Уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлдэг систем бий болсон

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

Уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлдэг систем бий болсон

Уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлдэг систем бий болсон

Хятад улс Шинжаан дахь олон зуун мянган уйгур болон бусад үндэстний цөөнхийг шинэ ажлын байранд шилжүүлэх нэрээр албадан хөдөлмөр эрхлүүлэх бодлого баримталж байгаа талаар “BBC” маш өргөн хүрээтэй судалгаа хийжээ. Харин Хятадын Засгийн газар алс баруун хязгаарын хүн ам зүйг өөрчлөхийг оролдож байгааг үгүйсгэж, тэднийг ийнхүү хүчээр өөр ажил хийлгэж байгаа нь орлогыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилготой хэмээн мэдэгдэж байгаа юм. Шинжаан даяар сүүлийн жилүүдэд баригдсан дахин боловсрол олгох хуарангуудтай зэрэгцэн энэхүү бодлого нь үндэстний цөөнхүүдийн амьдралын хэв маяг, сэтгэлгээг өөрчлөх замаар уусгах зорилготой болохыг BBC онцолжээ.

BBC уг судалгааг цахим орчинд санамсаргүй түүврийн аргаар явуулсан судалгаа, Хятадын Коммунист Намын  суртал ухуулгын тайлан, ярилцлага, Хятадад байрладаг томоохон үйлдвэрүүд дээр очиж үзсэний үндсэн дээр нэгтгэсэн байна.

Уйгур ажилчдыг Хятадад байрлах барууны томоохон брэндүүдийн үйлдвэрүүд дээр хүчээр ажиллуулж байна гэх асуудал аль хэдийн олон улсын анхаарлын төвд орсон. Хятадын Коммунист Намын өмчит мэдээллийн сувгаар цацагдсан видео сурвалжлагад тосгоны төвд хэсэг албан тушаалтнууд 4000 км-ийн зайд орших Аньхуй мужид ажлын байрны суртал ухуулга хийж байгааг харуулжээ. Бүтэн хоёр өдөр ингэж ухуулга хийхэд тосгоноос нэг ч хүн ажилд орохоор бүртгүүлээгүй тул Коммунист намын хүмүүс айлуудаар явж эхэлжээ. Энэ бол Шинжаан дахь уйгур, казах болон бусад үндэстний цөөнхийг гэрээс нь нэлээд хол зайтай үйлдвэрүүдэд албадан ажиллуулах  кампанит ажил явуулж буйг харуулсан видео сурвалжлага, баримтат кино байв. Энэ видео 2017 онд хийгдэж байсан ч өнөөг хүртэл олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаагүй бөгөөд үүнээс хойш дээрх кампанит ажил улам боловсронгуй болж, эрчимжиж байгаа аж.

Видео сурвалжлагад Коммунист намын албан тушаалтан гэрт нь ирээд охин Бузайнапыг нь гэрээс нь хэдэн мянган километрийн зайд байрлах үйлдвэрт ажиллуулахыг санал болгоход аав нь дургүйцэж буйг бичжээ. Тэр аав “Явахыг хүсч байгаа өөр хүн байгаа байх. Бид энд амьдралаа аваад явж чадна. Бид одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна” хэмээн ярьж байв. Харин Коммунист намын хүмүүс 19 настай Бузайнапт хандаж “Хэрэв чи эндээ үлдвэл удахгүй хүнтэй сууж, хүүхэд гаргаад хэзээ ч энэ тосгоноосоо явж чадахгүй. Сайн бодоод үз дээ. Явсан нь дээр шүү дээ” хэмээн эцгийнх нь нүдэр дээр ятгаж байгаа нь бичигдсэн байна. Гэтэл Бузайнап охин Коммунист намынхан болон төрийн телевизийн камерын өмнөөс эгцэлж харж чадалгүй дальдчиж “Би явахгүй” хэмээн хариулав. Түүнийг ингэж хариулахад Коммунист намын албан тушаалтнууд түүнийг дарамталсан байдлаар харьцаж эхлэхэд тэр уйлж, “Бусад нь явбал би явна” хэмээн хариулж байгаа нь бичигдсэн байна.

Бузайнап болон түүнтэй адил байдлаар хүчээр "дайчлагдсан" үндэстний цөөнхүүд гэр бүл, соёл иргэншлээ орхин явж, эцэг эх нь нулимс цийлэгнүүлэн дараа хэзээ нэгэн өдөр уулзах ерөөл тавин үлдэж буйгаар баримтат кино дуусдаг.

Профессор Лаура Мерфи нь 2004-2005 оны хооронд Шинжаанд амьдарч байсан, Их Британийн Шеффилд Халламын их сургуулийн хүний ​​эрх, орчин үеийн боолчлолын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн юм. Тэрбээр "Эдгээр иргэд сайн дураараа хөтөлбөрт хамрагдаж, үйлдвэрт ажилладаг хэмээн Хятадын Засгийн газар хэлдэг. Гэхдээ энэ бол сайн дурын үндсэн дээр бус эсэргүүцэх боломжгүй албадлагын тогтолцоон дээр үндэслэгддэг. Өнгөн дээрээ хүмүүсийг ядуурлаас гаргахын тулд ийм ажил өрнүүлж байна гэдэг боловч цаана нь тэдгээр хүмүүсийн амьдралыг бүхэлд нь өөрчлөх, айл өрхүүдийг тусгаарлах, хүн амыг тараах, хэл яриаг өөрчлөх эрмэлзэл байдаг” хэмээн ярьжээ.

BBC-ийн судалгаанд өгүүлснээр ийнхүү үндэсний цөөнхүүдийг өөр ажилд шилжүүлэхэд зөвхөн “сайн дурын үндсэн дээр”, “чөлөөтэй ирэх, буцах боломжтой” гэх мэт заалтууд цаасан дээр бичигдсэн байдаг ч амьдрал дээр хэрэгждэггүй байна. Хотан мужийг л авч үзэхэд, энэ мужаас 250 мянган хүнийг ингэж өөр ажилд шилжүүлэх даалгаврыг Коммунист намын гишүүд авчээ. Энэ нь тус мужийн хөдөлмөрийн насны хүн амын тавны нэг гэсэн үг юм. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд эхлээд ятгаж, болохгүй бол дарамтлах зарчмаар Коммунист намынхан ажилладаг аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж