“Авлигын эсрэг бүлэг” албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

“Авлигын эсрэг бүлэг” албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадах уу?

“Авлигын эсрэг бүлэг” албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадах уу?

Хуулийн хулгай, өмчийн хулгай, газрын хулгай зэрэг төрд нүүрлэсэн хулгай бүхэнтэй тэмцэж, ард иргэдэд тэгш боломж олгохоо амласан  “Авлигын эсрэг бүлэг” УИХ-д байгуулагдаад удаагүй байна. Энэ удаагийн “Авлигын эсрэг бүлэг”-ийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санаачилж байгуулсан бол бүрэлдэхүүнд нь Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа нарын гишүүд багтсан.

Ж.Сүхбаатар гишүүний хувьд авлигатай тэмцэх хоёр дахь лобби бүлгээ байгууллаа гэж хэлж болно. Өмнө нь тэрбээр 2010 онд Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын гишүүдийн хамтаар УИХ-д анхны авлигын эсрэг ажиллах лобби бүлэг байгуулж, ажиллаж байсан юм.

Харин хоёр дахь авлигын эсрэг лобби бүлэг УИХ-д 2016 онд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санаачлагаар байгуулагдаж, Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар ажилласан. Тодруулж хэлбэл, сарын өмнө байгуулагдаад буй дээрх бүлэг нь УИХ-д байгуулагдсан гурав дахь авлигатай тэмцэх “нэгж” гэж хэлж болно.

Авлигын эсрэг тэмцэлд ялагдаж яваа монголчуудын хувьд тус лобби бүлгийг авлигын эсрэг тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, нам, төрд үүрлэсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцож чадвал үүргээ гүйцэтгэлээ гэж үзнэ.

Учир нь, өмнө байгуулагдан ажилласан лобби бүлэг төрийн өндөр дээд албан тушаалтнуудын орлогоос давсан зардлыг Авлигатай тэмцэх газар хянадаг болох, УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой гомдлыг УИХ-ын Ёс зүйн хороогоор хэлэлцэн, биенээ хамгаалдаг хуулийн цоорхойг өөрчлөх шаардлага байхад хуруугаа ч хөдөлгөлгүй бүрэн эрхээ дуусгасан.

Уг нь иргэний нийгмийн байгууллагууд дээрх зохицуулалт Авлигатай тэмцэх хуульд байхгүйгээс хууль бусаар хөрөнгө, орлого нь өсч буй төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг шалгах боломжгүй байна гэдэг асуудлыг хөндөж ирсэн. Гэвч нэг ч гишүүн нь энэ талаар ярьж, хууль санаачилж мэдүүлээгүй.

Харин ч авлигатай тэмцэх лобби бүлэгт багтсан Ж.Энхбаяр нарын гишүүд нь жилийн гурван хувийн хүүтэй олгогддог Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, компаниа “угжсан” нь наад зах нь ёс зүйн хувьд хариуцлага хүлээх, цаад агуулгаараа хашиж буй албан тушаалаараа бол Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулах ёстой байсан ч  ЖДҮ-ийн хэрэг нь замхарсан.

Ийм жишээ олныг татаж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд хамаарал бүхий компанидаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалд холбогдож, АТГ-т шалгагдаж буй дуулиан хоёр жилийн өмнө дэгдэж байсан ч өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанид дэд захирлын алба хашиж сууна.

Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нөхөд өнөөдөр төрд том, том албан тушаал хашиж суухад УИХ-д байгуулагдсан “Авлигын эсрэг бүлэг” нь өнөөдрийг хүртэл энэ асуудлаар “шүгэл” үлээгээгүй сууж буй нь өмнөхөөсөө дээр ажиллаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Үнэхээр авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцье гэвэл энэ мэтчилэн асуудалд орсон хүмүүсийг "Хэргээ шалгуулаад буруугүй бол түүнийгээ нотлоод ир” гэдэг шахалт, шаардлага тавьж байх ёстой юм.

Авлига өнөөдөр зөвхөн төрийн дээд шатанд үүрээ засаад зогссонгүй дунд, доод шатанд ч бэхжээд байна. Үхэл, амьдралтай тэмцэж байгаа ходоодны хорт хавдартай өвчтөнөөс Хавдар судлалын үндэсний төвийн эмч гурван сая төгрөг нэхсэнээс хагалгаандаа орж чадалгүй нутаг буцсан. Бизнес эрхлэгч бараагаа хил гаалиар нэвтрүүлэхийн тулд Гааль, Мэргэжлийн хяналтынханд заавал авлига атгуулах шаардлагатай болдог. Тендер, тусгай зөвшөөрөл бүхэн тогтсон ханштай гээд тоочвол энэхүү авлигынх нь золиос нь ард түмэн, бизнес эрхлэгчид л болж байна.

Энэ нь ч Берлин хотноо төвтэй Транспэрэнси интернэшнл байгууллагын  2020 оны Авлигын төсөөллийн индексээр батлагдав.

Тус байгууллага нийт 180 улс, бүс нутгийг эрэмбэлхэд авлигын индексээр  Монгол Улс 111-р байрт жагссан нь өмнөх жилийнхөөс дөрвөн байраар ухарсан үзүүлэлт болсон юм. Энэхүү судалгааг хийхдээ тухайн улс бүрийн төрийн салбарын авлигын төсөөллийн хэмжээг 13 шинжээчийн байгууллагуудын үнэлгээ болон бизнесүүдийн удирдлагуудаас авсан асуумж дээр үндэслэн гаргажээ.

УИХ-д өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 20 гаруй лобби бүлгүүд байгуулагдан ажилласны гурав нь авлигын эсрэг ажиллах зорилт тавьсан байдаг.  Гэвч энэхүү 20 гаруй лобби бүлэг тавьсан зорилгынхоо хүрээнд ажиллаж чадсан эсэх нь эргэлзээ төрүүлдэг.

Учир нь, УИХ-ын гишүүд лобби бүлгээр дамжуулан олж авсан мэдээллээрээ бусдыг дарамталдаг гэх дуулиан л дэгдэж байв.

Уг нь амласан шигээ зорилго тавиад ажиллах юм бол нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжтой нь харагддаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж