Монгол улсын волейболын шигшээ багийн тамирчин, “Медальд хүрэх зам” компанийн үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяртай ярилцлаа.
-“Медальд хүрэх зам” байгууллагыг Солонгос руу Монголын авьяаслаг волейболын тамирчдыг зуучилдаг гэдгээр нь манай уншигчид эчнээ мэдэх байх. Бидэнд үйл ажиллагаагаа танилцуулаач ?
-Монголын волейболын залуучуудын холбоо, спорт менежмент компанийн хүрээнд манай байгууллага Монголын ирээдүйтэй тамирчдыг гадаадад бэлтгэх нь зүйтэй юм байна гэж үзээд Япон, Солонгостой холбоо тогтоосон. Улмаар Солонгос улстай тамирчин, багш дасгалжуулагч солилцоо, туршлага солилцох хамтарсан бэлтгэл гэх зүйлүүд дээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаад байна. Одоогоор Монгол улсаас 10 гаруй тамирчин Солонгос улс руу яваад байгаагийн 8 нь манай шугамаар явсан. Эдгээр тамирчдын 60-70 хувь нь Солонгосын “Winner” спорт менежментийн Хо Гин Хью багшийн удирдлага дор 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Монголын ирээдүйтэй тамирчдыг Солонгосын “Pro” лигт тоглуулах зорилготой. Солонгосын волейболын мэргэжлийн лигт тогловол Монголтой харьцуулбал өндөр цалин хангамж авч, амьдралаа авч авах бүрэн дүүрэн бололцоотой. Нөгөө талаараа Монголын волейболын ирээдүйн шилдэг тамирчдыг бэлдэж байна гэсэн үг.
-Яагаад заавал Солонгосыг сонгох болов. Анх хэрхэн холбогдсон бэ?
-Солонгосын талаас хамтран ажиллахад бэлэн гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Өмнө нь Э.Сайханбаатар, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан гурав гадагшаа яваад Монгол тамирчдыг тэсвэр тэвчээртэй, авьяастай гэж дүгнээд Монголын залуу, өсвөрийн тамирчдыг авах сонирхолтойгоо илэрхийлсэн. Солонгосын мэргэжилтнүүдийг Монголд урьж авчраад сонгон шалгаруулалтанд явуулж, тэмцээн уралдаан уралдаан үзүүлж, тамирчдаа сонгосон. Мөн Япон, Солонгос, Монгол гэсэн гурван орны туршлага солилцох арга хэмжээг Солонгост зохион байгуулах гэсэн боловч Япон, Солонгосын үйл ойлголцлоос болж Япон ирээгүй. Харин энэ жил Монголд гурван орны хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах байсан ч цар тахал боломжгүй байдал үүслээ.
-Явсан тамирчид эхнээсээ амжилт үзүүлээд эхлэх шиг боллоо?
-Эхэлсэн шүү. Б.Баярсайхан маань Солонгосын оюутны лигийн шилдэг довтлогч болоод баг нь мөнгөн медаль авсан. Ж.Энх-Эрдэнэ маань ч цахиур хагалах тоглогчдын тоонд ороод байна. Анх 2008 онд Э.Сайханбаатар олон улсын тавцанд гарч, Монголын волейболчдын буухиаг эхлүүлж байлаа.
-10 жилийн өмнө Монголын волейболын тамирчин гадны лигт тоглох боломж хэр байв?
-Миний үед бол боломж хомс байсан. Харин ах нарын үед ямар байсныг нь мэдэхгүй байна. 2008 онд Монголд зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болоход Э.Сайханбаатар маань гадны дасгалжуулагчдын хараанд өртөж, гадагшаа явж байлаа. Би тэр үед дөнгөж их сургуульд ороод шигшээ багт дуудагдаад удаагүй байсан л даа.
-Та өөрөө тамирчин хүн. Хэзээнээс эхлэн багш, дасгалжуулагч болъё гэж бодсон бэ?
-Анх 2014 оноос л эхэлсэн дээ. Сайн хүүхдүүдийг багш нар нь голчлон бэлтгээд бусад нь үлдээд энэ гоё спортын сайхныг мэдэрч чадахгүй байсан учир хичээлээс гадуурх секц дугуйлан хичээллүүлэх санаа орж ирсэн. Эхэн үедээ залуучууд, хүүхдүүдэд анхан шатны мэдэгдэхүүн олгох зорилготой байсан ч анхан, дунд шат, клубуудэд орох сонирхолтой маш олон хүүхэд байсан. Иймээс сургалтаа нас хүйсээр нь ангиллаж, зохион байгуулалтанд оруулсан.
-Таны сургалтын төвд одоогоор хэчнээн анги, хэдэн багш дасгалжуулагч байна вэ?
-Одоогоор таван дасгалжуулагчтай зэрэглэл бүр дээрээ анхан, дунд шат, клубын гээд нийт 13 ангитай явж байна.
-Нас насны хүүхдүүдтэй ажиллаж, тэдний онцлогт тааруулан ажиллах хэр хүнд вэ?
-Нас насаар нь гэхээсээ илүүтэй ур чадвараар нь ангилсан нь дээр байдаг юм. Нас бол зүгээр л тоо. Тиймээс эвсэлтэй, удаан, таргалалттай гэх зэргээр нь ангилаад тохирсон дасгалыг нь өгөөд бага багаар ур чадварыг нь сайжруулдаг. Хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орж байна. Иймээс бид эрүүл нийгэм, саруул хүүхдүүдийг бэлтгэх нь зүйтэй гэж үзсэн.
-Та ямар сургалтын арга барилыг ашигладаг вэ?
-Арга барилын хувьд Япон школыг барьж ажилладаг. Хүүхдүүдийг хүмүүжүүлтэй, цаг барьдаг, багш дасгалжуулагчийн хэлсэн үгийг дагадаг, зөв хүн болгохын тулд л зөвлөдөг. Түүнчлэн сэтгэл зүйн хувьд дэмждэг. Шууд спортоор нухаад байхгүй. Хувцсаа хэрхэн солихоос эхлүүлээд бэлтгэл дээр юу авчрах, бэлтгэлийн үеэр ямар зохион байгуулалтанд орох, хэрхэн зөв техникийг эзэмших зэргийг тоглоомын сонирхолтой аргуудаар олгодог. Мэдээж дээшээ түвшин ахиад ирэхээр бүхий л дасгалаа мэргэжлийн түвшинд хийж эхэлнэ. Анх суралцаж буй хүүхдүүдийг ядрааж, хэт их ачаалал өгч дургүй болгохгүй. Хүн дуртай зүйлдээ өөрөө хөтлөгдөөд сайжирдаг. Сайжирч буй хүүхдүүдийг урамшуулах, ойлгоогүй зүйлийг нь ойлгуулах, дахин давтаж хэлэх, харуулахыг зорьдог. Бүх хүн волейболыг ойлгоод заах боломжтой ч гол нь ямар арга барил, зохион байгуулалтаар зааж байна вэ гэдэг чухал.
-Гадны орнуудын туршлага дээрээс үзэхэд Монгол, гадаад хүүхдүүдийн ялгаа хэр мэдрэгдэх үү?
-Мэдрэгдэлгүй яах вэ. Нийгэм, гэр бүлийн харилцаа нь их нөлөөтэй юм шиг санагдсан. Монгол хүүхдүүд их хайнга, хүнд баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлэх тал дээрээ дутмаг. Спортоос олж авсан гоё сайхан зүйлүүдээ хүүхдүүд сургууль дээрээ, гэртээ түгээж байх хэрэгтэй. Монголын аж амьдрал замбараагүй, стандарт бус учир хүүхдүүд ч гэсэн орчноо л дагадаг. Энд хүүхдүдийн буруу байхгүй л дээ. Хүүхдийн “би, би” гэдгийг нь л “бид” болгох ёстой. Одоог хүртэл Монголын онцлогт тохирсон арга барилыг хайж л байна. Эцэг эхчүүд, багш дасгалжуулагч нар хамтарч ажиллах шаардлагатай. Хүүхдийнхээ үгээр хэт их өөрийнхөөр нь байлгаад байвал буруу. Хүүхэд чинь амьдрал дээр гарна, хөдөлмөрлөнө, юм үзнэ, хатуу үг сонсоно. Энэ бүгдийг даах тэсвэр тэвчээр, хатуужлыг л бид спортоор дамжуулж олгох гээд байна. Хүүхдийн хүмүүжлээс гэр бүлийн уур амьсгал харагддаг. Хүүхдүүдийнхээ бэлтгэл дээр огт ирж үзээгүй хүн байхад амралтын өдөр ирээд хамт бэлтгэл хийдэг эцэг эхчүүд байна. Тэр бүгдэд нь талархдаг.
-Та мөн Монголын волейболын залуучуудын холбоог үүсгэн байгуулсан хүн шүү дээ. Анх ямар зорилготой байгуулсан бэ?
-Монголын волейболын залуучуудын холбоог анх 2014 онд Монголын волейболын тамирчдыг шат дараалалтай зэрэглэлтэй болгъё гэж байгуулсан. Тамирчид үзэгчид байгаа боловч тэмцээн уралдаан бага болдог байсан. Түрүүн хэлсэнчлэн доороос гарч ирж буй шинэ залуу тамирчид болон мундаг тамирчдад зориулж зэрэглэл, ангилал гарах хэрэгтэй гэж бодсон. Түүнээс хойш менежментээ хөгжүүлье гээд дэргэдээ спорт менежментийн компани байгуулсан. Энэхүү компани маань волейболын залуучуудын холбоог ивээн тэтгэх, хөрөнгө оруулах, багш дасгалжуулагчдыг ажлын байртай болгоход чиглэсэн.
-Спортын менежментийн компани нь ямар ажлуудыг төлөвлөөд байна ?
-Монголын волейболын холбоотой хамтран ажиллаж, тэмцээний уралдааны тоог нэмэх, системчлэх, ангилах зорилтот ажлуудыг эхлүүлээд байна. Эхлээд дотоодын өрсөлдөөнөө сайжруулж байж, олон улсад амжилт үзүүлэх боломжтой. Өмнө нь Монголын өнцөг булан бүрээс Солонгос руу хамтарсан бэлтгэлд явах хүүхдүүдээ сонгон шалгаруулаад Солонгосын 18 хүртэлх шигшээ баг болон клубуудтэй нь 20 хүнийн бүрэлдэхүүнтэй бэлтгэл хийгээд ирсэн.
-Таныг Монголын волейболын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гэж сонссон. Яагаад нэрээ дэвшүүлэв?
-Монголын волейболын спортын түвшин бусад спортоо бодвол уналтанд орсон л доо. Үүнийгээ дагаад багш, дасгалжуулагч, тамирчдын үнэ цэнэ ч буурч байна. Жилдээ нэг насны ангилалд долоохон хоног тэмцээн зохион байгуулагдаж байна. Бид олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй байгаа нь харамсалтай. Урт хугацааны төлөвлөгөө, бодлого дутмаг байгаагаас л өнөөдрийн асуудал үүссэн. 2000 оноос хойш л нэг системээрээ явлаа. Энийг л өөрчлөх хэрэгтэй гэж бодсон юм. Олон нийтийг татах маркетинг алга.
-Волейболын холбоонд дотоод зөрчил байдаг гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Дотоод зөрчил байхгүй юм шиг харагддаг ч залуучуудын оролцоог хязгаарладаг гэж хэлж болно. Волейболын залуучуудын холбоо байгуулагдаад зургаан жил болж байна. Гэтэл волейболын холбоотой хамтарч ажиллахгүй өдийг хүрлээ. Залуучуудын холбооны зохион байгуулдаг тэмцээнийг холбоо маань хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидэнд хагаралдуулах бодол байхгүй. Волейболын залуучуудын холбоо үргэлж Монголын волейболын холбооны төлөвлөгөөний дараа тэмцээн уралдааныхаа төлөвлөгөөг гаргадаг. Энэ бол тэмцээн уралдаануудыг давхардуулахгүй байх, тамирчдыг хохироохгүй байх бодлого. Волейболын холбоог яг ч хагаралтай гэж хэлж болохгүй. Манай холбооны үйл ажиллагаанд ямар нэгэн хориг тавиагүйг бодоход дэмжиж байгаа л үзэж байна. Гэхдээ л нэгдсэн нэг бодлоготой, бүтэн жилийнхээ төлөвлөгөөг нэг болгох хэрэгтэй. Жилдээ долоохон хоног тэмцээн зохион байгуулж байна гэдэг байж болохгүй зүйл.
-Монголын волейболын шигшээ баг 2010-аад оны эхэн, дунд үед олон улсын тэмцээн уралдаанд их оролцдог байсан. Сүүлийн жилүүдэд огт харагдсангүй ?
-Ярьвал их урт түүх болно л доо. Товчхон хэлвэл, дотоодын тэмцээн уралдаан богино хугацаанд явагддаг учир хэвлэл мэдээллийн хараанд өртөж, спонсор үзэгчдийг татах нь багассан. Иймээс шигшээ багийг санхүүжүүлэх том компаниуд волейболыг сонирхолгүй гэж үзээд хөрөнгө оруулахгүй байна. Гадаад руу тэмцээнд явахад багадаа л 20 хүний бүрэлдэхүүнтэй явна. Эдгээр хүмүүсийн хоёр талын нислэг, байрлах байр, хоол унд, тэмцээний хураамж зэрэг багагүй зардал гарна. Сайн спонсортой болж байж л гадны тэмцээнүүдэд тогтмол оролцох байх.
-Лигээ сонирхолтой болгож, үзэгчдийг татахад легионер тоглогчид хэрэгтэй биз?
-Сайн зохион байгуулалттай тэмцээнд гадны тамирчид хаана ч байсан тоглох сонирхолтой. Монголд эрх зүйн орчныг сайн бүрдүүлэх, Монголын лигээ гадаадад сурталчлах, мэдээллэх хэрэгтэй. Сүүлд л гэхэд би өөрөө Япон явж хоёр легионер тамирчин сонгож авчирсан.
-Монголд ирээд буцаж буй легионер тамирчид ямар сэтгэгдэлтэй буцдаг вэ?
-Өндөр сэтгэгдэлтэй буцдаг шүү. Монголын лигийн тэмцээн сонирхолтой, дахиж ирнэ л гэдэг. Зохион байгуулалтаа сайжруулаад, хугацааг нь уртасгавал Монголд волейболын спортыг шимтэн үздэг үзэгчид, тоглодог тоглогчид их байна. Легионер тамирчид лиг богино хугацаанд зохион байгуулагддагт л жоохон сэтгэл дундуур байдаг. Лигийн тэмцээн гэсэн мөртлөө 14 хоногт явагдаад дуусдаг. 14 хоногийн дотор гаднаас ирсэн тамирчидтайгаа ч сайн нэг баг болж чаддаггүй.
–Монголын волейболын шигшээ баг олон улсад амжилт үзүүлэхэд ямар бэрхшээл тулгамдаж байна вэ?
-Монголын волейболчид олон улсад бол довтолгоогоор дутдаггүй. Бидэнд тогтвортой бэлтгэл, туршлага, сэтгэл зүй л хэрэгтэй байна. Хугацаа гэхээсээ л илүү давах ёстой дээрх хэдхэн даваа л бий. Гадны шигшээ багуудтай тоглох нь тоотой хэд учир идээшиж чаддаггүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд нутагтаа олон улсын тэмцээн зохион байгуулж, легионер тамирчдыг Монголынхоо лигтээ тоглуулах нь зүйтэй. Гадны тэмцээн уралдаанд орох нь энгийн үзэгдэл болох ёстой. Мөн тамирчдын жинхэнэ чанарыг харуулах урт хугацааны лиг шаардлагатай. Монголын волейболчид олон улсын тавцанд амжилт үзүүлэхэд хол биш ойрхон байна. Дараа жил нь олон улсын ямар тэмцээнд явахаа мэдэхгүй тамирчид юунд зориулж бэлтгэл хийх юм бэ?
-Волейболын шигшээ баг хамгийн сүүлд хэзээ цугларалтанд гарсан бэ?
-2017 оны зүүн Азийн наадам Монголд болоход нэг цугларсан. Түүнээс хойш бараг дөрвөн жил цугларсангүй. Клубууд дээр суурилж бэлтгэл хийж байна даа. Шигшээ баг тогтмол бэлтгэлтэй, тогтмол тэмцээн уралдаанд оролцвол амжилт гаргах ойрхон доо.
-Тэгэхээр олон улсад өрсөлдөх дараагийн тэмцээн тодорхойгүй байгаа хэрэг үү?
-Тодорхойгүй л байна. Хоёр жилд нэг удаа болдог зүүн Азийн аваргад оролцох байх. Сүүлд “Challenge cup”-д оролцох талаар яригдаж байсан. Шигшээ багийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгох, хэр хугацаанд бэлтгэх зэрэг тодорхойгүй ээ.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Танд манай сайтын уншигчдад хандаж хэлэх үг бий юу?
-News.mn сайтын уншигчид болон волейболын спортод элэгтэй ард түмэн минь энэ спортоо Монголд хөгжүүлэхийн төлөө, хувь нэмрээ оруулдаг, шаардлага тавьдаг, дуу нэгддэг байгаасай. Нийтээрээ спортын салбараа хөгжүүлцгээе.
Холбоотой мэдээ