Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) тээгчдийн дунд байгалиасаа бие нь халдварыг эсэргүүцэн, дарангуйлах чадвартай хүмүүс байгааг эрдэмтэд судалж тогтоожээ. Африкийн Конго улсын ХДХВ тээгчдийн дөрөв орчим хувь нь ямар нэгэн эм хэрэглээгүй ч бие нь халдварыг дарангуйлж, өвчлөхгүй байгаа нь тогтоогдсон байна.
Эм хэрэглэхгүйгээр бие нь байгалиасаа ХДХВ-ийг хянах чадвартай хүмүүсийг олж илрүүлснээр ДОХ өвчнийг эмчлэх шинэ аргыг нээх, вакцин гаргах найдвар төрүүлж байгааг эрдэмтэд мэдэгджээ.
Судалгааг 1987-2019 оны хооронд ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсээс авсан сорьцод хийснийг “eBioMedicine” сэтгүүлд нийтэлсэн байна. Абботт эмийн компани, Конгогийн Протестант их сургууль, Жон Хопкинс, АНУ-ын харшил, халдварт өвчний институт болон Миссури-Канзас их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг уг судалгаан дээр ажиллаж байгаа аж.
Аббот эмийн компанийн эмч Рожерсын мэдээлснээр ажиглах хөтөлбөрийн үр дүнд Конгод халдвар тээгчдийн 2.7-4.3 хувийнх нь бие байгалиасаа ХДХВ-ийг хянах чадвартай “элит”-үүд байгааг тогтоосон бол Камерун улсын хувьд нэг хувьд илэрчээ.
Өдгөө ХДХВ-ийн халдвар тээгч хүмүүс өдөр бүр вирусийг дарангуйлахын тулд эм уудаг байна. ХДХВ/ДОХ өвчин 1980-аад оноос олон улсын анхааралд орж ирсэн юм. Тус өвчнөөр өдгөө дэлхий дахинд 76 сая хүн халдварлаж, 38 сая хүн халдварыг тээн амьдарч байна.
ЭХ СУРВАЛЖ: ВВС