Парисын шүүх Даваа гариг (2021.03.01)-т Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг авлига авч, нэр нөлөөгөө урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, гурван жилийн хорих ял оноосон байна. Энэ талаар Парисын шударга ёсны ордноос BFM телевиз мэдээлжээ.
Саркозигийн өмгөөлөгч асан Тьерри Эрзог, Үндсэн хуулийн цэцийн шүүгч асан Гилберт Азибер нарыг мэргэжлийн нууц задруулсан хэрэгт буруутган, мөн адил хугацаагаар хорих ял оноосон байна.
Францын Үндэсний санхүүгийн прокурорын газраас Саркозид дөрвөн жил (түүнээс хоёр жилийг нь тэнсэн харгалзах)-ийн хорих ял төлөвлөсөн бол Тьерри Эрзог, Гилберт Азибер нарт мөн ижил хугацаагаар шийтгэл оногдуулах санал оруулжээ.
Прокурорын мэдээлснээр, Саркози өмгөөлөгчөөрөө дамжуулан Францын сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлсэнтэй холбоотой мөрдөн байцаалтын явцын талаар нууц мэдээлэл солилцохын тулд Монако хунтайжийн ордонд ажилд ороход нь тусална гэж Азиберт амласан байна. Мөрдөн байцаалтын явцад тэдний утсаар ярьсан ярианы олон бичлэг ил болжээ.
Шүүх хурлын үеэр Саркози гэм буруугүй хэмээн мэдэгдэж, өөрийг нь буруутгасан үндэслэлүүдийг эрс няцаасан байна. Түүний өмгөөлөгчид, хууль бусаар чагнах ажиллагаа явуулж, мөрдөн байцаалтын нууц задруулсан гэж үзэн, үйлчлүүлэгчийг нь буруутгасан бүх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгохыг шаарджээ. Даваа гаригт шүүх тэдний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүх хуралдааны дараа Саркозигийн өмгөөлөгч Херве Темим шүүхийн шийдвэрийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан бол Саркози Шударга ёсны ордноос чимээгүйхэн гарч явжээ.
Саркозигийн эхнэр Карла Бруни нөхөрт нь шүүхээс гурван жилийн хорих ял оноосныг эсэргүүцэж, үнэний төлөө тэмцэхээ амлажээ. Тэрбээр энэ талаар Даваа гаригт өөрийн инстаграм хуудастаа "Хичнээн өршөөлгүй юм бэ, миний хайр, Николя Саркози. Тэмцэл үргэлжилж байна, үнэн тогтоогдоно" гэж бичсэн байна.
Энэ нь Францын сүүлийн үеийн түүхэнд тус улсын Ерөнхийлөгч нарыг буруутган ял оноосон хоёр дахь тохиолдол болов. Есөн жилийн өмнө шүүхээс Жак Ширакийг Парис хотын захирагч байхдаа хуурамч ажлын байр бий болгосон хэрэгт гэм буруутай болохыг тогтоон, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон билээ.
Эх сурвалж: AFP, TASS
Холбоотой мэдээ