Жо Байден АНУ-ыг дахин дайны ирмэгт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

Жо Байден АНУ-ыг дахин дайны ирмэгт авчирлаа

Жо Байден АНУ-ыг дахин дайны ирмэгт авчирлаа

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойш анх удаа цэргийн ажиллагаа явуулах тушаал өгч, өнгөрсөн сарын 25-нд Сири дэх Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдийн чухал ач холбогдол бүхий байгууламжуудад агаарын цохилт өгсөн билээ.

Ерөнхийлөгч Жо Байден эл үйлдлээ "Зэвсэгт бүлэглэлүүд Ирак дахь АНУ-ын эзэмшлийн цэргийн бааз болон улс төрийн ач холбогдол бүхий байгууламжууд руу пуужингаар халдах нь ихэсч байгаатай холбоотойгоор Иранд үзүүлж буй хариу арга хэмжээ бөгөөд Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаах давхар зорилготой цохилт" хэмээн тайлбарласан. Гэвч зарим эх сурвалжууд тус үйлдэл нь АНУ-ыг дахин дайны ирмэгт авчирсан үйлдэл боллоо хэмээн шүүмжилж байна.

Жо Байденыг хилэгнүүлсэн халдлагууд

Сири дэх зэвсэгт бүлэглэлүүдэд агаараас цохилт өгөхийн өмнө хэдэн долоо хоногийн турш Ирак дахь АНУ-ын эзэмшлийн газрууд руу удаа дараа пуужин харважээ. Тухайлбал, Багдад хотын ногоон бүс, Балад агаарын хүчний цэргийн бааз, Ербил олон улсын нисэх онгоцны буудал зэрэг байршлууд руу зэвсэгт бүлэглэлүүд пуужин харваж, улмаар нэг америк иргэний аминд хүрч, цөөнгүй цэрэг шархадсан юм.

Халдлагуудыг зохион байгуулсан зэвсэгт бүлэглэлүүд одоохондоо тодорхойгүй байгаа ч Пентагоны үзэж байгаагаар Иранаас санхүүждэг Хезболлах, Сайид аль Шухад тэргүүтэй зэвсэгт бүлэглэлүүд гол үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй байгаа аж.

Хариу арга хэмжээ

Учир иймд Жо Байден Иранд сануулга болгох үүднээс Сирид цэргийн ажиллагаа зохион байгуулж, Хезболлах, Сайид аль Шухад тэргүүтэй зэвсэгт бүлэглэлүүдийн чухал ач холбогдолтой байгууламжуудыг сөнөөжээ.

Албаныхны үзэж байгаагаар, Иранаас тусламж авдаг дээрх зэвсэгт бүлэглэлүүд нь Сириэс Ирак руу нууцаар зэвсэг хил давуулдаг байсан аж. Тийнхүү Иракт авчирсан пуужингуудыг АНУ-ын эсрэг халдлагуудад ашигласан хэмээн тэд нотолж байгаа юм.

Тиймээс Жо Байдены тушаалаар хоёрдугаар сарын 25-ны өдрийн 01:00 цагт F-15 Eagle загварын бөмбөгдөгч онгоцууд хөөрч, байг 226 кг-ын долоон бөмбөгөөр бөмбөгдөж, есөн барилгыг газартай нь тэгшлэн, хоёр барилгыг балгас болгож орхижээ. Албан ёсны мэдээллээс харахад бөмбөгдөлтийн улмаас нэг хүн нас барж, гурван хүн шархадсан байна.

Гэвч Сирийн хүний эрхийн байгууллагын мэдээлж байгаагаар, бөмбөгдөлтөд өртсөн байгууламжуудын ойролцоох гурван машин дүүрэн зэвсгүүд дэлбэрсэн нь хохирлыг нэмэгдүүлж, нас барагсдын тоо дор хаяж 22 хүрсэн аж. Харин агаарын цохилтод өртөн сөнөсөн барилгууд нь Сирийн Ирактай хиллэдэг Дейр-эз-Зор мужийн Аль-Букамал тосгонд байрладаг, зэвсэг хадгалдаг, дамжин өнгөрүүлдэг зориулалттай байгууламжууд байсан аж.

Сануулга

Болсон явдлын дараахан Жо Байден албан ёсоор мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ Иранд хандан цаашид АНУ-ын ашиг сонирхол, иргэний эсрэг аюул заналхийлсэн зэвсэгт бүлэглэлүүдтэй орооцолдохгүй байх, санхүүжүүлэхээс татгалзахыг, эс бөгөөс маш болгоомжтой, дараагийн хариу арга хэмжээнүүдэд бэлтгэлтэй байхыг анхааруулсан билээ.

АНУ-ын байрь суурь

Жо Байдены багийнхан Иракт болсон халдлагуудыг онцлон, тус шалтгаанаар Сирийн цэргийн ажиллагааг хууль ёсны дагуу, зөв үйлдэл хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэвч Конгресс болон Ардчилсан намын зарим гишүүд Байдены үйлдлийг сайшаахгүй байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, Ардчилсан намын зарим гишүүд “Конгресстой ярилцаж шийдэлгүйгээр цэргийн ажиллагаа явуулж, хүний амь хороох нь Үндсэн хуульд харш. Асуудлыг шийдэхэд заавал тийм хатуу арга хэрэглэх шаардлагагүй байсан” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Зарим ажиглагч, шинжээч нар Жо Байдены тус үйлдлийг АНУ-ыг дахин дайны ирмэгт авчирсан ноцтой хэрэг хэмээн дүгнэсэн байна.

Ираны байр суурь

Болсон явдлын дараа Ираны тал АНУ-ын үйлдлийг эрс буруушаахын зэрэгцээ Иракт болсон халдлагуудтай ямар ч хамаагүй болохоо мэдэгдсэн байна.

Ираны Гадаад хэргийн сайд Мухаммад Жавад Зариф “АНУ-ын хийсэн үйлдэл бол хууль бус, Сирийн тусгаар тогтнолыг уландаа гишгэсэн үйлдэл байлаа. Иракт болж буй үйл явдлуудад Тегеран огт хамааралгүй. Харин Иран, Иракийн харилцааг албаар сэвтүүлэн муутгах гэсэн зохион байгуулалттай хэрэг байж болзошгүй. Бид гол буруутныг олохын тулд Иракийн засгийн газартай нягт холбоотой ажиллана” гэжээ.

Иракийн байр суурь

Мухаммад Жавад Зарифтай уулзсан Иракийн Гадаад хэргийн сайд Фуад Хуссейн “Хоёр улсын маш тогтвортой, найрамдалт, дотно харилцаанд сэв суулгах оролдлогуудыг Багдад хэзээ ч зөвшөөрөхгүй. Уулзалтаар АНУ-ын хориг арга хэмжээнээс болж Иракт гацаад буй Ираны 6 тэрбум ам.долларын хөрөнгийг Тегеранд гаргаж өгөх талаар ярилцсан” хэмээн хэлжээ.

Тэрбээр өдгөө бүс нутгийн хөгжил, хоёр улсын харилцаа, үүсээд буй хурцадмал байдлыг шийдэх, хамтран ажиллах, үл ойлголцлолоос сэргийлэх асуудлуудаар ярилцахаар Тегеранд очоод буй аж.

Сирийн байр суурь

Сирийн хэвлэлүүдэд мэдээлснээр, АНУ-ын агаарын цохилт болох үеэр Сирийн арми тухайн газарт Исламын улс бүлэглэлийн эсрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Өөрөөр хэлбэл АНУ агаарын довтолгооны талаар урьдчилан сануулаагүй тул Сирийн арми санамсаргүйгээр АНУ-ын бөмбөгдөлтөд өртөн, хоёр улсын хооронд том мөргөлдөөн үүсэх эрсдэл ойрхон байжээ.

Сирийн Гадаад хэргийн яам АНУ-ын үйлдлийг олон улсын хууль зөрчсөн үйлдэл хэмээгээд, Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаах бус, улам өдөөсөн хэрэг хэмээн буруушаасан байна. Тэд “Энэ харгис үйлдэл АНУ-ын шинэ удирдлагын талаар сөрөг дүгнэлтүүд гаргахад хүргэж байна. АНУ олон улсын хуулийг дагах хэрэгтэй. Гэвч АНУ-ын шинэ удирдлага яг өмнөх Ерөнхийлөгч шигээ ширэнгэн ойн дүрмээр тоглон алдаа гаргаж байна” хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын байр суурь

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдээлснээр, АНУ агаарын цохилтоос ердөө дөрвөн минутын өмнө сануулга өгсөн аж. Тэрбээр сануулга хэтэрхий оройтож ирсний улмаас олон хүний амь хохироосноос гадна хэрвээ үл ойлголцсон бол АНУ, ОХУ хоёр улсын хооронд мөргөлдөөн үүсгэх эрсдэлтэй байсан хэмээн үзжээ.

Эх сурвалж: REUTERS, WASHINTONINSTITUTE, ECONOMICTIMES, ALJAZEERA, BBC, WASHINTONPOST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж