"Улаантнуудын" эв нэгдэл: ӨГӨӨ, АВАА

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

"Улаантнуудын" эв нэгдэл: ӨГӨӨ, АВАА

"Улаантнуудын" эв нэгдэл: ӨГӨӨ, АВАА

  МАН-ын 100, МАХН-ын 10 жилийн ойгоор У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нар хамтдаа Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн нь “Эх орончдын баяр”-ын  гол сюрпириз байв.

Ийнхүү их мөрөн шалбаагтайгаа эргэн нийлснээ албан бусаар зарлаж, цэцэг өргөх ёслолд МАН-ын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэхчилэн  зүүний хүчнийхэн голдуу, МАХН-аас Н.Энхбаяр “эр хоёр загал”-тайгаа ирж оролцов.

  Эртний дарга, дайсантайгаа мөр зэрэгцэн, инээмсэглэн алхаж яваа МАН-ын залуу удирдлагуудын фото зурагнууд олон зүйлийг өгүүлж байна. Нэгдүгээрт, Н.Энхбаяртай эрх баригчид ямар ч гэсэн наймаа тохирсон бололтой. Хоёрдугаарт, эрх баригч намын үе, үеийн дарга нар энэхүү ёслолд ирж оролцоогүй нь У.Хүрэлсүх урилга заллага илгээгээгүй эсвэл өөрсдөө Н.Энхбаяртай хамт цэцэг өргөхийг хүсээгүй байж мэднэ.

НЭГ.

 Монголын улс төрийн ууган намын зуун жилийн “төрсөн өдөр”-ийн баярын албан ёсны хөтөлбөр  тун даруухан, гол арга хэмжээ нь жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолоос гадна намын дарга У.Хүрэлсүхийн бүтэн цагийн илтгэл байв.
Эрх баригчдын эх орончдын баяр санасныг бодоход хөл хөөр багатай өнгөрсөнд цар тахлын үе таарсан нь нөлөөлсөн байх, бас Ерөнхийлөгчийн сонгуулиас болсон ч биз.  Учир нь, МАН зуун жилийн ойдоо зориулж сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-д алдсан ялалтаа эргүүлэн авчрахын тулд Ц.Нямдоржийн хэлснээр “чөтгөртэй нөхцөхөд” ч бэлэн байна. Иймээс л Н.Энхбаяртай тэд “эвлэрлийн гэрээ” байгуулсан нь энэ. Мэдээж, үүний төлөө Н.Энхбаярт ихийг төлнө.

Парламентад суудалтай дөрвөн нам энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Гол өрсөлдөгч АН тамга ч үгүй, дарга ч үгүй, сонгуульд өрсөлдөх нь тодорхойгүй байгаа. Тэгэхээр Н.Энхбаярыг “өвөртөө оруулчихвал” эрх баригчдад ашигтай. Алим модноосоо хол унадаггүй болохоор МАХН-ын нэр дэвшигч АН, ХҮН-аас илүү Ардын намын саналаас хуваана. Иймээс л эрх баригчид Н.Энхбаяртай хадаг сүй тавилцсанаа Эх орончдын баяраар ил болголоо. “Ингээд  миний нэр байдаггүй шүү” гэгчээр С.Ганбаатарын Ерөнхийлөгч болох мөрөөдөл будаа.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгын баярын илгээлт бүхэлдээ МАН-ын дарга нарт ихэд тал зассан өнгө аясаар  бичигджээ.  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн  “Оюутолгойн гэрээг засан сайжруулах, монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж илт хууль бусаар байгуулсан Дубайн гэрээг хүчингүй болгох, Салхитын мөнгөний ордыг Монголын ард түмний мэдэлд авч байгаа зэрэг олон эх оронч үйлдэл”-ийг нь тэрбээр магтаж,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “… Үндэсний эдийн засгийн шинэ бодлогыг хэрэгжүүлэх шинэлэг арга барил, сэтгэлгээ бүхий шинэ лидерүүд МАН-ын удирдлагад гарч ирсэн”-ийг нь онцлон сайшаажээ.  Мэдээж, энэ бол Б.Тулгын үг биш Н.Энхбаярын байр суурь юм. Товчхондоо, Н.Энхбаярт тавьсан МАН-ын санал түүнд таалагдсан гэсэн үг.

ХОЁР.

МАХН угаасаа нам байгаагүй Н.Энхбаярын халаасны компани төдий. “МАН-тай нэгдэж, нийлэх эсэхээ намынхаа гишүүдтэй ярилцаад шийднэ” гэх Н.Энхбаярын үг бол “алтан загас”-наас нэхэх албан, тушаал орд харшаа нэмэгдүүлэх зорилготой албин ов мэх байсан.

Үнэндээ, МАХН-ын дарга Н.Энхбаяр хүүгээ УИХ-ын гишүүн болгосноор ашиг сонирхол нь хангагдчих амархан хүн биш. МАН-ын дарга У.Хүрэлсүх үүнийг сайн мэдэж байгаа. Тиймээс Н.Энхбаярт Үндсэн хуулийн цэцийн суудал санал болгосон гэх мэдээлэл Ардын намын ордноос дуулдаж байна.  Овоо босгоогүй бол шагширах шаазгай олдохгүй.

Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрх Үндсэн хуулиар хязгаарлагдмал. Шүүхээс ял шийтгэлтэй тэрбээр Сонгуулийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох нь Н.Энхбаярт сүүлчийн мөрөөдөл, илүү ашигтай ч хувилбар. Үндсэн хуулийн цэцийн нэрээр Монголын улс төрийг хүссэнээрээ наймаалцаж чадна гэж цээжний наймаа хийж суугаа биз. Ийм учраас Н.Энхбаяр шиг баяр, баясгалантай хүн өнөөдөр алга байна.  Ийнхүү, нэг нь Ерөнхийлөгч, нөгөө цэц болохоор наймаа тохирсон хоёр нам өнөөдөр албан бус арга хэмжээндээ хундага тавилгүй сархад сөгнөж, хутга тавилгүй мах зооглох биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж