Орон нутагт танхимын сургалт өчигдрөөс /2021.3.1/ эхэлсэн. Ингэснээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хөл хорионд орсон сурагчид дөрвөн сарын дараа хичээлдээ явж, эл, хуль байсан сургуулиуд хүүхэд багачуудын шуугианд "амь орж" байна.
СУРАГЧИД МААНЬ ХОЦРОГДОЛ БАГАТАЙ ТАНХИМЫН ХИЧЭЭЛЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол Улсын ууган гавьяат багш Ц.Раш-Онолтын нэрэмжит Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ариунбаяртай цахимаар холбогдож, өндөржүүлсэн бэлэн байдлын үед танхимын хичээлийг хэрхэн явуулж буйг тодрууллаа.
-Хэсэг хугацаанд хичээл цахимаар явсан бол өнөөдрөөс танхимаар хичээллэж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед танхимын сургалтыг хэрхэн явуулж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дэлхий дахинд нүүрлэсэн аюулт цар тахлын улмаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш хичээл сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдсан хэдий ч Монгол Улсын Засгийн газраас хичээл сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх шийдвэр гаргасан. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны хоёрдугаар сарын 24-ны өдрийн А\58 дүгээр тушаал, Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах түр журам батлагдаад байна. Энэ хүрээнд сурагчдынхаа хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар хэрэгжүүлэхэд сургуулийн захиргаа, багш ажилчид анги удирдсан багш, эцэг эхчүүд хамтран бэлтгэл ажлаа хангасан. Сургуулийнхаа эзэд нь болсон хүүхэд багачуудаа хүлээн авч, баяр хөөртэйгөөр танхимын сургалтаа эхлээд байна. Одоогоор манай сургууль 20 бүлгийн 423 сурагчтай хичээллэж байна.
Түр журмын дагуу сурагчдын амны хаалтыг хоёр цаг тутамд солиулж, агаар сэлгэлтийг тогтмол хийж байна. Мөн гэр, сургууль, гэр гэсэн маршрут баримтлахыг шаардаж байгаа. Бага ангийн сурагчдын үдийн цайны үйлчилгээг эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримтлан ангид нь зохион байгуулж байна. Дотуур байранд байгаа сурагчдын хоолны үйлчилгээг хооллох танхимд, хүн хоорондын зай баримтлан үзүүлж байгаа.
-Отор нүүдлээр яваад цахим хичээл үзэх боломжгүй байсан ч юм уу, тодорхой хэмжээнд хоцрогдолтой байгаа хүүхдүүдтэй хэрхэн ажиллах вэ?
-Манай сургуулиас отор нүүдлээр яваад, хичээлээсээ хоцорсон сурагч байхгүй. Харин бусад өвөлжилт хүндрэлтэй сумаас одоогийн байдлаар дөрвөн сурагч суралцаж байна. Тэдгээр сурагчдыг хичээлийн хоцрогдлыг арилгах тал дээр багш нар маань хичээнгүйлэн ажиллаж байна.
-Танхимаар хичээллэх болсонтой холбоотойгоор 12 дугаар ангийн сурагчидтай хэрхэн ажиллах вэ?
-Хэдийгээр танхимын сургалтаар хичээлээ заах боломжгүй байсан ч багш нар маань цахим орчинд ангийн групп нээж Google form, zoom гэх мэт appликейшнуудыг ашиглан цахим хичээл бэлтгэж, бүх сурагчдад зааж байсан. Мөн теле хичээлийн хэвлэмэл материал бэлтгэж, сурагчдаар дасгал ажиллуулах, цахим уралдаан тэмцээнд оролцуулах зэргээр завгүй ажилласны үр дүнд манай сургуулийн сурагчид маань хоцрогдол багатай танхимын хичээлээ эхлүүллээ.
ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ НЬ ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭСНЭЭС ХЭД ДАХИН ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ
Тус сургуулийн 12а ангийн сурагч Д.Баасансүрэн ЭЕШ-ад хэрхэн бэлтгэсэн талаараа бидэнтэй хуваалцлаа.
-Энэ жил сургуулиа дүүргэж, амьдралын хамгийн том сонголтоо хийнэ. Ийм үед цахимаар хичээллэх ямар байсан бэ. Мөн ЭЕШ-даа хэрхэн бэлдэж байна вэ?
-Амьдралынхаа хамгийн чухал шийдвэр гаргах энэ үед хөл хорионд байх амаргүй байлаа. Цахим хичээл болон теле хичээл нь богино хугацаанд асар их мэдлэгийг авах боломжийг өгсөн ч тийм хурдаар хичээлээ ойлгоход төвөгтэй байсан. Мөн цахим хичээлийг үзэх боломжгүй хүүхдүүд олон байсан. Учир нь, танхимаар хичээллэхээ болж, дотуур байр хаасантай холбоотойгоор олон сурагч хөдөө гэр рүүгээ явсан. Ингэснээр сүлжээ, интернет хомс болсон нь теле хичээлийн үр дүнг бууруулсан. Миний хувьд ЭЕШ~даа арванхоёрдугаар сараас эхлэн цахим хэлбэрээр эрчимтэй бэлдэж эхэлсэн. Багш нар маань Google form, zoom гэх мэт app~уудыг ашиглан бидэнд хичээл зааж, даалгавар өгдөг байсан. Энэ нь үр дүн сайтай байсан. Одоо бол халдвар хамгааллын дэглэмийг баримтлаад хичээлээ танхимаар үзэж судалж байгаадаа баяртай байна.
-Танимаар хичээллэхийн давуу талыг юу гэж харж байна вэ, Тахимаар хичээллэснээр ЭЕШ-даа хэрхэн бэлтгэнэ гэж төлөвлөж байна вэ?
-Танхимаар хичээллэх нь цахимаар хичээллэснээс хэд дахин илүү үр дүнтэй гэж бодож байна. Учир нь, багш хүүхэд бүртэй тулж харьцаж, сурагчид асууж лавлах зүйлээ цаг тухайд нь асууж байна.
-Ямар хичээлийг сонгож ЭЕШ өгөх вэ, Ямар мэргэжилтэй болох вэ?
-ЭЕШ~даа гурван хичээлээр бэлдэж байгаа. Үүнд математик, физик, англи хэл гэх хичээлүүдээр өгнө. ШУТИС~ийн Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжилтэн болно.
БАГШАА, НАЙЗУУДАА ЗӨНДӨӨ САНАСАН
3А ангийн сурагч Б.Лхамдарь
-Ангийнхантайгаа суугаад хичээлээ заалгах ямар байна вэ?
-Гоё байна. Ангийн багшаа, найзуудаа зөндөө санасан. Одоо бид нар бүгдээрээ халдвараас хамгаалах дэглэмээ бариад хичээлдээ сайн сурна. Бас ерөөсөө хичээлээ таслахгүй. Танхимаар хичээл орохоор багшаасаа мэдэхгүй зүйлээ асууж мэдэж аваад гоё байна.
-Цахимаар хичээл үзэх ямар байсан бэ?
-Цахимаар хичээл орохоор зарим зүйлийг нь сайн ойлгодоггүй байсан. Бас теле хичээл маш хурдан гараад дуусчихдаг болохоор гүйцэж үзэж чаддаггүй байсан. Гэхдээ аав ээжийнхээ тусламжтайгаар цахим, теле хичээлээ үздэг байсан. Бас багш даалгавар явуулаад түүнийг нь цагт нь хийж үзүүлдэг байсан.
Холбоотой мэдээ