"Бүх сургуулийн анги, бүлэг хоёр хуваагдаж, хичээллэнэ"

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

"Бүх сургуулийн анги, бүлэг хоёр хуваагдаж, хичээллэнэ"

"Бүх сургуулийн анги, бүлэг хоёр хуваагдаж, хичээллэнэ"

Нийслэлд хотод Covid-19 халдварын эрсдэлийн түвшин харьцангуй өндөр хэвээр байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэзээнээс эхлэх талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг гуравдугаар сарын 10-наас эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Ингээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.


Сурагчид 2021-2022 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд 35, хоёрдугаар улиралд 20 хоног зайнаас хичээллээд байна. Эхний ээлжид танхимын сургалтыг тодорхой тооны хичээлүүдээр зохион байгуулна. Цаашид хичээлийнхээ тоог нэмэгдүүлж энгийн горим руу шилжинэ гэдгийг БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэлж байв.

 “БҮХ СУРГУУЛИЙН АНГИ, БҮЛЭГ БОЛГОН ХОЁР ХУВААГДАЖ, ХИЧЭЭЛЛЭНЭ”

Тэрбээр өчигдөр МҮОНРТ-д өгсөн ярилцлагадаа “Албан ёсны бүх сургуулийн анги, бүлэг болгон хоёр хуваагдаж хичээллэх нөхцөл байдал үүснэ. Тийм учраас 5:9 гэдэг нарийвчлалтай стратегийг боловсруулсан. Тухайн ангийн хүүхдүүд хоёр хуваагдаад хичээллээ гэхэд нэг хэсэг нь эхний долоо хоногт, нөгөө хэсэг нь дараагийн долоо хоногт хичээллэнэ. Гэртээ байх хугацаандаа зайн сургалтаа хийнэ. Жишээлбэл, 3000 сурагчтай сургууль 1500, 1500-гаар хоёр долоо хоногт хуваагдана гэсэн үг. Дахин сургууль дээрээ ирэхээрээ 750, 750-иараа хоёр ээлжинд хуваагдана. Аль болох хүүхдүүдийг тархаан байршуулж, эрсдэл бага халдвар хамгааллын дэглэмийг баримтлах зэрэг олон хувилбар боловсруулсан.

Хэрвээ нийслэлийн Онцгой комиссоос зөвхөн ахлах ангиа хичээллүүлэх эсвэл нэг, хоёрдугаар ангийн танхимын сургалтыг эхлүүлье гэвэл Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дэмжиж, Засгийн газарт санал оруулахад бэлэн байна. Хамгийн гол нь нийслэл дэх цар тахлын голомтын эрсдлийн үнэлгээ их чухал. Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааврыг харахаас өөр аргагүй.

Гэхдээ одоо нийслэлийн хэмжээнд Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалт, орон нутаг руу явах хүсэлтэй иргэдээс PCR шинжилгээ авах зэргээр ерөнхий боловсролын сургуулийн байрыг ашиглаж байна. Яаралтай энэ байруудыг шилжүүлж, ариутгал халдваргүйтгэл хийх шаардлагатай байгаа. Ер нь тодорхой шинжлэх ухааны үндэстэйгээр багш нар, орон нутгийн сургуулиуд бэлтгэлээ хангачихсан байгаа. Одоо юу, юугүй долоо хоногийн дараа хичээл орно гээд хүүхдээ хичээлээр шахахгүй байхад эцэг, эхчүүд анхаараарай” гэсэн юм.

“БОЛОВСРОЛЫН ГАЗРААС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ҮНЭЛГЭЭГ ГАРГАЖ БАЙНА”

Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын үнэлгээг гаргаж байгаа ажээ. Энэ үнэлгээг баасан гаригт нэгтгэж, дүгнэх юм байна. Энэ талаар тус газрын Орлогч дарга Л.Буянтогтохоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Долоо, долоо хоногоор нь ариутгал халдваргүйжүүлэлт, хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө зэрэг 20 орчим чиглэлээр бид санал асуулга бэлтгэн ерөнхий боловсролын сургуулиуд руу явуулж байна. Ирэх долоо хоногоос асуудал арай тодорхой болно.

Одоогийн байдлаар 14 ерөнхий боловсролын сургууль дээр PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Манай байгууллагаас нийслэлийн Онцгой комисс руу албан бичиг явуулсан. Танхимын сургалт эхлэхтэй холбоотойгоор шинжилгээний цэгийг нүүлгэн шилжүүлж, мэргэжлийн байгууллагаар эцсийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэж өгөхийг хүссэн. Улсын Онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг эхлүүлэх тушаал гарвал долоо юм уу 14 хоногийн өмнө шинжилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлнэ” гэв.

ШИНЭ ТАВАН АВТОБУСЫГ “АВТОБУС-3” НЭГТГЭЛ РҮҮ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Мөн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран хүүхдийн автобусны үзлэг оношлогоог хийгээд дууссан байна. Одоогийн байдлаар 140 автобусаас 120 нь үзлэг оношлогоонд тэнцжээ. Нийслэлд өмнө нь явж байсан сургуулийн 40 автобусыг үйлчилгээнд явуулахаар сургуулиудаас маршрутын хуваарийн судалгааг авч байгаа гэв.

Энэ жил шинээр таван автобус ирсэн байна. Эдгээр автобусыг “Автобус 3” нэгтгэл рүү шилжүүлсэн бөгөөд тухайн компани холбогдох бичиг баримт бүрдүүлж, явуулна гэдгийг албаныхан хэллээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
129
ЗөвЗөв
66
БурууБуруу
48
ТэнэглэлТэнэглэл
24
ХарамсалтайХарамсалтай
17
ХахаХаха
9
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж