"Н.Өнөрцэцэгийг мэдээллийн тоогоороо залруулга хийхийг хүсч байна" | News.MN

"Н.Өнөрцэцэгийг мэдээллийн тоогоороо залруулга хийхийг хүсч байна"

"Н.Өнөрцэцэгийг мэдээллийн тоогоороо залруулга хийхийг хүсч байна"

"Н.Өнөрцэцэгийг мэдээллийн тоогоороо залруулга хийхийг хүсч байна"

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн асан, “Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулагч, иргэн Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй Зариг.мн буюу “Ган үзэг” ХХК, иргэн Н.Өнөрцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, энэ сарын 15-ны өдөр хүртэл хойшиллоо. Тус хэргийн талаар иргэн Ц.Гарамжавын хуульч, өмгөөлөгч С.Эрдэнэсувдтай ярилцлаа.


ХАРИУЦАГЧ НАР ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ШҮҮХЭД ТАЙЛБАР ӨГӨӨГҮЙ

 -Масс ТВ-д өгсөн таны ярилцлагатай холбогдуулан тодруулах зүйлс байна. Ямар агуулга бүхий маргаан аль шүүхэд хэлэлцэгдэж байна вэ? Эндээс ярилцлагаа эхлүүлье?

-Зариг.мн сайт болон Н.Өнөрцэцэг нар нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг Монголбанкнаас 10 тэрбумын зээл авсан гэсэн худал мэдээлэл түгээсэн тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, нэр төрөө сэргээлгэхэээр нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний журмаар 2020.06.30-нд нэхэмжлэл гаргаж, долдугаар сарын 7-нд хэрэг үүссэн.

Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд өдөр бүр шахуу нэхэмлжэгчийн нэр хүндэд халдсан 400 гаруй удаагийн мэдээлэл түгээсэн байдаг. Шэйр, лайк, комментыг нь тоолж барахгүй. Өнгөрсөн хугацаанд өдөр бүр мэдээлэл тараасан, бид эргээд тэр хэмжээгээр нь залруулга хийлгэж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэхийг хүсч байна.

Хэвлэлд нийтлэгдсэн лайв, бичлэг, ярилцлагууд нь бий. Тэр нь хэдэн цаг үргэлжилсэн байна вэ? Нэг хүний талаар нэг цаг гаруй ярьж ярьчихаад уучлалт хүсэх болохоороо нэгхэн минут уучлаарай гээд орхиж болохгүй. Нийгэмд, масст өөрийгөө таниулах гээд ч юм уу, тэр хүнийг харлуулахдаа хэдий хэмжээгээр худал мэдээ тараасан тэр хэмжээгээрээ эргээд няцаалт залруулгаа хийх нь зүй ёсны хэрэг юм. Иргэний хэрэг үүссэний дараа хариуцагч Н.Өнөрцэцэг, Зариг.мн буюу “Ган үзэг” ХХК-д нэхэмжлэлийг гардуулж, тайлбараа өгөхийг мэдэгдсэн. Гэтэл хариуцагч нар өнөөдрийг хүртэл шүүхэд тайлбар өгөөгүй. Мөн иргэн Ц.Гарамжавын нэр төрд халдсан, худал мэдээлэл тараагаагүй гэдгээ нотолсон баримт гаргаж өгөөгүй. Хариу тайлбараа ч бичгээр өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариу тайлбараа хуулийн хугацаандаа гаргаагүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгодог. Гэхдээ шүүх хоёр талын мэтгэлцэх зарчмыг хангуулах үүднээс хариу тайлбарыг хүлээлгүйгээр, боломж олгож, шүүх хурлаар асуудлыг шийдвэрлэх гээд байдаг.

-Шүүхийн процесс ажиллагаа ямар үе шатандаа явна вэ? Өнөөдрийг хүртэл яагаад шүүхийн шийдвэр эцэслэн гарахгүй байна вэ?

-Анхны шүүх хурал 2020 оны наймдугаар сарын 14-нд болсон. Хоёр тал хоёулаа хэрэгт холбоотой баримтууд цуглуулах, нотлох баримт гаргуулах шаардлагатай гэж үзэн, хүсэлт гаргасан. Хариуцагч Н.Өнөрцэцэг өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Би наймдугаар сарын 14-ний өдөр албан ёсоор энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон. Шүүх хурлын шийдвэр гартал Н.Өнөрцэцэгт нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар нэгэн мэдээлэл дахин тараахгүй байхыг даалгасан. Гэвч өнгөрсөн хугацаанд иргэн Ц.Гарамжавын нэр төрд халдсан үйлдлээ үргэлжлүүлсээр байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэвлэл мэдээллийн давуу байдлаа ашиглан массын сэтгэл зүйг ашиглан, шүүхэд нөлөөлөх оролдлого болох вий гэдэг талаас арга хэмжээ авахуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан юм. Гэтэл Н.Өнөрцэцэг, Зариг.мн шүүхийн даалгаврыг биелүүлэхгүй, энэ мэдээллийг тараасаар л байна. Наймдугаар сарын 14-ний өдрийн шүүхийн тогтоолд Н.Өнөрцэцэг гомдол гаргаж, бүрэлдэхүүнтэй хурал есдүгээр сарын 3-нд товлогдсон. Хурал болох өдөр би Захиргааны хэргийн шүүхэд хуралтай байсан, түрүүлж товлогдсон хуралдаа орох ёстой. Тиймээс нэхэмжлэгч өөр өмгөөлөгч оролцуулах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт нэг удаа гаргаж, шүүх хурал долоохон хоногоор есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хойшилсон юм. Тэр хурлаас хойш Н.Өнөрцэцэг, Зариг.мн-ээс хамааралтайгаар шүүх хурал удаа дараа хойшилж байна.

-Дараа нь товлогдсон хурал дахин хойшилсон үндэслэл юунд байв?

-Н.Өнөрцэцэг хэрэг үүссэнээс хойш гурван сарын дараа шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно гээд, Монголын хуульчдын холбоонд хүсэлт гаргасан. Хоёр өмгөөлөгч авч, тэд 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор хэрэгт орсон. Хэргийн материалтайгаа танилцаагүй юу гэнэт шүүх хурлын тов зарлангуут өвдчихсөн. Хоёулаа эмнэлгийн магадлагаа өгсөн. Дараагийн шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгч нь Covid-19-ийн ойрын хавьтал болсон, тусгаарлалтад байгаа, шинжилгээ өгөх цаг товлосон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй учраас шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Н.Өнөрцэцэг эхний шүүх хурлуудыг нэхэмжлэгч Ц.Гарамжав хойшлууллаа гээд мэдээлээд байдаг мөртлөө өөрөөсөө хамааралтайгаар шүүх хуралдаан хойшилсон тухай хэзээ ч мэдээлдэггүй. Дандаа эсрэг мэдээлэл хийгээд байдаг. Арваннэгдүгээр сарын 10-нд хэрэгт орсон хоёр өмгөөлөгчийн нүүр царайг анх бид хоёрдугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаан дээр харсан. Энэ хэрэгт өмгөөлөгчөөр орсноос хойш бүхэл бүтэн гурван сар орчмын дараа тэд “Бид хэрэгтэй танилцлаа, ийм баримтууд авахуулмаар байна. Нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж байна” гэсэн.

-Хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж байгаа өмгөөлөгч тухайн хэрэгтэйгээ танилцсан, хуралд бэлдсэн байх ёстой. Шүүх хуралдаанд ирүүтээ ийм хүсэлтүүд гаргасан юм уу?

-Тийм ээ. Гэвч шүүх хүндэтгээд, тэдний хүсэлтийг хангасан. Шүүхээс удаа дараа хариуцагч талын хүсэлтийг хангаад, шүүх хурал хойшлоод л байгаа. Нотлох баримт гаргах хүсэлтийн дагуу хоёрдугаар сарын 5-ны өдөр шүүх хурал хойшилсноос хойш гуравдугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд шүүх хурал болсон. Хүсээд байсан баримтууд нь ирсэн. Гэтэл энэ баримттай танилцаж амжаагүй байна, танилцмаар байна гэсэн. Шүүгч өмнө нь хариуцагч нарт шүүх хурлыг дахиж үндэслэлгүйгээр элдэв хүсэлт гаргаж хойшлуулахгүй шүү гэж анхааруулж байсан. Хэрэгтэйгээ танилцахыг хэн ч хориглоогүй. Өнөөдөр (2021.03.01) танилцана гээд дахин хойшлууллаа.

Хэрэг маргаан дээр ажиллаж байхад нэхэмжлэгчид шүүх хурлыг хойшлуулах сонирхол байдаггүй. Эрх нь зөрчигдсөн этгээд эрхэнд нь халдсан үйлдэл давтагдсаар байх тохиолдолд аль болох асуудлыг шүүхээр хурдан шийдүүлээд, хамгаалалт авахыг хүсдэг. Практикт хариуцагч тал хойшлуулах илүү сонирхолтой байдаг. Удаа дараа хариуцагч шүүх хурлыг хойшлуулж байгаа мөртлөө нийтэд тэнцвэртэй, үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна.

ҮНЭХЭЭР ХҮНИЙ НЭР ТӨРД ХАЛДААГҮЙ, ГЭМ БУРУУГҮЙ БОЛ ХҮРЧ ИРЭЭД АСУУДЛЫГ ШИЙДҮҮЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙХ ЁСГҮЙ

-Хариуцагч шүүгчээс татгалзахаа мэдэгдсэн гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Нэхэмжлэгчээс шүүх хурлаа хурдан товлон хийж өгөөч гэдэг хүсэлтийг амаар, бичгээр гаргасан. Гэтэл хариуцагчийн хүсэлтийг удаа дараа хангаж шийдвэрлээд хурал хойшилсоор байна. Бодит байдал ийм байхад гуравдугаар сарын 1-ний өдрийн шүүх хурлаар хариуцагч тал шүүгчид “Та илтэд нэг талд үйлчлэх гэсэн ааш зан гаргаад байна. Би танаас татгалзана. Та нэг талд үйлчлэх гээд байна” гэсэн. Би Өнөрцэцэг болон өмгөөлөгчийг нь хувь хүнийх нь хувьд сайн мэдэхгүй. Гэхдээ бид шүүх хурлын танхимд ороод, шүүгчийг хүндлээд босдог. Шүүгч зөрөөд өнгөрөхөд хүртэл зам тавьж өгдөг. Гэтэл тэр хүмүүсийн харилцаа хандлага маш дээрэнгүй, хүндэтгэлгүйгээр харьцдаг байдал ажиглагдсан. Хөндлөнгөөс маш муухай харагдсан. Шүүх хуралд иргэдийн төлөөлөгч оролцож байгаа. Өмнө нь үзлэг хийх ажиллагаан дээр ч хөндлөнгийн гэрчүүд оролцсон. Тэр хүмүүс үнэхээр мэл гайхаад гарсан. Бодит байдал дээр энэ Өнөрцэцэг чинь ийм муухай ааш авиртай хүн юм уу гээд. Өөрийнх нь фэйсбүүк хаяг, Зариг.мн-д үзлэг хийж байхад иргэн Ц.Гарамжавын нэр төрд халдсан мэдээллийг нүдэн дээр устгах тохиолдол гарч, утсаа оролдохгүй байхыг шүүгч даалгаж байсан. Хөндлөнгийн гэрчүүд түүнийг гэрчлээд, үзлэг хийсэн тэмдэглэл дээр дурдагдсан байдаг.

-Дараагийн шүүх хуралдаан хэзээ болохоор товлогдсон бэ?

-Гуравдугаар сарын 15-ны 09.30 цагт товлогдсон. Нэхэмжлэгч асуудлаа шийдүүлмээр байдаг, хариуцагч нар нь шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаад байдаг. Магадгүй өөр төрлийн хэрэг бол аль хэдийнэ шийдчихсэн байгаа. Хэвлэл мэдээллээр шуугиад, шүүхэд нөлөөлөх байдал ажиглагдаж байна. Үнэхээр хүний нэр төрд халдаагүй, гэм буруугүй бол хүрч ирээд асуудлыг шийдүүлэхээс зайлсхийх ёсгүй л гэж бодож байна.

-Ц.Гарамжав 10 тэрбум төгрөгийн зээлээ Монголбанкны эрсдэлийн сангаар хаалгасан тухай мэдээлэл гарсны дараа өнгөрсөн онд Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монполимет” компанид зээлийн өр төлбөр байхгүйг албан ёсоор мэдэгдсэн. Энэ асуудлыг үе үе босгож ирээд байдаг нь сонин санагддаг юм. Та юу хэлэх вэ?

-Энэ бол нээлттэй үйл баримт. Монголбанкны ерөнхийлөгч, хуулийн хэлтсийн зарим мэргэжилтнүүд хүртэл мэдээлэл өгсөн байдаг юм билээ. “Монполимет” зээл аваагүйг маш тодорхой хэлсэн. Алтны арилжаатай холбоотой маргаан 2016 онд Иргэний шүүхээр шийдвэрлэгдээд, ямар нэгэн өр төлбөргүй нь тогтоогдоод, тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэгдсэн. Гэтэл тэр хүн яагаад 2020 оны сонгуулийн өмнө гэнэт энэ асуудлыг барьж аваад сэвэв гэдэг сонин. Нэг хүнтэй холбоотой нэг төрлийн мэдээллийг завсаргүй цацсан байгаа юм. Тэр хүнд Ц.Гарамжав гэдэг хүнийг харлуулах өөр мэдээлэл олдоогүй юм болов уу? Цаана нь улс төрийн ч юм уу ямар нэгэн санаа зорилго байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй. Хүмүүс дүн шинжилгээ хийх байх аа.

-Иргэн Гарамжавд хэн нэгнийг хохироосон гэм буруу бий юү?

-Миний үйлчлүүлэгчид ямар нэгэн буруу хийсэн зүйл байхгүй. Хүчирхэг бизнес эрхлэгч байгаад, маш олон ажлын байр бий болгоод, олон өрхийг ажилтай, орлоготой авч яваа.

Монголчууд гүйлгээ ухаан сайтай. Иргэн Гарамжавын нэр төрийг харлуулах нь хэнд ашигтай байж болох вэ гэдгийг мэдээд, өөр өөрсдийн гаргалгаагаа хийх байх аа.

Б.ГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж