“Оюутолгой”-н Монголын талын зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н Монголын талын зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэж байна

“Оюутолгой”-н Монголын талын зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэж байна

“Оюутолгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг тус төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай сүүлийн саруудад яриа хэлэлцээгээ идэвхтэй үргэлжлүүлж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгын мэдээлснээр, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” 2015 онд байгуулсан далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээг цуцалж, шинэ гэрээ байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Өнөөдрийн байдлаар “Rio Tinto”-гийн тал менежментийн төлбөрийг бууруулж, гүйцэтгэлээс хамаарч тооцдог болгох, төслийн 34 хувьд ногдох Монголын талын санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах асуудлуудыг хэлэлцэж буй бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй байна.

2020 оны төгсгөлд Татварын ерөнхий газар “Оюутолгой” компанид 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьж, өнгөрсөн долоо хоногт тус компани 230 тэрбум төгрөгийг Төрийн санд шилжүүлснээ мэдэгдсэн. Энэ долоо хоногт үлдсэн 400 гаруй тэрбум төгрөгийг төлөх хүлээлттэй байгаа юм. “Оюутолгой” ХХК татварын байгууллагаас ирүүлсэн татварын нэхэмжлэлийн дагуу төлбөрөө Монгол Улсын татварын ерөнхий хуульд заасны дагуу төлж эхэлсэн талаар Засгийн газраас мэдээлсэн. Харин “Оюутолгой” ХХК-иас татвар төлсөн нь татварын акт, шийтгэлийн хуудаст дурдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн явдал биш болохыг мэдэгдэв.

Монгол Улсын Захиргааны хэргийн шүүх, Олон улсын арбитрын шүүхэд татвартай холбоотой маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу үргэлжилж буй юм. Хэрвээ шүүхийн шийдвэр “Рио Тинто”-гийн талд гарвал татварт төлсөн мөнгийг Монголын талын зээлийн төлбөрт суутгаж болзошгүйг шинжээчид өгүүлж байна.

“Nikkei Asia” сэтгүүл энэ сарын 1-ний өдрийн дугаартаа "Оюутолгой"-н хөрөнгө оруулагч талууд болох Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани олон долоо хоног яриа хэлэлцээ хийсний дүнд далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудлаар шинэ зохицуулалт хийхээр тохиролцоонд хүрсэн гэж мэдээлжээ.

Монгол Улс зэсийн гурав дахь том уурхайнхаа ногдол ашгийг 2032 оноос хүртэнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэвч “Рио Тинто” компаниас шинээр танилцуулсан ТЭЗҮ-ээр “Оюутолгой” төслийн зардал 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 6.8 тэрбум долларт хүрч, ногдол ашиг огт хүртэхгүй гэсэн тооцоо гаргасан. Үүнээс улбаалан Монгол Улсын Засгийн газар Дубайн гэрээг шаардлагатай бол цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэнийг тус нийтлэлд өгүүлжээ.

Мөн ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонго “Nikkei Asia”-д “Талууд 2015 онд байгуулсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж, шинээр гэрээ байгуулах талаар тохиролцож байна” хэмээн ярьсан байна. Тэрбээр шинэ гэрээ байгуулахыг аль аль тал дэмжиж буйг хэлээд, далд уурхайн зардал нэмэгдэж буй асуудлыг хэлэлцэх нь чухал болохыг тэмдэглэжээ.

Тус нийтлэлд, “Rio Tinto” уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааг дангаар санхүүжүүлж, Монгол Улсад уурхайн эзэмшиж буй хувиа санхүүжүүлэх зээл олгосон. Өнөөдрийн байдлаар бүх ашгаас гадна менежментийн болон зээлийн төлбөрийг “Оюутолгой”-н орлогоос авч буй. 2015 онд байгуулсан бүтээн байгуулалтын гэрээний дагуу Монгол Улс зээлээ бүрэн төлөгдөх хүртэл ногдол ашиг авахгүй хэдий ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авна" гэж бичжээ.

“Rio Tinto”-гийн Гүйцэтгэх захирал Я.Стаусхолм өнгөрсөн долоо хоногт “Nikkei”-д ярилцлага өгөхдөө “Оюутолгой”-н далд уурхайн зардал өссөн нь Жан-Себастьян Жакийг албан тушаалаа хүлээлгэн өгөхөд нөлөөлсөн. Түүний халааг нэгдүгээр сарын 1-нээс авсан Якоб Стаусхолм Монгол Улсын иргэн Б.Болдыг “Rio Tinto”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилсон. Б.Болд өөрийн багийг бүрдүүлж, Монголын Засгийн газартай хэлэлцээг эхлүүлсэн” гэж мэдээлсэн байна.

Б.Болд "Оюутолгой"-н бүтээн байгуулалт нь дэлхийн зах зээлд хэрэгцээт зэс нийлүүлэх инженерингийн гайхалтай ололт бөгөөд Монголын ард түмэнд үр өгөөжтэй бүтээн байгуулалт тул бид харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдлүүдийг олж чадна гэдэгт итгэлтэй хэвээр байна" гэж хэлжээ.

“Rio Tinto” 2013 оноос хойш менежментийн төлбөр болох 1.3 тэрбум ам.доллар цуглуулсан бол Монгол Улс тус группт 2.2 тэрбум ам.долларын өртэй хэвээр байна. “Rio Tinto” компани "Уурхайн төсөл Монголын Засгийн газарт жилд 300 сая орчим ам.долларын татвар төлдөг бөгөөд үүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ордог" гэж мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж