Мьянмарт төрийн эргэлт гарсан тул тус улсад амьдарч буй Монгол Улсын иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодрууллаа.
-Мьянмар улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн асуудлыг хэрхэн анхаарч байна. Тус улсад Монгол Улсын хэчнээн иргэн амьдарч байна вэ?
-Мьянмар улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор бид иргэдтэйгээ холбогдож эхэлсэн. Тухайн үед Монголын зургаан иргэн тус улсад бүртгэлтэй гэж тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 14 хүн Тайланд дахь Элчин сайдын яаманд бүртгүүлсэн. Тэднээс 6 нь эх орондоо буцах хүсэлт гаргаад байна. Мьянмарт Монголын Элчин сайдын яам байхгүй тул Тайланд дахь Элчин сайдын яамаар дамжуулан эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ бүртгэж байгаа юм.
Хүсэлт гаргасан иргэдээс тус улсад нөхцөл байдал хурцдаж байгаа тул яаралтай буцах хүсэлтэй нэг гэр бүл байна. Тухайн гэр бүл Мандалай хотод байгаа юм. Ямартай ч бид иргэдтэйгээ холбоотой байгаа.
Эх орондоо буцах хүсэлтэй гэр бүлийг тусгай үүргийн нислэгээр дамжуулан татан авахад анхаарч байна. Хамгийн гол нь тус улс руу чиглэсэн нислэгүүд цуцлагдаад байна. Тус улсаас гарах нислэгүүд цуцлагдаж байгаа ч бид нислэгүүдийн хуваарийн талаарх мэдээллийг өгч байгаа.
-Нөхцөл байдал хүндэрвэл иргэдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?
-Өнөөдрийн байдлаар Гадаад харилцааны яамнаас Мьянмар улсад амьдарч буй иргэдээ бүртгэж, холбоо тогтоосон. Тус улсад олон улсын байгууллагын чиглэлээр ажилладаг, мөн гадаадын иргэдтэй гэр бүл болсон Монгол улсын иргэд амьдарч байгаа. Одоогоор тэд гэрээсээ ажиллах дэглэм мөрдөж байгаа. Бид иргэдийн хүсэлтийг харгалзаж үзээд яаралтай буцах гэр бүлийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан иргэдээ яах вэ гэдгийг тодорхой болгоно.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ