Аваргууд эргэн ирэх, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цол авах башё

Хуучирсан мэдээ: 2021.03.02-нд нийтлэгдсэн

Аваргууд эргэн ирэх, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цол авах башё

Аваргууд эргэн ирэх, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цол авах башё

Мэргэжлийн сүмо бөхийн харү башё ирэх гуравдугаар сарын 14-ний өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан хотод эхэлнэ. Энэ удаагийн башё олон зүйлээрээ онцлог байна.


ИХ АВАРГУУД ЭРГЭН ИРСЭН НЬ

Өнөө цагийн сүмогийн идэвхитэй барилдаж буй хоёр их аварга болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар эргэн ирнэ. Ёкозүнагийн зөвлөлөөс хатуу донгодуулсан хоёр аваргын хувьд сүүлийн гурван башё дараалж зодоглоогүй. Хакүхо аварга өвдгөндөө мэс ажилбар хийлгэж, энэ оны эхээр Covid-19 халдвар авсан бол Какүрюү аварга нурууны бэртлээ сэдрээсэн. Харин ирэх башёд хоёулаа зодоглохоор болжээ.

Covid-19 халдвар авсан дөрвөн дэвжээний 65 бөх бүгд эдгэрч, харү башёд зодоглоно.

Хакүхо М.Даваажаргал аварга хэдхэн хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа “Үнэнийг хэлэхэд, өөрийгөө Covid-19 халдвар авчихна гэж бодоогүй ээ. Сайн формтой байсан учир халдвар авсандаа хэн бүхнээс илүү бухимдалтай байсан. Ирэх харү башёд онцгой амжилт үзүүлмээр байна. Өөрийгөө сайн барилдаж, одоо ч хүчтэй хэвээрээ гэдгээ харуулж чадна гэж найдаж байгаа” хэмээн ярьсан.

Өдгөө 35 настай тэрбээр дээд макүүчи зиндааны 100 дахь башёдоо бэлэн болжээ.

Харин Какүрюү М.Ананд аваргын Мичинокү дэвжээний багш шавийнхаа талаар ярихдаа “Какүрюү бөхийн замналаа эрсдэлд оруулан ирэх харү башёд барилдана. Тэр хурдхан шиг формдоо орохоор одоогоор шаргуу хөдөлмөрлөж байна” гэв.

ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ ОЗЭКИ ЦОЛОО ЭРГҮҮЛЭН АВАХАД ТУН ОЙРТСОН

Өнгөрсөн оны нагоя башёд гайхалтай амжилт үзүүлэн түрүүлсэн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки цол авах бүрэн дүүрэн боломж нээлттэй байна. Сүмогийн холбооны озэки цол олгох дүрмэнд сэкивакэ, комүсүби цолтой бөх гурван башё дараалан 33 даваа авах ёстой гэж заасан байдаг. Одоогоор Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр башё дараалан нийтдээ 24 даваа аваад байна. Хэрэв ирэх харү башёд 9 болон түүнээс дээш давбал тэрбээр озэки цол хүртэх болзлоо хангана.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ банзүкэ гарсны дараа “Бэртлээ эдгээснийхээ дараа хоёр жилийн дотор озэки цолоо эргүүлэн авна гэж бодож байлаа. Одоо үүнийгээ биелүүлэхэд их ойртлоо. Ирэх башёд сайн барилдаж, цолоо эргүүлэн авахыг хичээнэ. Одоо хойш суух эрхгүй. Хэрэв бүтэлгүйтвэл дахиад эхлүүлэх хэрэгтэй болно” хэмээн онлайн хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярьжээ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анх 2015 оны нацү башёд түрүүлж, озэки цол хүртээд цолоо батлан сайн барилдаж байсан боловч 2017 оны нагоя башёгоос эхлэн өвдөгний бэртэл авч, удалгүй бөөрний чулуутай гэж оношлогдсон билээ. Хоёр өвдгөндөө хагалгаа хийлгэж, бөөрний чулуугаа авхуулсан тэрбээр барилдалгүй удсан болохоор чансаа буурч, сүмогийн зургаан зиндааны доороосоо хоёрт бичигдэх жонидан хүртэл чансаа буурсан юм. Гэвч тэрбээр бууж өгөлгүй тэмцсээр 2020 оны нагоя башёд түрүүлж, эргэн эрсэн.

Дашрамд сонирхуулахад, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрөгч хоёрдугаар сард Токио хотын Томиока Хачиогү ордонд хуримаа хийж, Японд суралцдаг Ц.Доржханд хэмээх монгол бүсгүйтэй гэрлэсэн. Тэрбээр эхнэрийнхээ талаар “Эхнэртэйгээ учирсандаа би баярлаж явдаг. Тэр маань намайг унасан үед үргэлж дэмждэг. Би энэ хүнтэй л үлдсэн амьдралаа өнгөрүүлэхийг хүссэн” хэмээжээ.

ТҮРҮҮ ХҮРТЭХ ХҮСЭЛТЭЙ ЯПОНЧУУД

Ойрын жилүүдэд Монголчуудын сүмо дахь эзэрхийлэл татарч, үе үе Япон сүмочид түрүүлдэг боллоо. Сүүлийн гурван башё дараалан Япон бөхчүүд болох Дайэйшо, Такакэйшо, Шодай нар түрүүлсэн нь үүнийг илтгэнэ. Нутгийн бөхчүүд ирэх харү башёд ч гэсэн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх нь дамжиггүй. Японы үе тэнгийн гурван озэки болох Шодай, Асанояама, Такакэйшо нарын араас сэкивакэ Таканошо, комүсүби Дайэйшо, Митакэүми, Такаяасү зэрэг Арлын орны хүчирхэг сүмочид байна. Нэг үеэ бодвол том цолтой Япон бөхчүүд олширч, Монголын хоёр их аваргатай зэрэгцэн ёкозүна болохыг зорьж байгаа нь илт.

Эдгээр дэвжээний эздийн хажуугаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил зэрэг тал нутгийн хөвгүүд ч ах нарынхаа үргэлжлэл болж өндөр цолонд хүрэх хүсэлтэй.

Мөн Оношо, Тобизарү, Мэйсэй, Такарафүжи Котоновака зэрэг маэгаширагийн битүү морьд ч ирэх башёг чимнэ биз ээ.

Саяхан комосүби Дайэйшо озэки цол хүртэх мөрөөдөлтэйгөө илэрхийлсэн бол залуу озэки Такакэйшо ёкозүна цол хүсч буйгаа хэлсэн. Ялангуяа одоогоор озэки Такакэйшо ёкозүна цол хүртэх хамгийн өндөр магадлалтай бөх. Энэ жил 25 нас хүрэх тэрбээр аль хэдийнэ дээд зиндааны хоёр түрүү хүртчихсэн. Японы сүмогийн холбоо ч нутгийн хүүгээ дахин нэг түрүүлэхэд нь ёкозүна цолоо харамлахгүй олгоход гайхах зүйлгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж