ЭМЯ: 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

ЭМЯ: 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.03.03) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-2021 оны гуравдугаар сарын 02-нд нийт 17529  сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод нийт 2187 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын батлагдсан тохиолдол 2513 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 30 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 3032  болж, 2360 хүн буюу 78 хувь нь эдгэрсэн.

Шинээр халдвар авсан 32 хүний 23 нь ажиглан тусгаарлалтад байсан бол найм нь "Нэг  хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илрүүлсэн хавьтлуудаас өвчлөл бүртгэгдсэн. Харин нэг хүний халдварын эх уурхайг тодруулж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг дүүргээр нь танилцуулбал, Баянзүрх 14, Сүхбаатарт нэг, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Хан-Уул дүүрэгт 13 тохиолдол бүртгэгдсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 657 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 57, хөнгөн 591 хүн эмчлэгдэж байна. Иргэд олон хүнтэй газар, хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ зай барьж, амны хаалтыг сайтар зүүх хэрэгтэй байна.

“E-MONGOLIA.MN ТӨРИЙН НЭГДСЭН СИСТЕМЭЭС ВАКЦИНЫ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХЭВЛЭН АВАХ БОЛОМЖТОЙ”

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Өнөөдрийн байдлаар 11120 хүн буюу эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа мэргэжлийн болон бусад салбарын хүмүүсийг вакцинд хамруулж байна. Одоогийн байдлаар вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд вакцины дараах түгээмэл илрэх ёстой хариу урвалууд илэрсэн. Бид тандалтыг хийж байна. Уг тандалтаар халуурах, толгой өвдөх, бие арзайх, тарьсан хэсэгт хөндүүрлэх, томуугийн шинжтэй ижил шинж тэмдэг 1-2 хоногийн хугацаанд илэрч байна. Ноцтой урвал, хүндрэл бүртгэгдээгүй. Вакцинд хамруулж буй иргэдийг дархлаажуулалтын цахим бүртгэлд бүртгэж, нэгдсэн сан үүсгэх ажлыг улсын хэмжээнд хийж байна. Энэ систем нь E-Mongolia.mn төрийн нэгдсэн системтэй холбогдсон бөгөөд иргэд вакцинд хамрагдсан гэрчилгээгээ энэ системээс хэвлэн авах боломжийг бүрдүүлсэн. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 193 ЭМЧ, АЖИЛТАН ХАЛДВАР АВСАН”

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Онцгой нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг хэр хугацаанд вакцинжуулалтад хамруулж дуусах вэ?  

О.Дашпагма:

-Бид эхний ээлжийн вакцинд нийслэл хотод халдварын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтэн, хариу арга хэмжээний багийн ажилчдыг хамруулж байгаа. Одоо бол энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, энэ долоо хоногоос эхлэн зорилтот бүлгийн иргэдээ вакцинжуулалтад хамруулна.

-Вакцинжуулалтын явц хэт удааширч байгаа учраас вакцин хийх цэгийн тоог нэмэх боломжтой юу?

-Монгол Улс эхний ээлжийн 150 мянган тун вакциныг хүлээн авсан. Үүний дагуу төлөвлөлтийн дагуу вакцинжуулалтыг хийж байна. Өрхийн эрүүл мэндийн төв дээр үндсэн тусламж үйлчилгээ хэвийн ажиллаж байгаа учраас эрүүл мэндийн төвүүд дээр вакцинжуулалтын цэгийг байгуулсан. Бид эмчийн үзлэгт хамруулж, тодорхой хугацаанд вакцин хийлгэсэн хүмүүсээ ажиглаж байгаа учраас өдөрт 1000 гаруй хүн хамрагдаж байна. Цаашдаа бид дархлаажуулалтын нэгжүүдийг өргөтгөөд явна. Бид вакцины хангалттай холбоотойгоор эрэмбэлэлтийг хийж байгаа. Бид одоо байгаа 150 мянган тун вакцинаар 75 мянган хүнийг хоёр удаагийн тунгаар дархлаажуулна.

-Хөдөө орон нутаг руу сургуульдаа сурахаар явах бага насны хүүхдүүд заавал PCR шинжилгээ өгөх шаардлагатай юу?

Ж.Байгалмаа:

-Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг түр журмаар зохицуулж байгаа. Уг журамд нэг гэр бүлээс нэг хүн шинжилгээ өгсөн бол хүүхэд шинжилгээ өгөх шаардлагагүй.

-Вакцинжуулалтын хэдэн цэг дээр хэчнээн эмч мэргэжилтэн ажиллаж байна вэ?

-Дүүргийн эрүүл мэндийн төвийн 22 нэгжид 31 баг 220 гаруй эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Мөн лавлагаа төвүүд дээр дархлаажуулалтын цэгүүдийг нээж, 10 гаруй багийн 80 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Улаанбаатарт нийтдээ 31 багийн 300 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж байгаа. Бид төлөвлөлтийнхөө дагуу бусад эмч мэргэжилтнээс судалгаа авчихсан, бэлэн байдалд байгаа. “Нэг хаалга –Нэг шинжилгээ” үйл ажиллагаагаар нийт 219 хүнийг илрүүлж, тусгаарласан учраас үр дүнтэй ажил болж байна.

-Халдвар аваад эдгэрсэн хүн гэртээ гараад нас барсан гэх мэдээлэл үнэн үү?

-Covid-19-ийн халдвартай, биеийн байдал нэн хүнд эмчлэгдэж байсан өвчтөн маань эдгэрч, Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү уушгины хавсарсан оноштойгоор шилжсэн. Тухайн иргэн эмчилгээгээ хийлгээд, гэртээ гарсан байсан. Нас барсан талаарх мэдээллийг мэдэхгүй байна.

-Эрүүл мэндийн салбарын хэчнээн эмч, ажилчид халдвар авсан бэ?

-Эрүүл мэндийн ажилчид халдвар авсан тохиолдол хоёрдугаар сарын 27-ны мэдээгээр 193 болсон. Тандалтыг идэвхтэй хийж байна. Энэ тоог олон улсынхтай харьцуулахад харьцангуй бага байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж