Ж.Эрдэнэбат нарыг өчигдөр орой шоронгоос суллалаа

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

Ж.Эрдэнэбат нарыг өчигдөр орой шоронгоос суллалаа

Ж.Эрдэнэбат нарыг өчигдөр орой шоронгоос суллалаа

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр (2021.03.03) 10.00 цагт Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд, суллах шийдвэр гаргасан билээ. Тэднийг суллах захирамж өчигдөр 18.00 цагт албажиж, дээрх хүмүүс суллагдсан байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, яллагдагч нарын эрүүл мэндийн байдал зэргийг үндэслэн таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү өөрчилжээ. Эх сурвалж мэдээлэхдээ “Нэг шүүгдэгч нь ходоодны хорт хавдартай. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард оношлуулахад ходоодны хорт хавдрын хоёрдугаар шатанд явж байсан. Одоо тэр цагаас хойш есөн сар өнгөрлөө. Тиймээс нэг цагийн өмнө ч гэсэн суллах нь чухал” хэмээн онцолж байв.

Улсын дээд шүүх нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ үеэр шүүхээс хурлын шийдвэрийг танилцуулахдаа “Зарим шүүгдэгчдийн хууль ёсны эрхэнд хууль бусаар халдсан байна” гэж дүгнэснээ танилцуулсан билээ. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан байна гэдгийг дээд шүүх тогтоосон гэсэн үг.

Ж.Эрдэнэбатын хувьд Монголын парламентад шоронгоос сонгогдсон ганц хүн юм. Хууль зүй талаасаа ч тэр ял шийтгэл эдлэх эсэх нь тогтоогдоогүй учраас гишүүний тангаргаа өргөх бүрэн боломжтой ажээ. Тиймдээ ч УИХ-ын хаврын чуулганаар буюу энэ сарын 15-нд Ж.Эрдэнэбатыг гишүүний тангаргаа өргөх болов уу гэсэн хүлээлттэй олон хүн байна.

Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигчийн сурталчилгааны мандатаа авчихсан, кампанит ажилдаа оролцож байхад нь баривчилсан. Мөн дахин УИХ-ын гишүүнээр Сэлэнгэ аймгаас сонгогдоод байхад нь ялласныг Олон улсын парламентын холбоо “Хүний эрхэд халдсан байна” гэсэн дүгнэлт гаргасан удаатай.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж