Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 25-ны өдөр аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийх үеэр ирэх тавдугаар сарын 1-ээс хилээ нээхээр төлөвлөж байгаагаа дуулгасан. Тэгвэл хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдэлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан нисэх онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг танилцуулсан байна. Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаа аж. Энэ хүрээнд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхааруулжээ.
Э.БУРАМ