр хулгай хийж, дарга нар нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөс төлүүлж, төсвийн мөнгийг төрөл садныхаа банк бусаар дамжуулж хүүлж байгаа нь мэдээж шударга бус. Гэхдээ манайд “гахай бүр илүү эрхтэй” хойно, шударга ёс тэдэнд хамаагүй. Уг нь Ерөнхийлөгчөөсөө эхлээд манай сайд дарга нар, бүгд шударга ёсыг тогтооно гэж гоё ярьдаг. Сайхан ч амалдаг. Даанч, дарга ба ардад хууль ялгаатай үйлчилнэ. Шударга ёс мөн адил.
Учир нь АТГ-аас Л.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн 17.4- 2.1, 18.6-2.3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүрггэлтийн 180200021 дугаар хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Харин хэргийн шийдвэрлэлт нь нууц.
Төрөөс зарладаг тендер манай дарга нарын мөнгө “угаадаг” гоё хэрэгсэл болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, тендерээс төрсөн тэрбумтнууд Монголд олон. Тэдний нэг нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн. Интернэтээр дүүрэн түүний идсэн уусан асуудлууд.
Ямар сайндаа л айтигийнхантай хийсэн Ерөнхий сайдын уулзалтын үеэр зарим залуу бизнес эрхлэгчид төрийн тендер, булхай, хулгайг эсэргүүцэн бухимдлаа шууд илэрхийлэх вэ дээ.
Иргэний нисэх бол манай улсын стратегийн нэг салбар. Гэтэл энэ салбарт зөрчил, доголдол цөөнгүй гардаг. Хамгийн сүүлийн жишээнүүдийг дурдахад, оны өмнөхөн Бээжин-Улаанбаатар чиглэлд карго нислэг үйлдсэн МИАТ-ийн онгоц шувуутай мөргөлдөж, ослын буулт хийсэн. Хөдөлгөөний удирдлагыг ажиглах системд доголдол үүссэнээс Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байсан таван онгоцны удирдлага хяналтгүй болсон. Гэсэн ч онгоц осолдоход, тендер зувчуулахад, мөнгө угаахад нь хэн ч хариуцлага тооцдоггүй, ийм нэг вант улс Монголд бий болжээ. Энэ вант улсыг нураах эр зориг байгаа болов уу, Л.Халтар сайдад, харин?
Холбоотой мэдээ