Нэгэн үе амны хаалтыг зөвхөн дээрэмчид, алдартай поп одод, өвчтөнүүд, Японы жуулчид л зүүдэг байв. Харин өдгөө цар тахлаас болж хаа явсан газартаа хүн бүр маск зүүх нь “шинэ энгийн зүйл” долоод байна. Хэдийгээр амны хаалт зүүх нь энгийн зүйл байж болох ч чухамдаа шинэ зүйл биш юм.
Тарваган тахал, агаарын бохирдол, биологийн дайны айдас гэх мэт асуудлуудаас бол хүн төрөлхтөн сүүлийн 500 жилийн турш үе үе амны хаалт зүүсээр иржээ.
Хамгийн эртний амны хаалтууд бол хувцасны нэг хэсэг бус хамгаалах үүрэгтэй хэрэгслүүд байсан аж. Маск НТӨ VI зуунд анх үүссэн хэмээн эрдэмтэд үздэг аж. Түүнчлэн Персийн эртний булшнуудаас ам, хамраа даран даавуу зүүсэн хүмүүсийн зураг олддог аж. Түүнээс гадна Марко Пологийн тэмдэглэлээс харахад XIII зууны төв Азид ордны үйлчлэгчид нэхмэл хаалт зүүдэг байсан гэнэ. Тухайн үед нэхмэл хаалт хааны хоол, хоолны дуршилд үйлчлэгчдийн амны эвгүй үнэр нөлөөлөхөөс сэргийлэх үүрэгтэй байжээ.
УТАА
XVIII зууны аж үйлдвэржилтийн хувьсгалаас болж Лондон хотын нүүрсээр галладаг айлууд дээр том үйлдвэрүүд нэмэгдэж, утаанд баригдсан. Түүнээс болж олон жилийн турш Лондон хот өвөлдөө дээгүүрээ өтгөн утаан бүрхүүлтэй болдог байв. Лондонгийн утаа 1952 онд хамгийн хөнөөлтэй байсан гэдэг. Тухайлбал, тухайн жилийн арванхоёрдугаар сарын 5-9-ний хооронд багадаа 4000 хүн нас барж, дараагийн хэдэн долоо хоног, сард дахин 8000 хүн амьсгал хүраасан юм. Мөн 1957 онд 1000 хүн, 1967 онд 750 хүн утаанаас болж нас барж байсан гэдэг.
Утаа маш өтгөн байсанд галт тэрэг зэрэг тээврийн хэрэгслүүд замаа харж чадахгүйгээс болж зогсонги байдалд орж, тэр байтугай хүмүүс ч замаа харж чадалгүй усанд унах, бэлчиж байсан үхэрнүүд гэнэт хоолой нь боогдож үхэх тохиолдол олон байсан гэдэг.
Лондон хотын захиргаа 1956, 1968 онуудад цэвэр агаарын тухай хууль баталж үйлдвэрүүдийг хяналтандаа авснаар аажимдаа агаарын бохирдол арилсан юм.
ТАХАЛ
Хар тахал буюу тарваган тахал XIV зуунд Европод дэгдэж, 1347-1351 оны хооронд 25 сая хүний аминд хүрч байв. Чухам тэр цагаас хойш ам, нүүрний хаалт эмч нарын салшгүй хэрэглээ болсон юм. Тухайн үед хүмүүс халдварт өвчин хүний биеийн шингэнүүд болон түүний ойр орчны агаар, үнэрээр дамжин халдварлаж байна хэмээн оновчтой таамагласан байна. Тиймдээ ч хүмүүс ам, хамраа ямар нэг зүйлээр халхлах, өөр үнэртэй зүйл үнэртэх зэргээр халдвар авахаас сэргийлж байсан аж.
Эмч нарын хэрэглэж эхэлсэн шувууны толгой хэлбэртэй багны хошуу хэсэгт анхилуун үнэртэй эмийн ургамал дүүргэн хийж, халдвартай үнэрээс сэргийлдэг байсан гэнэ.
Өдгөө Стимпанк готик стильд өргөн харагддаг хэрээ мэт дүрстэй баг XVII зуунд эцсийн төрхөө олсон гэдэг. Тухайн баг нь шувуу шиг харагдахдаа гол нь биш, эмч нарыг хортой үнэрээр амьсгалахаас сэргийлж, хамрынх нь урд аль болох их хурц үнэртэй зүйл дүүргэх гол зорилготой юм.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН
Автомашины хэрэглээ нэмэгдэх үед Лондонд дээд зиндааны эмэгтэйчүүд замын хөдөлгөөнд оролцохдоо нүүрээ тороор халхалдаг байжээ. Тийнхүү торон гивлүүр зөвхөн оршуулгын шинжтэй байхаа больж бүсгүйчүүдийн арьсыг нар, бороо, агаар дахь тоос шорооноос хамгаалах үүрэг бүхий өдөр тутмын хэрэглээ болсон байна.
Гэвч аажмаар торон гивлүүр хэрэглээнээс гарч, хүмүүс замын хөдөлгөөнд оролцохдоо нүүрээ халхлах нь багассаар XX зуун гэхэд мартагджээ. Хэдий тийм ч одоо хэр нь агаарыг бохирдуулагч хамгийн том хүчин зүйлийг автомашинууд хэмээн тодорхойлдог билээ. Тийм ч учраас зарим унадаг дугуйчид замын хөдөлгөөнд оролцохдоо утааны маск зүүх нь түгээмэл байсаар ирсэн юм.
ХОРТ ХИЙ
Дэлхийн нэгдүгээр дайнд анх хорт хий ашиглагдсанаас 20 жилийн дараа олон улсыг дахин дайны хар утаа нөмөрч эхлэхэд Английн засгийн газар зөвхөн цэргийнхэнд бус энгийн иргэдэд ч хорт хийн баг зүүхийг зөвлөх болжээ. Улмаар 1938 он гэхэд унадаг дугуйтай цагдаа нараас эхлээд уушийн газрын бүжигчин охид хүртэл хорт хийн баг зүүн бүжиглэдэг болсон байна.
Тэр ч байтугай амьтны хүрээлэнгийн тэмээнүүд болон цагдаагийн морьд хүртэл амавч зүүх нь түгээмэл үзэгдэл болжээ.
ИСПАНИ ТОМУУ
Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлд гарсан Испани томуу олон улсыг хамарсан тахал болтлоо дэгдсэн билээ. Тус өвчний анхны тохиолдол Испанид бүртгэгдэж, 50 сая хүн нас барсан тул уг өвчнийг Испани томуу хэмээн нэрлэсэн гэдэг. Өвчин тийнхүү маш хурдан тархсаны гол шалтгаан нь дайны талбараас эргэн ирсэн цэргүүд хэмээн түүхчид үздэг юм. Цэргүүдийг нутаг буцаахдаа битүү галт тэргэнд олноор нь тээвэрлэснээс болж ихэнх цэргүүд бие биенээсээ халдвар авч, бүгд халдвар тээгч болоод гэр гэртээ харьсан гэдэг.
Испани томууны халдвар эрчимтэй нэмэгдэхийн хэрээр эмч нар иргэдэд амны хаалт зүүхийг уриалах болсон байна. Иймд иргэд өөрсдөө амны хаалт хийж, зүүх болжээ. Гэвч зарим эмч нар ам, хамрыг бүхэлд нь хаах биш, ам, хамарныхаа орчимд ариутгагч цацсан хөвөн зүүж явахад хангалттай хэмээн зөвлөж байсан бол зарим эмч нар хамраа л хааж байвал амаа хаах нь чухал биш хэмээн үзэж байв.
АЛДАР НЭР
Цаг хугацаа өнгөрч хорт хий, тахал, өвчин зэрэг зүйлс хүмүүсийн айдсыг төрүүлэхээ болих үед амны хаалт, баг өөр зорилгоор ашиглагдах болжээ. Тухайлбал, урлагийн одод олон нийтийн газраар явахдаа нуугдах зорилгоор нүүрээ халхалдаг болсон байна.
ЦАР ТАХАЛ
2019 оны төгсгөлд үл мэдэгдэх вирус Хятадад бүртгэгдсэн нь өдгөө дэлхийг нөмөрсөн цар тахал болжээ. Дэлхийд өнөөдрийн /2021.3.3/цар тахлын нийт 115,2 сая /115.299.659/ тохиолдол бүртгэгдэж, 2,5 сая /2.560.602/ хүн нас барсан байна. Уг өвчнийг анх амьсгалын замаар халдварладаг эсэх дээр барууны эмч, эрдэмтэд эргэлзэж, зарим улсын удирдагч нар маск зүүх шаардлагагүй хэмээн зөвлөж байсан билээ. Гэвч халдварын хэмжээ нэмэгдэхийн хэрээр барууны орнууд Covid-19 өвчнийг агаараар дамжин халдварлах чадвартайг хэтэрхий хожимдож ойлгосноор маск зүүхийг бүх иргэддээ зөвлөж эхэлсэн юм.
Ийнхүү амны хаалт зүүх нь зайлшгүй шаардлагатай зүйл болсноор хүн бүр, тэр дундаа урлагийн одод хүртэл амны хаалт зүүх болсон билээ. Тэгэхдээ зарим одод өмссөн хувцастайгаа ижилсүүлж олон өнгийн, чамин хээтэй, тэр байтугай торон материалтай маск хүртэл хийлгэн зүүх болсон юмl
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ