“Бүү март” удахгүй үзэгчдийн хүртээл болно

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

“Бүү март” удахгүй үзэгчдийн хүртээл болно

Ардчилсан хувьсгалыг тайван замаар хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэгддэг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны  ажил, амьдарлын тухай өгүүлсэн "Бүү март" уран сайхны киног энэ сарын 15-нд 18.00 цагаас "Хүннү молл"-д нээхээр болжээ.  Энэ талаар тус кинонд тоглосон уран бүтээлчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уг киноны ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажилласан бол голлох дүрүүдийг Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар,  Г.Мягмарнаран нар бүтээжээ.

Дүрийнхээ тухай Ц.Төмөрбаатар гавьяат "Бүү март" кинонд Ю.Цэдэнбал даргын амьдралын сүүлийн мөчүүдийг харуулж байгаа. Зарим хүн инээмсэглэл алга гэж шүүмжлээд байгаа. Хүн маш хүнд нөхцөлд байхдаа инээнэ гэж юу байх билээ, ийм дүр бүтээвэл тэнэг харагдана.  Үзэгчид уран бүтээлчийн нүдийг харах гэж орж ирдэг. Тиймээс тэр нүд нь хэцүү, хүнд үеийн зовлон, баяр баясгалан тухайн үеийн байдлыг харуулж байх ёстой. Тэр хүн Зөвлөлт холбоот улсад эмчилгээ хийлгэх нэрийн дор хараа хяналтад байхдаа өөрийнхөө сэтгэлийг хуваалцах үгийг хэлэх эрхгүй сууж байгаа хүний хувьд ямар их сэтгэл, туулж өнгөрүүлсэн амьдрал,  эх орныхоо зүтгэсэн итгэл, сэтгэлтэй байсныг түүхэнд бичиж үлдээсэн байдаг. Одоо болтол бидэнд мартагдаагүй байгаа. Би хоёр дахь удаагаа Ю.Цэдэнбал даргын дүрд тоглож байна. Нас маань Ю.Цэдэнбал даргынхтай ойролцоо болж дээ” хэмээсэн юм.

Гавьяат жүжигчин Г.Мягмарнаран “Аливаа нийгэмд болж байгаа том үзэгдэл  түүх болон үлддэг. Тэр дундаа нийгэм солигдож байх энэ түүхэн үйл явдал эргээд аажуу уужуу харах  боломжийг энэ кино олгож байна. Мэдээжийн хэрэг алдаа, оноо бий. Энэ бүтээлээс шүүмжлэл, магтаалын аль алиныг нь сонсох нь ойлгомжтой. Гэхдээ ийм бүтээл хийх ёстой. Цаг хугацаа өнгөрөөд удвал зарим үнэн түүх бүдгэрэх, мартагдах аюултай. Тиймээс тухайн үед шийдвэр гаргаж байсан Улс төрийн товчоо, ямар шийдвэр гарч байв гэдгийг уран сайхны аргаар харуулах ёстой. Бид дандаа түүх өгүүлээд байвал ямар ч уран сайхангүй болчихно. Уран сайхны тал нь Туяагийн дүр, миний тоглосон Гомбо генералын дүр байгаа юм. Энэ дүрийг түүхэн бодит дүр гэж харж болохгүй. Тухайн үед шийдэмгий арга хэмжээ аваад жагсаал цуглааныг зогсоох хэрэгтэй гэсэн бодолтой хүмүүс байсан. Тэр байж болох хүнийг дүр болгож, зохиолд бичсэн. Би өөрийнхөө дүрийг өмөөрч тоглосон. Улс төрийн товчооны шийдвэрийг эсэргүүцэж зогссон хүний дүрийг уран сайхны аргаар гаргасан” гэсэн юм.

Харин найруулагч А.Мөнхсүх “Өнөөдрийн бидний байгаа энэ цагийг авчрах зоригтой, эгзэгтэй шийдвэр гаргасан Ж.Батмөнх гэж хүнийг бүү мартаасай хэмээн хүсэж энэ киног бүтээлээ. Түүх бол давтагддаг зүйл. Тэгэхээр түүхээ судалж мэдээд, сургамж аваасай гэдэг үүднээс хийсэн" гэлээ.

Онцлоход, энэхүү киног бүтээхдээ архивын протоколд тулгуурласан төдийгүй 30 хувийг компьютер графикаар бүтээжээ. Ерөнхий зураглаачаар нь АНУ-ын иргэн Крис Мартин, ерөнхий зураачаар Н.Батжаргал нар ажиллажээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж