Сү.Батболдын ЗГ-ын үед нэмсэн татварыг Рио Тинто хүлээн зөвшөөрөн төлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

Сү.Батболдын ЗГ-ын үед нэмсэн татварыг Рио Тинто хүлээн зөвшөөрөн төлж эхэллээ

"Оюутолгой" компани өнгөрсөн Пүрэв гаригт Монгол Улсын төрийн санд 230 тэрбум төгрөгийг шилжүүлсэн таатай мэдээг Засгийн газрын эх сурвалжуудаас зарласан. Энэ нь Татварын ерөнхий газраас "Оюутолгой"-д тавьсан татварын акттай холбоотой төлбөр бөгөөд энэ долоо хоногт нэмж 420 тэрбум төгрөгийн төлбөр Төрийн санд шилжүүлэхээр болсон байна.

Лондонгийн Арбитрын шүүх хүртэл сунжирсан уг татварын маргаантай холбоотой асуудлаар У.Хүрэлсүх болон Л.Оюун-Эрдэнэ нарын Засгийн газрууд жил дамнуулан хэлэлцээрийн ширээний ард суусан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд шаардлагатай тохиолдолд Дубайн гэрээг цуцлах саналтай гэсэн байр сууриа айлын талд тууштай тавьсанаа мэдэгдэж байсан. Ийнхүү урт хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд "Оюутолгой" татварын өрийн эхний төлбөрөө төлж эхэллээ.

Энэ үлэмж хэмжээний татварыг Монголын тал нэмж авах боломж нь 2012 онд Сү.Батболдын Засгийн газар Нидерланд, Люксембург зэрэг оронтой байгуулсан давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг УИХ-д өргөн барин цуцлуулсан учраас бүрдсэн. Түүний Засгийн газар аль 1990-ээд онд үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гарган шийдүүлсэн учраас өдгөө "Оюутолгой" манай талаас тавьсан актын дагуу татварын эхний төлбөрөө хийх ёстой болжээ.

Хэдий энэ гэрээнүүдийг 2012 онд цуцалсан ч 2009 онд анх байгуулсан гэрээний дагуу татвар тогтворжуулах заалтаа бариад төлөхгүй гэж "Рио Тинто" марган, Лондонгийн Арбитрт маргаан үүсгэн заргалдаж байгаа болно.

Энэ талаар саяхан Сү.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улсын татварын байгууллагын тавьсан татварын акттай холбоотой маргааныг “Рио Тинто” Лондонгийн Арбитрын шүүхэд үүсгээд явж байгаа. Миний тэргүүлж байсан Засгийн газар олон жилийн өмнө үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гаргаж шийдүүлсэний үр дүнд Монгол Улс үлэмж хэмжээний татвар нэмж авах эрх нь үүссэн байгаа. Цаашид ч уг гэрээг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн байсан.

Ийнхүү сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаад байсан “Сү.Батболд нь "Оюутолгой"-д давуу байдал үүсгэсэн” гэх улс төрийн зорилго бүхий гүтгэлгүүд эхнээсээ үнэнд гүйцэгдэж, харин ч Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газар Оюутолгойн төсөлтэй холбоотой Монгол Улсад ашигтай шийдвэрүүд гаргаж байсан нь хэнд ч ойлгомжтой боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж