Тариаланчдын зээлийг Төрийн банкаар олгоно

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Тариаланчдын зээлийг Төрийн банкаар олгоно

Хөгжлийн банкнаас энэ оны хаврын тариалалтад зориулан 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж, тариаланчдад хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ зээл авсан тариаланчдыг эхний найман сар үндсэн төлбөрөөс нь чөлөөлөх юм. Энэ дагуу Хүнс, Хөдөө аж ахуйн яам өнөөдөр /2016.04.12/ “Хаан”, “Голомт” “Төрийн банк”-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ нь зээл авах хүсэлтэй тариаланчид харьяа сум, дүүргийнхээ Төрийн банк болон бусад арилжааны банкуудад хандаж, зээлээ авах боломжтой болсон гэсэн үг.  Гэхдээ Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас тариан талбайн хэмжээгээс нь хамаарч нэг га-д 350 мянган төгрөг хүртэлх мөнгийг зээлнэ гэж тооцжээ.

Уг нь 100 тэрбум төгрөгийг тариаланчдад хувааж зээлнэ гэж  тооцсон ч, зээлүүлэх мөнгөний тал хувийг одоохондоо гаргах боломжгүй. Иймээс үлдсэн 50 тэрбум төгрөгийг нь намрын ургац хураалтаар тариаланчдад олгоно гэж салбар яамнаас нь мэдээллээ. Бэлэн мөнгө хүүтэй зээлүүлэхээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 400 гаруй тонн, нэг тонн нь 400 мянган төгрөг болж хямдарсан бордоог тариаланчдаас 300 мянган төгрөгийн урьдчилгаа авч, зээлүүлэх юм. Одоогоор 20 гаруй тариаланч аж ахуйн нэгж, иргэн дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр бордоо авна гэж захиалжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж