Хувийн хэвшлийнхэн УОК, ЗГ-аас зөвшөөрөл авч, вакцин оруулж ирнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Хувийн хэвшлийнхэн УОК, ЗГ-аас зөвшөөрөл авч, вакцин оруулж ирнэ

Хувийн хэвшлийнхэн УОК, ЗГ-аас зөвшөөрөл авч, вакцин оруулж ирнэ

Covid-19 цар тахлын аюул ард хоцроогүй ч вакцин хүн төрөлхтөнд найдвар төрүүлж, улс орнууд эдийн засгаа сэргээх боломж хэмээн харж байна. Одоогоор дэлхийн 107 улс вакцинжуулалтаа эхлүүлж өдөрт дунджаар 6.7 сая хүн вакцинд хамрагдаж байгаа аж. Үүнийг улсаар нь тооцвол нэг улсад өдөрт 65 мянга гаруй хүн вакцинжуулалтад хамрагдаж байна гэсэн үг.

Тухайлбал, БНСУ вакцинжуулалтаа эхлүүлснээс хойш дөрөв хоногт 21000 иргэн хамрагджээ. Тус улс ирэх есдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг вакцинжуулалтад хамруулна хэмээн үзжээ. Мөн Японд өнөөдрийн байдлаар 31000 хүн вакцинжуулалт хамрагджээ. Тус улс өнгөрсөн сарын 17-нд вакцинжуулалтаа эхлүүлжээ.

Улс орнууд өнөөдрийн байдлаар зургаан төрлийн /“Файзер”, “АстраЗенека”, “Модерна”, “Спутник V”, “Синофарм”, Johnson&Johnson/ вакцинаар хүн амаа дархлаажуулж байгаа юм. Вакцин үйлдвэрлэгч улс орнууд иргэдээ олноор нь вакцинжуулалтад хамруулж байгаа бол импортлогч улс орнууд эхний ээлжид нэн шаардлагатай иргэдээ вакцинжуулалтад хамруулж буй.

Манай улсын хувьд Энэтхэг улсаас 150 мянган тун “Астразенека” вакциныг хоёрдугаар сарын 23-нд хүлээн авснаар вакцинжуулалт эхэлсэн. Үүнээс хойш долоо хоногт 9531 албан хаагчдаа дархлаажуулаад байгаа юм. Энэ нь өдөрт дунджаар 1700 орчим хүн вакцинд хамрагдаж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Хэрэв энэ хурдаараа вакцинжуулалт үргэлжилбэл хүн амын 60 хувийг дархлаажуулахад ойрын 2-3 жил шаардлагатай гэх тооцоо ч байна.

Олон нийтийн зүгээс  дархлаажуулалтын явц удаашралтай байгааг шүүмжилж буй. Шалтгаан нь, эмчийн үзлэгт орох ёстойгоос вакцинжуулалт удаашралтай байна гэх тайлбарыг Халдварт өвчин судлалын үндэсний төв өгч байгаа юм. Тус төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Бид төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа. Эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдыг хамруулах бол энэ долоо хоногоос хариу арга хэмжээний багийн гишүүдийг хамруулж эхэлнэ. Вакцинжуулалт удааширч байгаа шалтгаан гэвэл цар тахлын үед зохион байгуулж байгаа учраас хүн хоорондын зай барих, заавал эмчийн үзлэгт орох шаардлагатай байдаг. Мөн вакцин хийлгэсэн хүмүүсээ 30 минут ажиглах заалттай байгаа. Эдгээр дүрэм журмыг мөрдөж ажиллаж байна” гэсэн юм.

Гэтэл улс орнуудын жишээнээс хархад вакцинжуулалтад хоногт 65 мянга гаруй хүн хамрагдаж байхад манай улс хоногт 1700 иргэнээ вакцинд хамруулж байна. Уг нь манай улс дэлхийд дархлаажуулалтын арга хэмжээг сайн зохион байгуулдаг орны тоонд ордог болохыг Шадар сайд асан Я.Содбаатар хоёр сарын өмнө хэлж байсныг энд тодотгоё.

Түүний хэлснээр Монгол Улс дархлаажуулалтын дэд бүтэцтэй тул аймаг сум хороонд ч вакцинжуулалт зохион байгуулах боломжтой аж. Харин Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалтыг эхний ээлжид нийслэлд зохион байгуулж байгааг өмнө нь мэдээлж байв. Эхний ээлжид дараах үе шаттайгаар зорилтот бүлгээ дархлаажуулах юм.

 

 

Нэн тэргүүнд эмч мэргэжилтнүүд вакцинжуулалтад хамрагдаж байгаа юм. Вакцины дараах хариу урвал эмч, эмнэлгийн ажилтнуудад хэрхэн нөлөөлж буй талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодруулав. Тус төв 1100 орчим эмч, ажилтнаа вакцинд хамруулахаар тооцсон байна. Өнөөдрийн байдлаар 580 нь вакцинд хамрагдсан бөгөөд хариу урвалын шинж тэмдэг харьцангуй хөнгөн байгаа гэнэ.

"ЭМЧ НАР СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД БЭЛТГЭГДСЭН ТУЛ ВАКЦИНЫ ДАРАА ЯМАР НЭГЭН АЙДАСГҮЙ БАЙНА"

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.ЭНХТӨР: 

-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 1144 эмч ажилтан, 180 резидэнт эмчтэй.Бид эсрэг заалт ороогүй 1100 эмч ажилтнаа вакцинд хамруулахаар төлөвлөсөн.Тэдний 580 нь өнгөрсөн амралтын өдрүүдэд вакцинд хамрагдлаа.Төлөвлөгөө ёсоор энэ долоо хоногт багтаан үлдсэн 600 орчим эмч, ажилтнаа вакцинжуулалтад хамруулах юм.

Манай улс вакцинжуулалтыг зохион байгуулахдаа нэлээн болгоомжтой хандаж байгаа учраас вакцины дараа тухайн хүнийг 30 минут ажиглаж байгаа юм. Одоогоор Монголд вакцины дараа ноцтой хүндэрсэн тохиолдол гараагүй. Хариу урвалын шинж тэмдэг хөнгөн илэрч байна.

Манай эмнэлгийн тухайд, вакцинд хамрагдсан эмч, ажилчдад хариу урвалын шинж тэмдэг нь хөнгөн илэрсэн. Эмчийн хувьд ажилчдаа ирцээр нь харахад, вакцины дараа манай эмнэлгийн эмч, ажилтнууд ядрах, ажилдаа ирэхгүй байх тохиолдол гараагүй. Бүгд ажил үүргээ ердийн гүйцэтгэж байна.

Гэхдээ эмч нарын хувьд сэтгэлзүйн хувьд бэлтгэгдсэн бол ажилтнууд сэтгэлзүйн хувьд хараахан бэлтгэгдээгүй  юм болов уу гэж харлаа. Үндэслэлгүй ярианд итгэх, айдас, түгшүүртэй болох нь ажиглагдагсан. Вакцины дараа халуурах, толгой өвдөх, булчин хэсэгт хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илрэх нь дархлаа тогтож байна гэсэн үг. Үүнийг эмч нар мэдэж байгаа учраас сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байлаа.

Ер нь вакцинжуулалтыг зохион байгуулахад бэлтгэл ажлыг хангах ёстой, том зай талбай шаардлагатай. Иймд томоохон зай талбай хэрэгтэй учраас амралтын өдрүүдэд хоёр поликлиникээ чөлөөлж, вакцинжуулалт зохион байгуулж байна. Вакцины дараа эмч, эмнэлгийн ажилчдад вакцины  дараа хариу урвалын шинж тэмдэг хэрхэн нөлөөлж байгаа талаарх ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн төлөөллөөс тодруулав.

ВАКЦИНЫ ДАРАА ЯДАРЧ, ӨВДСӨНИЙ УЛМААС АЖИЛДАА ИРЭЭГҮЙ ТОХИОЛДОЛ ГАРААГҮЙ

ЭХЭМҮТ-ийн эмч  н.ОТГОНЧИМЭГ: 

-Манай эмнэлгийн 580  эмч ажилтан өнгөрсөн амралтын өдрүүдэд вакцинжуулалтад хамрагдлаа. Вакцины дараах хариу урвалын шинж тэмдэг харьцангуй хөнгөн,24 цагийн дотор шинж тэмдэг арилсан.Тиймээс ядарч, толгой өвдөх зэргээр ажилдаа ирээгүй тохиолдол гараагүй. Бие өвдөж суларсан, эмнэлгийн тусламж авах хүртэл вакцины хариу урвалын шинжи  хүндэрсэн тохиолдол байхгүй. Ер нь вакцин тариулсан хэсэг газар хөндүүрлэх, бага зэрэг толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрснээс хүндрэл үүсээгүй болохоор ажлаа хэвийн үргэлжлүүлж байна.

ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЗӨВШӨӨРӨЛ АВААД ВАКЦИН ОРУУЛЖ ИРНЭ

Иргэдийг вакцинд хамруулж, халдварын тархалтаас сэргийлэх нь чухал асуудал болоод буй энэ үед   Хувийн хэвшлийнхэн ч вакцин оруулж ирэх боломжтой. Аж ахуй нэгжүүд вакцин оруулж ирэх зөвшөөрлөө Улсын онцгой комисс, Засгийн газраас авах юм. Хувийн хэвшлийнхнийг төлөөлж өмнө нь Худалдаа хөгжлийн банк вакцин оруулж ирж харилцагчдаа вакцинжуулалтад хамруулна гэх мэдээллийг өгч байсан бол “Монос” групп ч бас вакцин оруулж ирнэ гэдгээ мэдээлж байв. Хэрэв хувийн хэвшлийнхэн вакцин оруулж ирсэн тохиолдолд вакцинжуулалтын явц түргэсэх боломж бүрдэх нь.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж