Кремлийг эсэргүүцэгч Алексей Навальныйгийн хоёр жил ял эдлэх хоёрдугаар хорих ангийг өмнө нь тэнд ажиллаж байсан хуягууд болон хоригдож байсан хүмүүс Оросын хамгийн аймшигтай хорих ангиудын нэг хэмээн тодорхойлжээ. Навальный Москва хотоос гурван цаг явж хүрдэг Покров тосгоны ойролцоох тус хорих ангид өнгөрсөн долоо хоногт /2021.2.28/ очжээ. Оросын хоригдол тээвэрлэх, хорих ангид хүргэх ажиллагаа хэдэн өдрөөс хэдэн долоо хоног хүртэл үргэлжилдэг бөгөөд ялтны хаана байгааг хамаатнууд нь хорих ангид очсоных нь дараа л мэддэг аж.
Гэхдээ одоогийн байдлаар Навальныйг хорих ангид хүргэсэн эсэхийг албан ёсоор мэдээлээгүй байгаагаас гадна дахин өөр хорих ангид шилжүүлж магадгүй юм. Хоёрдугаар хорих ангид хоригдож байсан хүмүүс хэвлэлд “Навальный тус ангид хоригдохоор болбол үнэхээр харамсалтай. Учир нь хоёрдугаар колонын чанга дэглэм, сэтгэлийн болон биеийн асар их дарамт түүнийг маш ихээр эвдэх болно” хэмээн ярьжээ. Мөн хүний эрхийн төлөө тэмцэгч Руслан Вахапов “Тэр бол ОХУ-ын хамгийн аймшигт хорих ангиудын нэг. Эргээд оччих вий гэж айсандаа тэнд хоригдож байсан хүмүүс хүртэл хамаагүй ярихаас айдаг юм. Хэрвээ Навальныйг тэнд хоривол түнийг урт хугацаанд хэнтэй ч харилцаанд оруулалгүй гянданд суулгах байх” хэмээсэн байна.
Түүний хэлснээр хоёрдугаар хорих ангид шоронгийн чанга хуваарийг дагаж мөрдөхгүй бол хуягуудын аймшигтай дэгийг амсдаг бөгөөд шоронгийн захиргаа зарим овгоруудаар бусад хоригдлуудын “учрыг олдог” гэнэ.
Рахапов мөн “Орост хоригдлуудад хүний эрх гэж хаана ч байхгүй. Навальный маш хүнд зүйлтэй нүүр тулж, бие болон сэтгэлээр ихэд доройтох байх. Гэхдээ эрх баригчид элдэв хэл амнаас зайлсхийн түүнд биеийн хүчирхийлэл үйлдэхгүй байж магадгүй юм” хэмээжээ.
Хоёрдугаар хорих ангид хоригдож байсан, Навальныйгийн дэмжигч Константив Котов шоронгийн тухай “Өдөр бүр 06:00-22:00 цаг хэртэл би гараа ардаа хүлүүлээд босоо зогсдог байсан. Алхаж болох хэдий ч суух, амрахыг хориглодог байлаа. Хоёрдугаар хорих анги маш чанга дэглэмтэй. Бүх хүнийг үргэлж маш нарийн хянаж байдаг тул чөлөөтэй ярьж ч болохгүй. Гадаад ертөнцтэй холбогдох бараг л боломжгүй. Утсаар ярих хориотой. Зөвхөн гараар бичсэн захиаг зөвшөөрнө. Гэхдээ тэр захиа эзэндээ хүрдэг эсэх нь тун эргэлзээтэй. Эзэндээ хүрлээ гэхэд олон сар болж байж хүрнэ. Намайг бие засч байхад ч хуягууд нүдээ салгахгүй. Хоригдлууд хоорондоо ярих хориотой. Түүнээс гадна тухайн үед шоронгийн удирдлага бүх хуягуудыг ч надтай ярихыг хориглосон байлаа. Эдгээр нь миний сэтгэцийн эрүүл мэндийг ихээр хохироосон. Хамгийн аймшигтай нь бусад хоригдлууд намайг өдсөнийхөө төлөө мөнгө авдаг байлаа. Тэр бол шоронгийн удирдлагын намайг залхаан цээрлүүлэх нэг арга байсан юм. Хэрвээ хэн нэгний өдөөн хатгалгад хариу үзүүлбэл тэд намайг гянданд суулгахаар бэлдэж байсан юм” хэмээн дурсчээ.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ