“Аз”-ын дугаарын зарагдсан үнийг ил тод зарлая!

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

“Аз”-ын дугаарын зарагдсан үнийг ил тод зарлая!

“Аз”-ын дугаарын зарагдсан үнийг ил тод зарлая!

Авто тээврийн үндэсний төвөөс өнгөрсөн хоёрдугаар сард зарласан нээлттэй дуудлага худалдааны үеэр 427 сая төгрөгт хүрсэн 0001-УАР улсын дугаар энэ үнээрээ зарагдсан уу, эсвэл үнэ нь буусан уу гэдэг мэдээлэл одоо ч тодорхойгүй,  худалдааг зохион байгуулсан газар нь нууцалсан хэвээр байна.

Нээлттэй дуудлага худалдааны зорилго нь зарагдсан үнэ тодорхой байх ёстой.  Хэрэв нууцлах байсан юм бол нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулахын хэрэг юусан билээ.

Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын онлайн дуудлага худалдаанд тавигдсан мэдээллээр бол одоогоор 240 орчим тээврийн хэрэгслийн дугаар зарагджээ. Гэвч эдгээр дугаар хэдэн төгрөгөөр зарагдсан тухай мэдээлэл тавигдаагүй байгаа юм.

Үнийг нээлттэй ил тод мэдээлэх шаардлага тавьж буй нь “аз”-ын дугаараар боссон мөнгө “цавчаагүй”-гээр улсын төсөвт тушаагдаж чадаж байгаа юу гэдгийг л олон нийт хянах зорилготой.

Учир нь, автомашинаа “аз”-ын дугаараар “чимэх” сонирхолтой хэсгийнхний ашиг сонирхол дээр Авто тээврийн үндэсний төвийнхөн дөрөөлж, авлига, хээл хахуулийг цэцэглүүлэх боллоо гэх шүүмжлэл олон жил яригдаж, зарим албан тушаалтан нь Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын хаалга ч татаад амжсан.

АТГ-аас ч тус төвд хандан авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид болгох зөвлөмж удаа дараа өгсний дагуу Зам тээврийн сайд Л.Халтар өнгөрсөн оны сүүлээр А/222 дугаартай тушаал баталсан байдаг. Тушаалд авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болж, өөрчилсөн.

Гэвч хэрэгжүүлэх шатанд тээврийн хэрэгслийн дуудлага худалдаагаар зарагдсан үнийг нууцлах юм бол хардлагад дахиад орохгүй гэх баталгаа бий гэж үү.

Ер нь монголчуудын хэрэглээнд хэт ач холбогдол өгдөг болсны илрэл нь зөвхөн автомашинд “зүүсэн” дугаараараа өрсөлдөхөөс гадна гар утасны дугаараараа ч зиндаархдаг үзэл газар авснаас харж болно. Жишээ татвал, хоёр жилийн өмнө 9911 дугаар 500 сая төгрөгийн үнэ хүрч буй тухай мэдээлэл цацагдаж байсан бол энэ онд 0001-УАР тээврийн хэрэгслийн улсын дугаар 427 сая төгрөгийн үнэд хүрлээ. Нэг үгээр хэлбэл, автомашинаасаа ч үнэтэй дугаар гэж хэлж болно.

Эдийн засгийн хямралтай үед тээврийн хэрэгслийн дугаар хагас тэрбумд хүрсэн энэ үйл явдлыг нэг хэсэг нь “зориудаар үнийг өсгөсөн дуудлага худалдаа боллоо” гэж дүгнэсэн бол нөгөө хэсэг нь “Хэрэв дээрх дугаар 427 сая төгрөгт хүрсэн нь үнэн бол хөдөлмөрлөж олоогүй мөнгийг л ийм зүйлд зарцуулна” гэж тодотгосон.

Үнэндээ ч шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгийг автомашинаас ч үнэтэй дугаарт зориулах хүн гарахгүй л болов уу.

Тиймээс ч нээлттэй дуудлага худалдаагаар зарагдсан “аз”-ын дугаарын үнийг нэгбүрчлэн ил тод байх шаардлага тавиад буй  юм.

Авто тээврийн үндэсний төвөөс хоёрдугаар сарын 15-нд эхлүүлсэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг худалдах цахим худалдаа гуравдугаар сарын 11-н хүртэл үргэлжилнэ. Өдөр бүр 20 улсын дугаар зарахаар төлөвлөсөн. Үдээс өмнө 10, үдээс хойшдоо 10 дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар оруулж зарах зорилготой.   Эдгээр дугаар дотор “аз”-ын гэх тодотголтой дугаарууд ч багтсан.

Импортоор автомашин орж ирэх тоолонд шинэ дугаарын эрэлт нэмэгддэг, тэр дундаа “аз”-ын дугаар хамгийн эрэлттэй байдаг гэж хэлж болно.

Монгол Улсад одоогоор 900 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд 800 гаруй мянгыг нь автомашин эзэлдэг аж. Эдгээр тээврийн хэрэгслийн 500 орчим мянга нь нийслэлд бүртгэлтэй.

Зарагдсан дугаарын мэдээллийг ЭНЭ линкээс үзэх боломжтой.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж