НЭМЭЛТ: 11.10
Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2021.03.03/ 10.00 цагт Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд дээрх хүмүүсийг суллах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нарын гаргасан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүлээн авч өнөөдөр /2021.03.03/ хянан хэлэлцлээ. Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв. Учир нь,
Ж.ЭРДЭНЭБАТ НАРЫГ СУЛЛАХ ЭСЭХ АСУУДАЛ ПРОКУРОР ДЭЭР “ГАЦАВ”
Улсын дээд шүүх нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус, тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ үеэр шүүхээс хурлын шийдвэрийг танилцуулахдаа “Зарим шүүгдэгчдийн хууль ёсны эрхэнд хууль бусаар халдсан байна” гэж дүгнэснээ танилцуулж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан байна гэдгийг дээд шүүх тогтоосон ч үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн нь багагүй маргаан дагуулсан.
Учир нь хэргийг прокурор руу буцаалаа гэхэд ихэнх тохиолдолд хэргийн оролцогч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн суллалдаг аж.
Үүний нэг жишээ бол Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын хэрэг юм. Тэдний хэрэг прокурорт буцсанаас хойш 24 өдрийн дараа батлан даалтад гаргасан байдаг.
Ж.ЭРДЭНЭБАТ, Б.ОТГОНБААТАР, Д.ТҮВШИНЖАРГАЛ НАРЫГ ЯАГААД СУЛЛАХГҮЙ БАЙНА ВЭ?
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёрдугаар сарын 26-нд Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах эсэхийг шүүсэн ч шүүх хүлээж аваагүй юм. Учир нь “Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нар хоёрдугаар сарын 19-нд Дээд шүүхийн тогтоолоо гардаж авсан учраас гуравдугаар сарын 21-ыг хүртэл талууд гомдол гаргах 30 хоногийн хугацаа байна. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах 30 хоногийн хуулийн хугацаа өнгөрөөгүй байгаа нь анхан шатны шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй” хэмээн үзжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш 30 хоногийн хугацаанд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй байсан. Тэгвэл гуравдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай багц хуулийн өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар заалт хүчингүй болсон байна.
Нэгэнт талууд гомдол гаргах хуулийн заалт хүчингүй болсон учраас хэргийг прокурор руу шилжүүлэх нь цаг хугацааны л асуудал болж. Гэсэн ч Ж.Эрдэнэбат нарын хэрэг прокурор дээр гацжээ. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийн 18 хавтастай материалыг прокурор руу шилжүүлэхээр гуравдугаар сарын 1-нд албан тоотоор Нийслэлийн прокурорын газарт /НПГ/ ханджээ. Гэтэл НПГ-аас “Улсын Ерөнхий прокуророос чиглэл ирсэн, битгий аваарай” гэх шалтгаанаар хүлээж аваагүй аж. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллага Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах "хүсэлгүй" байгаа бололтой. Ямартай ч өнөөдөр /2021.03.03/ 10.00 цагт дээрх хүмүүсийг суллах эсэх хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгчдийн хүсэлтээр ахин хэлэлцэх юм.
"ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛЫН ДАГУУ ЭНЭ ХЭРЭГ ЗАЙЛШГҮЙ ПРОКУРОР РУУ ОЧИХ Л ЁСТОЙ"
Энэ талаар шүүгдэгчдийн өмгөөлөгчөөс тодруулахад "Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс өнөөдөр тэд ялтан биш шүүгдэгч нар.
Гуравдугаар сарын 1-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дахь заалт хүчингүй болсонтой холбогдуулж шүүх хэргийг прокурорт шилжүүлэх гэсэн боловч Нийслэлийн Прокурорын газар тус хэргийг хүлээж аваагүй. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагаа.
Өмгөөлөгчдийн зүгээс шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан байгаа. 24 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид талууд гомдол гаргах эрхтэй заалт нь хүчингүй болсон учраас одоо шүүх дээр тус хэргийг байлгах ямар ч шаардлагагүй. Прокурор хэргийг хүлээж авах нь цаг хугацааны л асуудал.
Гэхдээ хэргийг яагаад хүлээж авахгүй гээд байгаа нь ойлгомжгүй, бас ямар нэг нөлөө ороод байна гэсэн хардах үндэслэл болж байна.
Дээд шүүхийн тогтоолын дагуу энэ хэрэг зайлшгүй прокурор руу очих л ёстой. Гэтэл НПГ Улсын Ерөнхий прокурорын газраас чиглэл өгөөгүй, авахгүй гэж байгаа нь бүх албан бичиг, хэргийг УЕПГ-аас чиглэл авч авдаг болсон хэрэг үү. Бусад хэргүүдийг хэвийн хүлээж авч байна. Зөвхөн энэ хэрэг дээр ийм гайхмаар, эгдүүцмээр байдал үүсээд байна. Жишээ нь нэг шүүгдэгч нь ходоодны хорт хавдартай. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард оношлуулахад ходоодны хорт хавдрын хоёрдугаар шатанд явж байсан. Одоо тэр цагаас хойш 9 сар өнгөрлөө. Тиймээс нэг цагийн өмнө ч гэсэн суллах нь чухал байна. Ерөөсөө л Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллахгүй шоронд байлгах л санаатай байх шиг байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа:
- Хэргийг шалгах явцад оргон зайлах гэж оролдсон,
- Эсвэл оргон зайлсан, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үндэслэлтэй баримт байгаа,
- Өөр таслан сэргийлэх арга хэмжээ буюу тухайлбал, батлан даалтаар гарсан байхдаа хууль, шүүхийн байгууллага дуудахад очихгүй байх зэргээр хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан тохиолдолд л авдаг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг нөхцлөөр дахиж авч болдоггүй заалттай.
Ж.Эрдэнэбаттай хамт “хэрэгт” холбогдсон гэдгээрээ бусад хүмүүс нь ч гэсэн золиос болж эрүүл мэнд, амь нас, эрх чөлөөгөөрөө хүн хохирох ёсгүй юм. Тэгээд ч тэр хүмүүс Ж.Эрдэнэбаттай огт уулзаж байгаагүй, биенээ огт таньдаггүй улс юм билээ” гэлээ.
Холбоотой мэдээ