Шанхайн ойролцоо орших хотод Хойд Солонгосын 13 иргэнийг баривчилж хорьсон гэх мэдээллийн талаар Хятадын албаныхан тайлбар хийжээ. “Хойд Солонгосын 13 иргэн Хятадад сураггүй болсон гэх мэдээллийг саяхан хүлээж авсан аж. Мэдээллийн дагуу судалж үзэхэд Хойд Солонгосын 13 иргэн дөрөвдүгээр сарын 6-нд Хятадаас явсан байна” хэмээн гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдээлжээ.
Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр БНАСАУ-ын 13 иргэн Өмнөд Солонгос руу зугтсан гэнэ. Тэд Тайландаар дамжин Сөүл рүү явсан байна.
Хойд Солонгосын иргэд Хятадад ресторанд ажиллаж байсан аж. Уг ресторанд Хойд Солонгосын 22 иргэн ажиллаж байсныг хятад эзэн нь ярьжээ. Хойд Солонгосын ажилчид бүгд эмэгтэй бөгөөд сарын 600 ам.долларын хөлстэй аж. Гэвч цалингийнх нь 450 ам.долларыг Пхеньян цөмийн хөтөлбөр болон пуужингийн хөгжүүлэлтэд зориулан хураан авдаг байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: UPI