Өмнөд Солонгосын өнөө цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Ки Сүн Ён ахлах сургуульд байхдаа багийнхаа хүүхдүүдийг хүчирхийлж байсан хэрэгт холбогджээ. Өдгөө 32 настай Английн Суонси, Сандерланд, Ньюкасл Юнайтед зэрэг Премьер лигийн багуудад хүчин зүтгэж байсан тэрбээр өөрийг нь гүтгэж байна, нэрээ төрөө сэргээлгэнэ хэмээн мэдэгдэв.
Саяхан Өмнөд Солонгосын волейболын алдартай ихэр тамирчид болон V-лигийн нэгэн тамирчин дунд, ахлах сургуульдаа ангийнхаа, багийнхаа хүүхдүүдийг хүчирхийлж байсан хэрэгт буруутгагдаж, хариуцлага хүлээсэн билээ.
Тэгвэл энэ удаад Ки Сүн Ён ээлжит хүчирхийлэгчээр нь тодорчээ. Одоогоор түүнд дарамтлуулж, дэрэлхүүлж, зодуулж байсан гэгдээд буй хоёр хүн байгаа бөгөөд тэднийг 2000 оны нэг болон зургадугаар саруудад Ки Сүн Ён хэлсэн зүйлийг нь хийгээгүй гэж зодож, мөн бэлгийн дарамт үзүүлсэн гэжээ. Ки Сүн Ён “Би үүнтэй ямар ч холбоогүй. Хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй. Өөрийгөө хийгээгүй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж бодохгүй байна. Хохирогч гэгдээд буй залуус ямар үндэслэлээр миний эсрэг гомдол гаргаад байгаа юм бэ? Шударга ёс, хууль журам нь үнэн бүхнийг илрүүлэх байх” хэмээжээ.
Ки Сүн Ён өөртөө итгэлтэй байгаа бөгөөд өмгөөлөгч авахгүй гэсэн байна.
Гэвч Ки Сүн Ёны энэхүү мэдэгдлийн дараа хохирогчдын өмгөөлөгч Пак Жи Хүн мэдэгдэл хийж, нотлох баримт байгаа. Хүсвэл олон нийтэд дэлгэж болно гэв. Тэгвэл үүнийх нь хариуд Ки Сүн Ён “Хэрэв түүнд нотлох баримт байгаа бол надад авчраад үзүүлж болно. Түүнийг яагаад өөр зүйл яриад, олон нийтийн санаа бодлыг өөрчлөх гээд байгааг ойлгохгүй юм. Надад уучлалт гуйх шалтгаан байхгүй. Хэрэв хохирогч гэгдээд буй хүмүүс надаас уучлалт гуйвал би тэдэнтэй уулзаж болох юм. Би 20 жилийн өмнөх дунд сургуулийнхаа хөлбөмбөгийн багийнхантай холбогдож надад туслахыг хүссэн. Хэрэв би дунд сургуульдаа багийнхныгаа хүчирхийлдэг, дээрэлхдэг байсан бол тэд надад туслахгүй шүү дээ” хэмээн ярьжээ.
Ки Сүн Ён Испанийн Маллорка багт тоглож байгаад өнгөрсөн оны дундуур нутгийнхаа Сөүл хөлбөмбөгийн багт нэгдсэн юм.
Холбоотой мэдээ