“Стратегийн том алдаа гаргаагүй ч огцрох өргөдлөө өгнө” гэх мэдэгдэл хийн, Шадар сайдаас чөлөөлөгдөж буйгаа зарлаж байсан Я.Содбаатар МАН-ын нарийн бичгийн дарга болох сурагтай. Ойрмогхон томилгоог хийнэ гэсэн мэдээлэл байна.
Тэрбээр УИХ-д хоёр удаа дараалан сонгогдсон ч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсоноор өнгөрсөн онд болсон сонгуульд нэрээ дэвшүүлээгүй. Гэхдээ Засгийн газарт сайдын албан тушаал хаших тохироотойгоор УИХ-ын сонгуулийг өнжиж буй гэх яриа хөөрөө ч хөвөрсөн билээ.
Явган яриа ч үнэний ортой болж, тэрбээр У.Хүрэлсүхийн танхимд Шадар сайдын алба хашсан. Гэвч албанд томилогдоод дөрвөн сар болж байхад нь Covid-19 халдвар дотоодод алдагдаж, эх үүсвэр нь “Энх саран” сувилалтай холбогдсон. Тэр үеэс экс Шадар сайдын чихийг халууцуулаагүй өдөр ховор гэж хэлж болно.
Хэвлэлийн хурал хийх бүрийд нь “Covid-19 халдварыг дотоодод алдсан албан тушаалтнуудад хэзээ хариуцлага тооцох вэ” гэдэг асуултад ээрэгдэж явсаар эцэстээ “Өргөө” амаржих газарт нярайлсан эхийг гэрийн халаад, углааштай нь хөхөө өвлийн хүйтнээр гаргаж, хүний мөсгүй хандсаны хариуцлагыг хүлээж огцорч буйгаа зарласан юм.
Гэвч Засгийн газрын тэргүүн нь дээрх хүнлэг бус үйлдэлд танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой гэж үзэн, огцорсон.
Түүнээс хойш чимээ алдраад байсан Шадар сайд асан Я.Содбаатар намдаа зүтгэх нь зөв гэсэн шийдвэр гаргасан бололтой.
Ер нь ч тэгээд У.Хүрэлсүх хаана явна, тэнд Я.Содбаатар дагаж явдаг тал бий. Иймээс МАН-ын дарга дэргэдээ авах санаачлага ч гаргасан байхыг үгүйсгэхгүй.
Ердөө гурван сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр үед намд Я.Содбаатар шиг нөхөр арын алба хариуцаад ажиллах нь хамаагүй тулхтай байж ч мэднэ.
Засгийн газрын тэргүүнээс буугаад буй МАН-ын дарга У.Хүрэлсүхэд одоо зөвхөн Ерөнхийлөгч болох амбиц л бий.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ