Мьянмар: Армийн хувьсгалыг эсэргүүцсэн нэг сар

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

Мьянмар: Армийн хувьсгалыг эсэргүүцсэн нэг сар

Мьянмар: Армийн хувьсгалыг эсэргүүцсэн нэг сар

Одоогоос нэг сарын өмнө буюу хоёрдугаар сарын 1-нд Мьянмарын арми төрийн эрхийг хүчээр булаан авч, хувьсгал хийсэн билээ. Мьянмар улс ардчилалтай учран золгоод удаагүй байхад цэргүүд эргэн ирж, дахиад л чанга хатуу дэглэмээ тогтоосон нь энэ юм. Түүнээс хойш өнөөг хүртэл ард иргэд цэргийн хувьсгалыг эсэргүүцэн гудамж, талбайд жагсаж байгаа билээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд жагсагчдыг дарах гэсэн оролдогууд улам ширүүсч, цагдаа нар иргэд рүү гал нээн хэдэн арван хүний аминд хүрсэн юм.

Ард иргэд цэргүүдийг төрийн эрхийг Аун Сан Су Чид эргүүлэн өгч, ардчиллыг сэргээхийг шаардан жагсацгааж байна. Эхэндээ жагсаал ч тайван замаар үргэлжилж, цэргийнхэн ч жагсаалыг тараах талаар төдийлөн арга хэмжээ авахгүй байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн улам ширүүсч олон хүн амь насаараа хохироод байна. Тухайлбал, эх сурвалжуудын мэдээлснээр цагдаа нар байлдааны сум, цайруулагч бөмбөг, нулимс асгаруулагч гэх мэт хэрэгсэл ашиглан жагсагчдын эсрэг хүч хэрэглэж эхэлснээр өдгөө дор хаяж 21 хүн нас бараад буй.

Мьянмар улсыг 1962 оноос хойш цэргүүд чанга, хатуу дэглэмээр удирдсаар 2011 онтой золгосон. Харин 2011 онд Мьянмарт ардчилал ялж, ард түмэн чанга хатуу дэглэмээс салан эрх чөлөөгөө эдлэх болсон юм. Гэвч энэ оны хоёрдугаар сарын 1-нд цэргүүд зэвсгийн хүчээр төрийн эрхийг эргүүлэн булаан авснаар дахин чанга хатуу дэглэмээ тогтоож байна. Түүгээр зогсохгүй ардчилсан сонгуульд ялан төр барьж байсан удирдагч Аун Сан Су Чиг төрийн эргэлт болсноос долоо хоногийн дараа цэргийн нууц шүүхээр оруулж, ял оноосон байна. Энэ мэт цэргийнхний харгис үйлдлийг ард иргэд эсэргүүцэн жагсаж, сүүлдээ цагдаа нартай мөргөлдөх боллоо.

 

 

МЬЯНМАРТ ЯАГААД ТӨРИЙН ЭРГЭЛТ БОЛОВ?

Мьянмарын засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд болсон сонгуулиас хойш анх удаа хуралдахаар бэлтгэл ажлуудаа хангаж байв. Сонгуульд Мьянмарын ардчиллыг дэмжигч Үндэсний лиг нам ялалт байгуулж, парламентийн суудлын 83-ыг нь авсан юм.

Харин арми сонгуулийн үр дүн Аун Сан Су Чигийн хоосон нэр хүндээс л шалтгаалсан хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Мьянмарын ардчиллыг дэмжигч Үндэсний лиг намын даргын хувьд Аун Сан Су Чи 2015 онд сонгогдсоноосоо хойш төр барьж байгаа билээ.

Анхны хурлаараа шинэ парламент сонгуулийн үр дүнг батлан цаашид ажилдаа орох талаар ярилцах гэж байсан аж. Төрийн эргэлт хийхээсээ өмнө цэргийнхэн улсын дээд шүүхэд хандан сонгуулийн үр дүнг будлиантай хэмээн заргалдаж, парламентын ордныг цэргүүдээр бүслэн арга хэмжээ авахаар сүрдүүлсэн аж.

ХЭРХЭН ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙВ?

Үндэсний Лиг намын удирдагч Аун Сан Су Чи, 10 дахь Ерөнхийлөгч У Вин Мьин, салбарын сайдууд, зарим нутгийн засаг даргууд, сөрөг хүчний улстөрчид, зохиолчид болон идэвхтнүүд тэргүүтэй маш олон улс төрийн удирдагч, зүтгэлтнүүдийг Мьянмарын арми баривчилсан байна.

Гэхдээ тус төрийн эргэлт гэнэтийн зүйл байсангүй. Хэрэг явдал болохын өмнө Мьянмарын арми өөрсдийн эзэмшлийн Мьявадди телевизээр дамжуулан “2008 оны Үндсэн хуулийн дагуу үндэсний хэмжээнд онц байдал зарлах эрх армид бий” хэмээн удаа дараа мэдээлж байжээ. Тус телевизийн мэдээлснээр онц байдал цаашид нэг жил үргэлжлэх гэнэ.

Ийнхүү арми онц байдал зарламагцаа төрийн эрхийг булаан авч, ихэнх телевизийн үйл ажиллагааг зогсоон, дотоод болон гадаад нислэгүүдийг хаасан юм. Тэр байтугай том хотуудын утас болон интернэт сүлжээнүүдийг тасалж, хөрөнгийн зах зээл, банкнуудын үйл ажиллагааг хориглосон байна. Улмаар зарим хотуудад бэлэн мөнгөний машинууд дээр урт дараалал үүсч, хуучин нийслэл Янгон хотод иргэд хүнсээ нөөцлөн дэлгүүрүүдийг хоосолжээ.

АУН САН СУ ЧИ ГЭЖ ХЭН БЭ?

Мьянмарчууд 2016 онд ардчиллыг бүрэн дэмжсэнээр сонгуульд Аун Сан Су Чи ялж, төрийн зөвлөхийн суудалд очжээ.

Энэ үйл явдал нь хуучин Бирм хэмээгддэг байсан тус улсын цэргийн дэглэмээс ардчилалд хөтөлсөн чухал үйл явдал юм. Мьянмарын салан тусгаарлагч баатар хэмээн дурсагддаг генерал Аун Саны охин тэрбээр 15 гаруй жилийг гэрийн хорионд өнгөрүүлснийхээ дара тийнхүү сонгогдсон юм.

15 жилийн гэрийн хорионы ял нь Аун Сан Су Чиг үндэсний болоод олон улсын бэлгэ тэмдэг болгоод зогсохгүй 1991 онд Нобелын шагнал авахад нь нөлөөлсөн аж.

2010 онд гэрийн хорионоос суллагдах үед нь улсыг удирдаж байсан арми исламын шашинт үндэсний цөөнх рохингячуудын эсрэг цуст цэвэрлэгээ явуулж эхлээд байв. Харин Аун Сан Су Чи тус цэвэрлэгээг эсэргүүцэн 2019 онд олон улсын шударга ёсны шүүхэд Мьянмарыг төлөөлөн оролцож байжээ.

Тэрбээр 2016 онд сонгогдсоноосоо хойш Мьянмарт ардчиллыг авчирснаараа алдар суугаа мандуулж явсан. Гэвч хоёрдугаар сарын нэгэнд блсон төрийн эргэлт болон Аун Сан Су Чиг хорьсон зэргээс харахад арми үнэн хэрэгтээ хэзээ ч ардчиллыг хүлээн зөвшөөрөөгүй байсан бололтой.

АУН САН СУ ЧИГ ЯАГААД ХОРЬЖ БАЙНА ВЭ?

Аун Сан Су Чи болон У Вин Мьин нарыг хоёрдугаар сарын 16-нд хаалттай шүүж, зургаа болон гурван жил шоронд хорих ял оноосон байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Айн Сан Су Чигийн орон сууцнаас холбооны хэрэгсэл болон бусад гадаад багаж хэрэгслүүд олдсон нь түүнийг импортын хориг зөрчсөний нотлох баримт болжээ. Мөн тэрбээр цар тахлын үед олон хүн цуглуулснаараа байгалиын гамшгийн менежментийн тухай хуулийг зөрчсөн хэмээн цэргийнхэн үзэж байгаа аж. У Вин Мьинийг мөн адил хууль зөрчсөн хэмээн шийтгэж байгаа гэнэ.

ЖАГСААЛ ХЭРЭХЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн өдрүүдэд цагдаа нарын арга улам хэргис хэлбэрт шилжин жагсагчдын эсрэг гал нээснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр ч хүн суманд оногдон нас барсан юм. Болсон үйл явдал ард иргэдийн бухимдлыг улам бадрааж, улс даяар хэдэн сая хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэн жагсаалын цар хүрээ улам томорчээ. Гэвч жагсаалыг тараахаар цагдаагийнхан дээр цэргүүд дайчлагдан хүч нэмж, харгис аргаар жагсагчидтай тэмцсэнээр хоёрдугаар сарын 28-нд дахин 18 хүн суманд оногдон нас барж, хэдэн арван хүн шархадсан байна. Амь үрэгдэгсдийн дунд 16 настай хүү байсан гэнэ.

Эх сурвалж: NYTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж