ЖДҮ-чид зээл авахыг хүсэвч банк тодорхой хариу өгч чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.03.03-нд нийтлэгдсэн

ЖДҮ-чид зээл авахыг хүсэвч банк тодорхой хариу өгч чадахгүй байна

ЖДҮ-чид зээл авахыг хүсэвч банк тодорхой хариу өгч чадахгүй байна

“Дэлгүүрээс аваад нэг л удаа ашигладаг нийлэг уутны оронд 10 удаа ашиглах боломжтой, байгальд хаягдлаа гэхэд 3-10 сарын дараа бүрэн задарч, шингэдэг уутыг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Илүү олон ширхгээр үйлдвэрлэж, олон хүнд хүргэхэд бидэнд санхүүжилт шаардлагатай. Зээлийн хүсэлт явуулсан ч журам нь тодорхойгүй, шалгуур нь дэндүү өндөр юм” гэх энэ хүн бол Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Энэ асуудал 60 мянган жижиг дунд бизнес эрхлэгчид тулгамдаж буй юм.

БАНКНЫ ШАЛГУУР ДЭЭР ИРЭЭД Л ГАЦЧИХААД БАЙНА

Засгийн газар “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” боловсруулж, үүнээс хоёр их наяд төгрөгийг нь ажлын байрыг хадгалах зээлийн хэлбэрээр арилжааны банкаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгохооор болсон. Энэ дагуу арилжааны банкууд зээлийн хүсэлтийг авч эхлээд байгаа юм.

Жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй уг зээлийг авахад ямар асуудал тулгамдаж буйг “Eco bag” сав, баглаа боодлын үйлдвэрийн захирал Ч.Батболдоос тодрууллаа. Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох хууль одоогоос хоёр жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн ч уг хуулийг мөрдөж байгаа, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа нэг ч хүн алга. Нөгөө талаас нийлэг уутыг орлох зүйл нь хүрэлцээгүй байгаагаас хүн бүр нийлэг уут ашиглаж 100-400 жилийн дараа ч байгальд шингэхгүй уут гадуур өнгө өнгөөрөө хөглөрөхөд хүргэж байгаа билээ. Ч.Батболдын хувьд нэг удаагийн нийлэг уутны оронд ашиглах эко уутыг 300 төгрөгөөр нийлүүлэх боломжтой аж.

-Жижиг, дунд бизнес эрхлэгч жилд гурван хувийн хүүтэй зээлийг авахад ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Энгийн үед ч бизнесийн зээлийн хүү өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг, банкны шалгуур өндөр байдаг нь бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг. Өнгөрсөн онд буюу 2020 онд ихэнх байгууллагын үйл ажиллагаа доголдож, нийгмийн даатгалын шимтгэл (НДШ), татварын өртэй болсон, үйл ажиллагаа доголдсоноос зээлээ хугацаанд нь төлж чадаагүйгээс найдваргүй зээлдэгч болсон зэрэг нь бизнес эрхлэгчид зээл авахад хүндрэл учруулж байна. Мөн банкнаас зээл авахад барьцаа хүрэхгүй байна. Тухайлбал, 300 сая төгрөгийн зээл авч байгаа бол 500 орчим сая төгрөгийн барьцаа хөрөнгөтэй байх шаардлагатай болж байгаа.

-Гэхдээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар НДШ болон, татварын өргүй байх гэсэн шаардлага тавьсан байсан. Мөн Зээлийн батлан даалтын сангаас 60 хүртэлх хувийг нь даах юм билээ. Ингэснээр зээл авахад илүү хялбар болж байгаа юм биш үү?

-Цар тахалтай холбоотойгоор 2020 онд НДШ, татварын өр тодорхой хэмжээнд байж болно гэж байгаа ч  эцсийн байдлаар банк дээр очоод уулзахаар тийм биш байна.

Зээлийн хүсэлт өгөхөөр банк дээр очоод зээлийн эдийн засагчтай нь уулзахад “Гурван хувийн хүүтэй зээлийн талаарх мэдээлэл эцсийн байдлаар ирээгүй, тодорхойгүй байна. Гэхдээ онлайнаар зээлийн хүсэлтээ илгээчих” гэж байгаа юм.

Банкинд зээлийн хүсэлт гаргахад яг ямар материал бүрдүүлэх нь, миний бүрдүүлсэн материалд юу дутуу байгаа нь ч тодорхойгүй байна. Энэ бүхнээс харахад уг зээлийг хэнд зориулаад байна вэ гэсэн хардалт байна.

-Хэнд зориулсан зээл байна гэж?

-Өмнө нь зээл авч байсан, үйл ажиллагаа нь жигдэрсэн байгууллагуудад л зориулсан зээл болоод байна. Гэтэл гаднын орнууд цар тахалтай холбоотойгоор хүүгүй, барьцаагүй зээл олгож байна. Бас барьцаа хөрөнгө шаардалгүйгээр, төслийн санаанд ч зээл олгож байна. Хүмүүс мэдээлэл бага байгаагаас зээлд хамрагдах боломж нь улам хумигдаж байна. Тухайлбал, Монголд 60 гаруй мянган жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг. Үүний бараг 90 орчим нь өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид. Зээлийн журамд аж ахуйн нэгж байна гэж заасан байгаагаас өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, аж ахуйн нэгж болж амжаагүй хүмүүс уг зээлийг авах боломжгүй болж байгаа юм.

-Та одоогоор хэчнээн газарт бизнесийн зээлийн хүсэлт хүргүүлээд байна вэ?

-Одоогоор зээлийн хүсэлтийг онлайнаар хоёр банкинд өгсөн. Миний хувьд 10 гаруй жил үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 2019 онд өөрийн хөрөнгөөр эко даавуун уутны үйлдвэр ажиллуулж эхэлсэн. Бизнесээ өргөжүүлэх төслөө бариад жижиг дунд үйлдвэрийг дэмжих бүх л газраар явсан ч банкны шалгуур дээр ирээд л гацчихаад байгаа. Гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ч одоог болтол зээл авч чадахгүй байна. Зааврынх нь дагуу материалаа бүрдүүлж байгаа ч одоо ямар шалгуур хангах ёстойгоо мэдэхгүй л явна.

-Хэдэн сая төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан бэ. Төсөл амжилттай хэрэгжвэл үр дүнд нь хэдэн хүн ажлын байртай болох вэ?

-Манайд 360 сая төгрөгийн төсөл байна. Төсөл хэрэгжсэнээр хүн бүр эко уут хэрэглэж, нэг удаагийн нийлэг уут хэрэглээнээс хасагдана. Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох хууль хэрэгжсэн ч нийлэг уутыг орлуулах зүйл нь байгаагүй болохоор хэрэглээ нь одоо ч байсаар байна. Манай үйлдвэрлэсэн уутыг одоогоор томоохон компаниуд хэрэглэж байгаа. Дэлхийн 60 гаруй орон нийлэг уутыг хориглоод оронд нь ашиглаж буй уутыг үйлдвэрлэж байгаа юм. Хэрэв 360 сая төгрөгийн төслийг хэрэгжүүлж чадвал Монгол Улсад ашиглаж байгаа нийлэг уутыг эко болгох боломжтой. Уг уут нь үнийн хувьд нийлэг ууттай бараг ижил  /300-3000/ хэрнээ 10-20 удаа ашиглах боломжтой. Мөн Монголд жилд 573 сая ширхэг нийлэг уут орж ирдэг. Энэ хэмжээний уут байгальд хог болж байна.

Манайх одоогоор байнгын гурав, гэрээгээр хоёр хүн ажиллуулж байна. Төсөл хэрэгжсэнээр 12 хүнийг тогтмол ажлын байртай болгоно.



ЗАСГИЙН ГАЗАР ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ЗУРГААН ХУВИЙГ ТӨЛНӨ


Зээлийн шалгуур, нөхцөлийн талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.


Ажлын байрыг хадгалах хоёр их наяд төгрөгийн зээлийн хүсэлт аваад эхэлсэн байна. Уг зээлийн шалгуур, журмын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр их наяд төгрөгийг ажлын байрыг хадгалах нөхцөлтэйгөөр  арилжааны банкаар олгох юм. Энэ хоёр их наядын нэг их наяд нь банк өөрийн эх үүсвэрээс зээлдүүлнэ. Зөвхөн жижиг дунд үйлдвэрлэл биш зээлийн гол зорилго бол ажлын байрыг хадгалах. Тиймээс ерөнхий гэрээг Сангийн яам, ХХААХҮЯ, Монголбанк,  Зээлийн батлан даалтын сан,  банкууд хамтран байгуулна.

Гэрээн дээр тодорхой шаардлагууд заасан байгаа. Өөрөөр хэлбэл, татвараа цаг тухай бүрд нь төлдөг, чанаргүй зээлийн ангилалд багтаагүй, үйл ажиллагаа нь тогтвортой явдаг аж ахуйн нэгжүүд зээлд хамрагдах бүрэн боломжтой. Тодруулбал,

  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, бүртгэгдсэн, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх,
  • Зээл хүсэгч, түүний хамаарал бүхий этгээд нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу тодорхойлсон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх,
  • 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар НДШ, татварын өргүй байх. Хэрэв өртэй бол төлж, барагдуулсан байх,
  • Зээлийн хугацаанд зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, зээлээ төлөх боломжтойг банк үнэлж тогтоосон байх зэрэг шаардлага бий.

Засгийн газар үүн дээр хэрхэн оролцох вэ гэхээр зээлийн хүүгийн зургаан хувийг төлнө.  Уг зээл нь нийтдээ есөн хувийн хүүтэй. Үүний зургаан хувийн зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газраас даах юм. Өөрөөр хэлбэл, уг зээлийн хүүгийн зөрүүг улс дааж, аж ахуйн нэгжүүд гурван хувийг нь төлнө.

Мөн зээл хүсч буй аж ахуйн нэгжүүдэд барьцаа хөрөнгө дутах асуудал гардаг. Барьцаа хүрэлцэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулж батлан даах юм. Энэ тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ёстой. Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан гэх мэт бусад шаардлага бий.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зүгээс арилжааны банкуудын зээлийн шалгуур өндөр байгааг учирлаж байна. Тиймээс шалгуурыг багасгах чиглэлээр арилжааны банкнуудтай хамтран ажиллах боломж байна уу?

-Ажлын хэсэг арилжааны банкуудтай ажиллаж байгаа.

-Өдөрт уг зээлийн хэдэн хүсэлт ирж байна вэ?

-Зээлийн батлан даалтын санд одоогоор ирсэн хүсэлт байхгүй байна. Арилжааны банкуудад хүсэлт их ирж байгаа.

-Барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас 60 хүртэлх хувийг нь батлан даахаар болсон. Гэхдээ одоогоор уг зээлд тодорхойгүй, нэмж сайжруулах, тодруулах шаардлагатай олон зүйл байгаа юм билээ. Тухайлбал, одоогоор Зээлийн батлан даалтын санд барьцаа хөрөнгө батлан даах талаарх хүсэлт ирээгүй, Сангийн яам, Монголбанктай хамтран гэрээ байгуулах ажил дутуу байгаа гэж байсан. Бизнес эрхлэгчид ч зээлийн хүсэлт явуулахад тодорхойгүй зүйл олон байна, тодорхойгүй зүйлийг тодруулахад банк нь ч хариулж мэдэхгүй байна гэж байсан. Уг зээлийн журам эцсийн байдлаар хэзээ бэлэн болох вэ? 

-Өнөөдрийн байдлаар хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Гэрээ удахгүй батлагдчих болов уу.

-Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан барьцаа хангуулах үед зээлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт шаардаж байсан. Үүнийг болиулсан гэсэн үү?

-Зээл хүсэгчдэд хүндрэл учруулахгүйн үүднээс тэгсэн. Арилжааны банкууд ЖДҮЭ-ийн тодорхойлолт шаардахгүй. Харин Зээлийн батлан даалтын сангаар батлан даалгах аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг тус тус хангасан байх ёстой. Зээл хүсэгчдэд хүндрэл учруулахгүйн үүднээс арилжааны банканд хүргүүлсэн материалд нь үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжилна. Иймд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт авахаар төрийн байгууллагад хандах шаардлагагүй гэж ойлгож болно. Хэдийгээр бид өөрсдийн сувгаараа мэдээллийг түгээж байгаа ч өнөөдрийн байдлаар өдөртөө зөвхөн Улаанбаатарт л гэхэд 100 гаруй тодорхойлолт авах хүсэлт ирж байна.

-Жижиг, дунд бизнест эрхлэгчдэд зориулсан зээлийн санхүүжилт улсын төсөвт суугдаагүй. Үүнтэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтөөр  зээл олгохоор болсон. Одоогоор зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?

-Covid-19-тэй холбоотойгоор Засгийн газрын шийдвэр гарч ЖДҮХС-аас зээл авсан иргэн, ААН-үүдийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Өнөөдрийн байдлаар 2.6 тэрбум төгрөг манайд орж ирсэн байна.

-Энэ жилийн хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан ямар, ямар зээл олгох төлөвлөгөөтэй байна вэ?

-Эх үүсвэр, эргэн төлөлтийн байдлаас шалтгаалан зээл олгох эсэхээ шийдвэрлэнэ.

-Зээлийн хүсэлт явуулаад, дараа дараагийн шатанд төслийн санаа алдагдах эрсдэлтэй гэж үзэх иргэд байдаг юм билээ. Үнэхээр төслийн санаа алдагддаг уу. Төслийн санааг хадгалах, алдахгүй байх тал дээр хэрхэн ажилладаг вэ?  

-Хүлээж авсан төслийг Зээлийн цахим мэдээллийн системд бүртгэж оруулж, автоматаар мэргэжилтнүүдэд хуваарилан судлуулдаг. Байгууллагын албан хэрэгцээнд үүссэн цахим мэдээллийн санг гадагш задруулахааргүй хамгаалагдсан байдаг. Мэргэжилтнүүд төсөл судлахаас өмнө нууцын гэрээ байгуулж,  АТГ-т ашиг сонирхлын зөрчилгүй талаарх мэдүүлэг хүргүүлдэг. Энэ тал дээр маш сайн хамгаалалт хийсэн учраас ямар нэг асуудал гардаггүй.

Цар тахал гарснаас хойш үйл ажиллагаа нь доголдсон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөл дээрээ зогсох гол найдвар нь бага хүүтэй зээл. Гэвч Засгийн газраас гаргасан шийдвэр одоогоор амьдрал дээр хэрэгжиж эхлээгүй л байна. Зээлийг жинхэнэ эздэд нь хүргэхийн тулд аль болох хүнд суртал үзүүлэлгүй, шударгаар хуваарилахад шийдвэр гаргагчид онцгойлон анхаарахгүй бол танил талтай нэг нь зээлийг шүүрч, игэдийн татварын мөнгө салхинд хийссэн түүх давтагдах магадлалтай юм.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж