“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж, улмаар Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Шалгалтаар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК нь тунгаагдсан усны санд дүүрсэн усыг Туул голын сав газар луу аваарийн шугам хоолой татаж их хэмжээний тунгаагдсан усыг зөвшөөрөлгүйгээр татан зайлуулсан нь тогтоогдсон.
Энэ нь “Усны тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх /Ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд Сав газрын захиргаа, зохих шатны Засаг даргад цаг алдалгүй мэдэгдэж, усны бохирдлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар хийнэ./ заалт, Тунгаагдсан усны сан дүүрснээс дренажийн шугамын халих хоолойгоор цэвэрлэгдсэн бохир усыг зайлуулах талаар зөвшөөрөл аваагүй, цэг тогтоолголгүйгээр Туул голын сав газарт усыг шууд зайлуулж байгаа нь “Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх / Усны сан бүхий газарт цацраг идэвхит болон химийн хорт бодис, халдвар үүсгэгч, хог хаягдал, бохир ус хаях, хадгалах, машин техник бохир зүйлс угаахыг хориглоно/ заалтыг зөрчсөн байна.
Газар дээр нь нөхцөл байдлыг судлан үзэхэд тунгаагдсан усны санд хуримтлагдсан усыг хуучин үнсэн сан /№5/-руу богино эргэлтийн /рециркуляци/ шугамаар зайлуулах болон шинэ үнсэн сан /№6/-руу зайлуулах боломжтой байхад станцын холбогдох албан тушаалтнууд уг асуудалд хариуцлагагүй хандаж, боломжит ажлуудыг хийж гүйцэтгээгүй, ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ажилласан байна. Станцийн удирдлагуудын зүгээс тунгаагдсан усны санг хоосолж цэвэрлэх болон 2020-2021 оны өвлийн бэлтгэл хангуулах техник зохион байгуулалтын арга хэмжээг хангалттай зохион байгуулж ажиллаагүй, шинэ үнсэн санг гэрээт хугацаанд нь оруулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, шинэ үнсэн сан хугацаандаа ороогүй нөхцөлд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж ажиллаагүйгээс тунгаагдсан усны сан дүүрч, аваар саатал үүсэх нөхцлийг бүрдүүлсэн байв.
Иймд Мэргэжлийн хяналтын байгууллага, Нийслэлийн Байгаль орчны газар болон Туул голын сав газрын захиргаа хамтран аваарын шугамнаас Туул голд хаясан бохир ус, тунгаагуурын даланд орж буй бохир ус, тугаагуурын дренажийн шугамын халих хоолойгоор байгальд хаяж байгаа уснаас тус бүр дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчны хэмжил зүйн төв лабораторид, хяналтын дээжийг Ханлаб хувийн лабораторид шинжлүүлэхэд үнсэн сангийн тунгаагуураас хаясан бохир ус нь “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага стандартад нийцэж байна.
Мөн үнсэн сан, аваарын далан болон аваарын шугам хоолой зэрэг 8 цэгт цацрагийн хэмжилт хийхэд байгалийн цацрагийн дэвсгэр түвшнээс хэтрээгүй, цацрагийн бохирдол үүсээгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр дулааны цахилгааны станцуудын үнсэнд цацрагийн тандалтын хэмжилтийг хийдэг бөгөөд үнсэнд агуулагдах цацрагийн хэмжээ хэвийн түвшинд байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалтын дүгнэлтийг Эрчим хүчний сайдад хүргүүлж, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д зөвшөөрөлгүй бохир ус хаясан зөрчилд Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.
Эх сурвалж: МХЕГ
Холбоотой мэдээ